УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2016.11.18

Д.Cумъяабазар: Эдийн засгийн байнгын хорооноос СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Батхишигийг нэр дэвшүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийн өмнө байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар танилцууллаа.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

"УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45,1 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйл, 13 дугаар зүйлийн 13,1 дэх хэсэгт заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус зарим гишүүнд нэр дэвшүүлэх, чөлөөлөх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 11 дүгээр сарын 18-ны хуралдаанаар хэлэлцлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11,2-д заасны дагуу Эдийн засгийн байнгын хороо орон тооны бус гишүүнд нэг хүнийг нэр дэвшүүлдэг.

Энэ дагуу СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Батхишигийг нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн. Б.Батхишиг нь Хасбанкинд мэргэжилтэн, захирал, Хөгжлийн банкинд эрсдлийн удирдлагын менежер, “Эйр Эксперт” ХХК-д гүйцэтгэх захирлын алба хашиж байжээ.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11,2-д заасны дагуу СЗХ-ны орон тооны гишүүнд Хууль зүйн байнгын хорооноос О.Батбилэг, орон тооны бус гишүүнд Монголбанкны Ерөнхийлөгчөөс Б.Баярдавааг тус тус нэр дэвшүүлсэн.

Мөн хуулийн 12 дүгээр зүйлийн 12,1 дэх хэсэгт заасны дагуу тус хорооны орон тооны бус гишүүнд Төсвийн байнгын хорооноос  Л.Энхтайванг улируулан томилохоор нэр дэвшүүлсэнийг Эдийн засгийн байнгын хорооны хүн тус бүрээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан СЗХ-ны орон тооны гишүүний үүрэгт ажлаас Х.Бум-Эрдэнэ, орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас Д.Ганбаяр, Д.Ганбат нарыг тус тус чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсрууллаа."