Эрдэнэ.С 2016.11.17 | Сайт: Vip76.mn

С.Эрдэнэ: Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлдэг өдөр болгон тэмдэглэхийг хүсч байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

УИХ-ын чуулганы үдээс хойш нэгдсэн хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ. 

Хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

"УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хэлээд байгаагаар би нэг өдөр 28 хүн халаагүй. УИХ-ын гишүүн С.Чинзориг Хөдөлмөрийн сайд байхдаа 28 хүн халж, 28 хүн томилсон байсан тушаалыг хүчингүй болгосон.

Би ямар ч хүн халаагүй. Тодорхой барим нотолгоонд үндэслэн асуудал тавих нь зүйтэй болов уу.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлд хандаж хэлэхэд, та хэвлэл мэдээллийн хүн, хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэдэг хүн гэж боддог. Гэтэл та МҮОНТВ-ийн халдашгүй эрхэд халдаж, маргаан мэтгэлцээнтэй байгаа талуудын нэг талд гарч ажиллаад, түүнийгээ шүүх, хуулийн байгууллагаар шалгуулаагүй байж, шалгуулсан мэтээр зарлаж, хүч хэрэглэсэн төрийн түрэмгийллийг зөвтгөөд сууж байгаа таныг гайхаж байна.

АН-ын дотоод асуудалд МАН-ын анхаарах хэрэггүй. Бид та нартай, та наргүй намын даргаа сонгож чадна. МАН-ын дотоод хэрэгт бид оролцдоггүй.

...Төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаагаа зогсоохыг УИХ дахь АН-ын бүлгээс удаа дараа анхааруулж байна. Хэрэв эдгээр анхааруулга хангалтгүй байгаа бол улс төрийн дараа дараагийн тэмцэлд шилжихэд бэлэн...

Хэт олонхийн түрэмгийллийг хэмжээ, хязгааргүй явуулж болно гэж бодож байвал том эндүүрч байна. Үндсэн хуулиа дээдэлье гэж байгаа бол Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрх чөлөөг хамгаалж, хамгаалахын төлөө бат зогсож, Үндсэн хуулийнхаа зүйл заалт бүрийг ёсчлон биелүүлдэг байх хэрэгтэй. Ингэснээр анхдугаар Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэх эрх зүйн боломж бүрдэнэ.

Үндсэн хуулиа уландаа гишгэчихээд Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг зөрчиж байж анхдугаар Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэнэ гэж байгаад гайхаж байна.

Валютын ханшийн өсөлт, эдийн засгийн хямралыг чуулганы танхимд ярьж, эрх барьж буй олонхоос шийдвэрлэхийг шаардаж байна. УИХ дахь АН-ын бүлгээс шаардлага тавьсаар байх болно.

Анхдугаар Үндсэн хууль батлагдсан өдрийг баяр ёслолын байдалтай тэмдэглэж өнгөрөөд орхих бус хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх, эрх чөлөөг дээдэлдэг зарчмаар тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсч байна."

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn