Г.Баярсайхан: Шинэчлэл ганц АН-аар хязгаарлагдах ёсгүй
УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан
2016.11.21

Г.Баярсайхан: Шинэчлэл ганц АН-аар хязгаарлагдах ёсгүй

АН-ын ҮЗХ-ны 48 дугаар хурал, ирэх сард хуралдах тус намын Их хурлын талаар УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханы байр суурийг сонирхлоо.

-АН шинэчлэлийн эргэн тойронд өрнөж байгаа үйл явдалд ямар дүгнэлт өгч байгаа вэ?

АН-ын Их хурлаас сонгогдсон эрх дарх бүхий, ард нь намын Их хурлын дэмжлэг байж байдаг, фракциудад “Үгүй” гэж хэлж чаддаг тийм хүн л намыг даргалах хэрэгтэй. Хамгийн гол нь ганц намын шинэчлэлийн асуудал биш юм. Баялгийн хуваарилалт гэж асуудал бас байна. Зөрчил, тэмцэл тэнгэрт тулчихсан ийм нөхцөлд АН-ын шинэчлэлээс гадна Үндсэн хуулийн шинэчлэлт хэрэгтэй.

-Ингэж үзэх болсон үндэслэл нь юу вэ?

Аль нэг нам нь олонх болдог, жишээ нь манай нам л гэхэд олонх болж засаг бариад Ерөнхий сайдаа огцруулдаг, Ерөнхий сайд нь намын дарга байдаг. Энэ тохиолдолд Үндсэн хуулиа шинэчилж байж жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, нэг намын шинэчлэл гэж ярих бус улс төрийн намууд, цаашлаад Үндсэн хуулийн шинэчлэл цогцоор явах ёстой. Тиймээс Ардын нам ч гэсэн энэ асуудалд ач холбогдол өгөх болов уу гэж харж байна.

-Өмнөх Засгийн газарт салбарын сайдаар ажиллаж байсан хүний хувьд Мэргэжлийн Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавьж байгаа вэ?

Шинэчлэлийн болон Шийдлийн Засгийн газар чухал ажлууд эхлүүлж байсан. Товчхон хэлэхэд, энэ Засгийн газар шинэ гойд зүйн санаачилж хийж байгаа юм алга. Бидний хийж байсан ажлын нэрийг нь солиод өөр нэртэйгээр явуулж байна.

Түүнийгээ бид санаачилсан, хийсэн, хэрэгжүүлсэн гэх хаяг, шошго наагаад сурталчилж байна. Ядаж гол зарчмыг нь алдагдуулалгүй явуулаасай гэж хүсэх байна. Үр дүн нь тодорхой байгаа шүү дээ.

Бид эдийн засаг, санхүүгийн маш хүндрэлтэй үед валютын ханшийг барьж чадаж байсан. Цалин, тэтгэврийг ч хуга- цаанд нь өгч болоод л байсан. Гэтэл Ардын нам гарч ирээд валютын ханш хяналтгүй болсон. Ганц энэ ч биш ерөөс эдийн засгийн хяналтаа тавьж туулаа.

-Танай намын удирдлагууд "Манай Фракцгүй боллоо" гэж мэдэгдэл хийдэг, бодит байдалд байж л байдаг шүү дээ. Энэ тохиолдолд яах вэ?

Фракц алга болно гэсэн ойлголт байхгүй юм. Хамгийн гол нь фракциудын эрүүл саруул бодлогын өрсөлдөөнийг зохицуулаад явах нь л чухал. Ямар нэгэн фракцийн шахалтад автдаггүй, АН-ын Их хурлаас сонгогдсон намын дарга байх ёстой. ҮЗХ-ны хурлаас сонгогд- сон намын дарга бол ҮЗХ дээр нөгөө фракциуд нь саналаа багцлаад унагачих учраас чадамжгүй.

-Тэгвэл намын Их хурлын чадамжийг сайжруулахад юу хийх ёстой вэ?

Гишүүдийнх нь тоог олон болгох ёстой. 1000- 5000 байхад болохгүй юм үгүй. Бид бас ҮЗХ-ны гишүүдийнхээ тоог нэмэхэд ч буруудах юм байхгүй.

-Намын үндсэн дүрмийн шинэчлэлийн тухайд та ямар байр суурьтай байгаа вэ. Гол зарчим нь ямар байх ёстой вэ?

Хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Намын дүрэмдээ хариуцлага тооцох, албан тушаалтныг огцруулах асуудлыг нэг мөр болгож хаашаа ч хөдөлбөргүйгээр хийчих ёстой.

-Ямар тохиолдолд хариуцлага тооцох ёстой вэ?

Дотооддоо асуудал нь хуримтлагдаад бугшаад байдаг, ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл болон намын Их хурлаа хуралдуулдаггүй, тэр нь явсаар байгаад том зөрчилд хүргэдэг. Зохих хугацаанд нь хуралдах ёстой цаг үед эдгээр хурлуудыг хуралдуулдаг байх ёстой. Ингээгүй тохиолдолд намын даргыг огцруулах асуудал яригддаг. Энэ л хамгийн чухал болов уу гэж би хувьдаа харж байгаа.

-Дүрмээ шинэчилж байгаад шинэ дүрмээр намын даргыг сонгоно гэж ярьж байна. Тэр, эсвэл энэ АН-ыг авч явж чадна гэдэгт та нэр хэлэх үү?

Нэрлэхэд эрт. Эхлээд дүрмээ шинэчлээд авах хэрэгтэй. Намын дарга болно гэсэн хүн олон байна. Хэлэлцүүлгээр гаргаж ирнэ гэсэн чиглэл байгаа.