Нямбаатар.Х 2016.11.17 | Сайт: Vip76.mn

Х.Нямбаатар: Дэлхийн аль ч улс оронд Бүгд найрамдах засаглалтай болж, тусгаар тогтносон өдрөө тэмдэглэдэг

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

УИХ-ын чуулганы үдээс хойш нэгдсэн хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ. 

Хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үг хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

"Хуулийн төслийг дэмжиж байна. Чуулганы танхимын микрофоныг юу ч хамаагүй ярьдаг хэрэгсэл болгон ашиглах юм. УИХ-ын гишүүн С.Жавхлан хаана, ямар хэлэлцүүлэг хийх гэж байгаа талаараа бидэнд ямар нэгэн ойлголт өгсөнгүй. Шинжлэх ухаанч бус баахан зүйл ярьчихаад гараад явлаа. Гинж, төмөрөөс болоод улс орон хөгжихгүй байна гэж ярилаа.

...Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга бол Монгол Улсад Бүгд найрамдах засаглал бий болсныг тэмдэглэж байгаа тэмдэглэлт баяр. Дэлхийн аль ч улс оронд Бүгд найрамдах засаглалтай болсон, тусгаар тогтносоноо тэмдэглэдэг баяр...

1921-1924 оны хооронд засаг ба засаг бус ван, гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм, тангаргийн гэрээ гэсэн харилцаа, эрх зүйн актуудаар Үндсэн хуульт ёсны харилцааг зохицуулж байгаад 1924 онд Богд хаан насан өөд болж, Монголын төрийн хэлбэр, хэвшилд тодорхой өөрчлөлт орж,  хэмжээгүй эрхт хаант засаглал цаашид оршин тогтноход гадаад нөхцөл байдлын хувьд хүндрэлтэй болсон тул анхны Үндсэн хууль батлагдсан. Тиймээс бид энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ёстой.    

2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх гэж байна. 2017 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг батлахтай холбоотой хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Энэ мэт улс орны нийгэм, эдийн засагтай холбоотой бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд идэвхтэй оролцох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүд нөхөрсгөөр хэлэхэд, хэлж байгаа үгээ бодолтой хэлэх хэрэгтэй. Бичмэл хуультай болсон өдрийг тэмдэглэх гэж байна гэж яриад байх юм. Бичмэл хууль аль эрт батлагдсан.

“Монголын төрт ёсны түүх, түүхэн уламжлал” гээд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцагийн бичсэн ном хүртэл бий. Их засаг хуулиас авхуулаад Юань гүрний нэвтэрхий цааз, Халх журам, 44/2-ын цааз гээд түүхэн уламжлалтай.

Эгшин зуурын чуулганы хуралдааны үеэр олон нийтэд тэр дундаа хүүхэд залууст буруу ойлголт өгч, 1924 оноос өмнөх бичмэл хуулиудыг үгүйсгэж болохгүй.

Эдийн засгийн хямрал, валютын ханшийн өсөлт, төрийн тогтолцооны эвдрэн нурах тогтолцоо зэрэг нь АН-ыг эрх барьж байх үеэс үүдэлтэй. Энэ байдлыг засч, залруулахад маш хүнд болсон.

2015 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргаж, Монгол Улсын төрийн тогтолцоо, төрийн тогтвортой байдалд ноцтой хор аюул заналхийлэл учраад байна. Төрийн албаны халаа, сэлгээг зогсоогооч гэсэн зөвлөмж хүргүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх...” гэсэн зарчмыг уландаа гишгэж, 3 жил гаруй ажилласнаас Монголын төрийн ой санамж алдагдлаа гэсэн зөвлөмжийг АН-ыг эрх барьж байх үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан байдаг.

Валютын ханшийн өсөлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд нэгдсэн нэг байр суурьтай байх ёстой. Гишүүн бүр өөр өөрийн өнгөөр улстөр хийхээ болимоор байна.

Өнгөрсөн 4 жилд 9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний интервенци хийж байж, ам.долларын ханшийг 2100, 2200-д барьж байсан.

Юу үнэн, энэ үнэн. Энэ их хэмжээний интервенци хийж, валютын хомсдолд оруулчихаад энэ асуудлаар улстөрждөг нь туйлын утгагүй.

Ам.долларын ханшийн өсөлтөөс болж, олон аж ахуйн нэгж, иргэдийн эд хөрөнгө, бизнес үнэгүйдэж байна."