Тэрбишдагва.Д 2016.11.18 | Сайт: Vip76.mn

Д.Тэрбишдагва: СЗХ хангалттай сайн ажиллаж чадахгүй байна

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.11.18/ хэлэлцсэн нэг асуудал бол Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай байлаа. 

Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва эдгээр орон тооны болон орон тооны бус гишүүдийг идэвх, санаачилгатай сайн ажиллахыг сануулсан юм. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

"Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хүн бүр бүх салбарт ажиллаж буй энгийн ажилчдаас эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн нөөц боломжоо бүрэн дайчилж, тун хариуцлагатай ажиллах цаг болсон. Тиймээс Санхүүгийн Зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүд шинэлэг арга барилаар ажиллах ёстой.

Ирэх долоо хоногийн Мягмар гарагт СЗХ-ноос санхүүгийн зах зээлийн чиглэлээр хийж буй ажлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар сонсох төлөвлөгөөтэй байна.

Эдийн засаг бүх салбарт амаргүй байгаагийн дотор санхүүгийн зах зээл ч багтана. Гэхдээ санхүүгийн зах зээл гэдгийг зөвхөн банкны салбараар хязгаарлаж ойлгоод байдаг. Гэтэл хөрөнгийн зах зээл, даатгал, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд гээд СЗХ-нд харьяалагдах олон чухал институциуд үүнд хамаардаг учраас санхүүгийн зах зээлд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай.

Өнөөдөр орж ирсэн нэр дэвшигчид дунд СЗХ-ны орон тооны нэг гишүүн байна. Орон тооны гишүүн нь СЗХ-ны орлогч дарга гэсэн үг.

Орон тооны гишүүнд нэр дэвшиж буй О.Батбилэг тус хороонд 8 жил ажилласан байна. СЗХ-нд энэ олон жил ажиллаад ямар үр дүн, ямар шинэлэг санаа санаачилга гаргасан гэдгээ эргээд харах хэрэгтэй.

Нэгэнтээ ажиллаж байгаа байгууллагынхаа орон тооны гишүүнээр томилогдлоо гэхэд санхүү, эдийн засгийн амаргүй нөхцөл байдалтай уялдан шинэлэг арга барилаар ажиллах ёстой. Бид шахаж шаардах болно. Хариуцлагатай албан тушаалд томилогдож байгаагийн хувьд маш хариуцлагатай, онцгой анхааралтай ажиллахыг хүсч байна.

Хэд хэдэн зүйлд анхаарах ёстой. Ашигт малтмалын тухай хуульд Стратегийн ач холбогдолтой ордын 10 хувийг хөрөнгийн зах зээлээр арилжаална гэж заасан байдаг. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд СЗХ хангалттай ажиллаж чадахгүй байна. Тиймээс энэ ажилд анхаарах ёстой.

Хөрөнгийн зах зээл зогсонги байдалтай байна. Зогсонги байдлыг арилгах зорилгоор СЗХ-ноос санаачилгатай ажиллаж байгаа гэж ойлгож байна. СЗХ-ноос явуулж буй шинэлэг, санаачилгатай ажлаа УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах хэрэгтэй.

Өнөөдөр эдгээр нэр дэвшигчид СЗХ-ны орон тооны болон орон тооны бус гишүүнээр томилогдлоо гэхэд шууд ажилдаа орно шүү. Өнөөдөр юу хийж байгаа, цаашид ямар дэвшил гаргах талаар тодорхой асуудлыг ирэх долоо хоногийн Мягмар гарагт сонсоно."    

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn