Оюунхорол.Д 2016.11.18 | Телевиз: TV5

ОТИС-ийн 25 дахь жилийн манлайлагчид тодорлоо

Хувийн хэвшлийн анхны Отгонтэнгэр Их сургууль оюутан залуучуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сурах үйл явцад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2003 оноос эхлэн үүсгэн байгуулагч Д.Оюунхоролын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.

Жил бүрийн оюутны эрхийг хамгаалах олон улсын өдөр зохион байгуулагддаг “Манлайлагч” арга хэмжээнийхээ үеэр хоёр улирал дараалан онц сурсан оюутанд дараа улирлын сургалтын төлбөрийн 25 хувь, дөрвөн улирал дараалан А үнэлгээтэй суралцсан оюутанд 50 хувийн хөнгөлөлт эдлүүлдэг уламжлалтай. Энэхүү арга хэмжээнд тус сургуулийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд, МУ-ын гавъяат багш, доктор /Ph.D/, профессор Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Г. Гантулга нар оролцлоо. 

Арга хэмжээ гурван үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд А үнэлгээтэй суралцаж сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртэх эрх бүхий оюутнуудад эрхийн бичиг гардуулах ёслолын ажиллагаагаар эхлэв. Энэ хичээлийн жилд 25 хувийн тэтгэлэг хүртсэн хоёр оюутан, 50 хувийн тэтгэлэгт 23 оюутан эрхийн бичгээ гардан авлаа.

Мөн амжилттай суралцсан оюутнуудын эцэг эхэд нь сургуулийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн, МУ-ын гавяат багш, доктор, профессор Д.Оюунхоролын талархалын захидлыг илгээх бөгөөд төгссөн ЕБС-д нь оюутнаа алдаршуулах арга хэмжээг зохион байгуулахаар болж байгаа юм байна. Сургууль үүсгэн байгуулагдсан 25 жилийн хугацаанд нийт 1340 оюутанд нэг тэрбум гаруй төгрөгийн мөнгөн тэтгэлгийг олгоод байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан үе үеийн төгсөгчид эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллаж сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн өдгөө ч бидний бахархал болсоор байгаа юм. 

Ёслолын үйл ажиллагааны хамгийн торгон мөч бол “Манлайлагч 2016”-аар шалгарсан оюутнуудаа тодруулах арга хэмжээ байлаа. Манлайлагчдаа таван төрлөөр тодруулдаг бөгөөд оны шилдэгийн шилдэгээр нэг оюутан шалгаруулдаг уламжлалын дагуу энэ жилийн манлайлагчидаа шалгарууллаа.  

Манлайлагч хамт олон. Хамт олны идэвх оролцоо, төлбөрийн болон шалгалтын хоцрогдолгүй байх, урлаг спорт, сурлагын амжилт зэрэг олон үзүүлэлтээр ОТИС-ын 50 гаруй ангиас “Манлайлагч хамт олон-2016” хүндэт өргөмжлөлийн эзнээр Н.Эрдэнэбаяр багштай ОУЭЗ-4, Ц.Өлзийхишиг багштай Англи хэлний багшийн 4б, С.Баярцогт багштай НББ-4б ангиуд бусдыгаа манлайлсан. 

Манлайлагч удирдагч оюутан. Анги хамт олон, оюутан залуусыг удирдан чиглүүлж, үлгэрлэн дагуулах хүндхан албыг нэр төртэй биелүүлж ирсэн оюутнуудаа алдаршуулдаг уламжлалын дагуу ЭЗ-3в Л.Анар-Эрдэнэ, Хятад хэлний орчуулагчийн-4 Д.Уянга, ОУХМ-4 Н.Намуунтөгс нар “Манлайлагч удирдагч” оюутан боллоо.

Урлаг, спортын манлайлагч оюутан. Урлаг спортын онцгой амжилт гарган өөрийнхөө болоод сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн яваа олон арван оюутан бидний дунд бий. Тэднийхээ амжилтаар бахдаж алдаршуулан сурталчлах зорилгоор хоёр жилийн өмнөөс энэ номинацийн эзнийг тодруулдаг болсон билээ. “Урлаг спортын манлайлагч 2016”-ын эзнээр БЭЗ-4а Д.Отгонтөгс, Англи хэлний багш-4 Т.Ариунбат, Санхүү 4б-Б.Нарантуяа нар тодорсон юм.

Манлайлагч судлаач оюутан. Их сургуулийн оюутан байна гэдэг сурах үйл явцаас гадна эрдэм шинжилгээ судалгааны ажилд ч өөрийн гэсэн арга барилтай болсон байх ёстой. Тиймээс ч ОТИС-ийн оюутан залуусынхаа дунд олон арван эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулдаг бөгөөд гадны байгууллагуудын судалгааны ажилд ч оюутнуудаа өргөнөөр оролцуулдаг. Энэ удаагийн “Манлайлагч судлаач оюутан 2016”-аар ОУЭЗ-4б Ц.Долгорсүрэн, Сэтгүүлзүйн-4 М.Дайриймаа, НББ-3б К.Кунсула нар шалгарлаа. 

Манлайлагч тэргүүний оюутан. Үеийн олон нөхдөө сурлага хөдөлмөр, урлаг спорт, судалгаа шинжилгээний ажлаар манлайлан тэргүүлсэн “Манлайлагч тэргүүний оюутан 2016”-ын эздээр ОУЭЗ-4б Ч.Нансалмаа, СӨБ-3 Б.Майнбаяр, НББ-4б Э.Уянга нар тодорлоо. Бүтэн жилийн турш хийсэн бүтээсэн ажил, гаргасан амжилтаараа үе тэнгийн 1500 оюутнаасаа шалгаран манлайлсан тэднээс “ОТИС-ийн шилдэгийн шилдэг оюутан 2016” тодруулсан юм. 

Манлайлагчаар тодорсон олон арван шилдэг оуютнууд дундаас “ОТИС-ын шилдэгийн шилдэг оюутан 2016” хүндэт цом, өргөмжлөлийн эзнээр Нягтлан бодох бүртгэлийн 4 ангийн оюутан Э.Уянга боллоо. 

“Манлайлагч оюутан 2016” арга хэмжээний хүрээнд ОТИС-ын анхны төгсөгчдийн нэрэмжит тэтгэлгийн эзэддээ эрхийн бичиг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. 1995 онд 01 дугаартай анхны дипломыг өвөртлөн төгсөж байсан ОТИС-ын ректор доктор Н.Энхзаяа оюутан залуучуудын сурах идэвх санаачлагыг хөхиүлэн дэмжих зорилгоор энэхүү тэтгэлгийг өнгөрсөн жилээс эхлэн олгож эхэлсэн.

Энэ удаагийн тэтгэлгийн эздээр ХЗС-ийн оюутан Л.Баасандорж, ЭЗБУС-ийн оюутан Т.Багана нар шалгарч тус тус 1,000,000 сая төгрөгийн эрхийн бичиг гардан авлаа. Ирэх жилийн амжилт яг өнөөдрөөс эхэлж байна. Оюутан бүхэнд боломж бий. Түүнийгээ дайчилж хичээж л чадвал амжилтанд хүрдэгийг өнөөдрийн манлайлагчид бидэнд харуулж чадлаа.