Б.Баттөмөр: Энэ “76” дотор тохиолдлын хүн байхгүй
Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр
2016.11.23

Б.Баттөмөр: Энэ “76” дотор тохиолдлын хүн байхгүй

“Vip76.mn” сайт нь парламентын гишүүнээр ажиллах бүрэн эрхийн хугацаандаа ямар асуудалд түлхүү анхаарч ажиллах  талаар УИХ-ын гишүүдтэй цувралаар ярилцах юм. Манай эхний зочин бол УИХ-ын гишүүн, эдийн засгийн ухааны доктор Б.Баттөмөр.

Тэрээр төрийн албанд тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна. Ойн модны аж үйлдвэрийн яам, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хэлтэс, газрын даргаас ажлын гараагаа эхэлсэн Б.Баттөмөр Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын даргын албыг тус тус хашиж байсан юм.

Таныг УИХ-ын гишүүн болсноос хойш 4 сар өнгөрчээ. Энэ хугацаанд УИХ-ын гадна байх, дотор байх хооронд хэр ялгаа ажиглагдав?

Улсын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага. УИХ-ын танхим бол улс орны хөгжлийн мэтгэлцээний талбар байх ёстой. Гэтэл хараахан ийм байж чадахгүй байна.

Юуны түрүүнд бид олонх, цөөнх байж сурах хэрэгтэй. Олонх нь цөөнхөө хүндэлдэг, цөөнх нь олонхийн гаргах шийдвэрийг зөв гэж үзвэл дэмждэг, буруу бол ул үндэслэлтэй тооцоо судалгаатай байр сууриндаа хатуу зогсож, хяналт тавьдаг байх ёстой гэж боддог.

Гэтэл одоо сөрөг хүчин гэхээр л бүх зүйлийг эсэргүүцэх ёстой юм шиг байдал ажиглагдаад байна. Мөн төрийн залгамж чанар гэж үгүй болжээ.

Нэг нам төрийн эрх барихаараа бүх зүйлийг шинээр хийх гэж оролддог. Өмнөх парламент, Засгийн хэрэгжүүлж байсан зөв зүйтэй бодлогыг цааш үргэлжлүүлэхгүй байна. УИХ нь “Монгол Улсаа хөгжүүлье” гэсэн намуудын өрсөлдөөний талбар биш хэсэг бүлэг хүмүүсийн улстөр хийдэг тавцан болжээ. Намуудын талцал бүхий Монголын төрийн тогтолцоог нэн тэргүүнд өөрчлөх хэрэгтэй.

Монголд үүссэн хямрал нь “Төрийн тогтолцооны гажиг, түүнээс үүдэлтэй улстөржилт, улстөржилтөөс үүдэлтэй мэдлэг, чадварын хомсдол, мэдлэг чадварын хомсдолоос үүдэлтэй санхүү эдийн засгийн алдаатай бодлого, сахилга, хариуцлагагүй тогтолцоо” гэж дүгнэж байгаа.

Хямрал, мухардал нь хүний буруутай үйл ажиллагаанаас л болдог. Тиймээс сахилга, хариуцлагын холбогдолтой хуулийг яаралтай гаргах хэрэгтэй. Сахилгагүй хариуцлагагүй этгээдэд Монголын төрийн босго өндөр байх ёстой.

Монголын төрд ажиллаж байгаа л бол хувийн эрх ашгаа хоёрдугаарт тавих ёстой. Өнөөдрийг хүртэл Монгол Улсын том эрх ашиг хувь хүмүүсийн жижиг эрх ашгийн өмнө үргэлж хүчин мөхөсдөж ирлээ. Улс орны болоод хувийн эрх ашгийг зөв эрэмбэлсэн төрийн тогтолцоо бий болгож, хамгийн мэдлэг, чадвартай хүн Монголын төрд ажиллах ёстой.

Улсад их хэмжээний хохирол учруулсан хүмүүс зүгээр л явж байна. Тэр хүмүүс улстөрийн хариуцлагаас гадна хуулийн хариуцлага хүлээх ёстой.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын гадаад өр 24 тэрбум доллар болсон байна. 87 төрийн өмчит үйлдвэрийн 10,5 их наяд төгрөгийн өр, Монгол банкны 5 их наяд төгрөгийн алдагдал, Хөгжлийн банкны хариуцлагагүй, хууль зөрчиж тараасан 3,0 их наяд төгрөг, Засгийн газрын бондын төлбөр гээд гадаад дотоод өрийг тоолоход ч хүнд боллоо.

Их хэмжээний зээл авч, үр ашиггүй зарцуулсан нь хариуцлагагүй үйлдэл. Тиймээс хэний үед ямар өр үүссэн, юунд зарцуулсан гэдгийг нарийн гаргах шаардлага гарч байна.

УИХ-ын гишүүн болсноос хойш энэ 4 сарын хугацаанд хараад байхад Монгол Улс хөрөнгө мөнгө, байгалийн баялаг, хүн амаар дутсангүй. Гол нь Монголын төрд ажиллаж буй хүмүүст тэр дундаа төрийн өндөр дээд албан тушаалтнуудад сахилга, хариуцлага гэж алга. Монголоо гэсэн чин сэтгэл дутаж байна.

Өнөөдөр бид мэргэн бодлого гаргана гэж явахаасаа илүү одоо байгаагаа хулгайлахгүй байх нь чухал байна. Хариуцлагагүй байдлыг бүрмөсөн арилгах хэрэгтэй.

Парламентын гишүүнээр ажиллах энэ 4 жилд та ямар асуудлыг төрийн бодлогод суулгаж, юу хийхийг зорьж байна?

Төрийн тогтолцоог боловсронгуй болгож, Үндсэн хуулийг шинэчлэх ажилд гар бие оролцох хүсэлтэй байна.

Төрийн тогтолцоог боловсронгуй болгосноор засаглалын зөв бүтэц тогтож, хамгийн сайн боловсон хүчин төрд ажиллах нөхцөл бүрдэнэ. Сахилга бат, хариуцлагатай байдал хэвшил болно.

Татварын багц хуулийг өөрчлөх хүсэлтэй байна. Учир нь Монгол Улсын эдийн засаг, хөгжилд шийдвэрлэх гол үүрэг гүйцэтгэдэг зүйл бол татвар. Татварын хууль 7-8 жилийн өмнө батлагдсан байдаг. Төр бизнесменүүдээ татварын бодлогоор дэмжинэ гэсээр одоо 250 орчим төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт Монгол Улсад үйлчилж байна.  

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, нийгмийн халамж гэдгийн цаана дандаа мөнгө шаардаж байдаг. Монгол Улс олж байгаа 5 төгрөг тутмынхаа 4-ийг урсгал зардалд зарцуулж, үлдсэн 1 төгрөгөөрөө өрөө барагдуулж чадахгүй байна. Тиймээс татварын багц хуулийг шинэчлэн боловсруулах шаардлага үүссэн.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй “Гаалын тариф, гаалийн татварын тухай” хууль 2008 онд батлагдсан. Үе үеийн УИХ, Засгийн газар гааль, татварын бодлогоор дэмжинэ гэсээр уг хуулийг цоорхой уут мэт болгочихсон учраас шинэчлэх шаардлагатай байгаа.

Монгол Улсын гааль нь хар тамхи, мансууруулах бодис, худалдааны луйвар, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх замаар үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй байгууллага. Харамсалтай нь татварын байгууллагатай үүрэг, чиглэлийг нь нэг болгочихсон.

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 26 жил болж байгаа ч одоог хүртэл Худалдааны тухай хуульгүй байна. Манай эдийн засагт худалдаа, үйлчилгээний салбар 55 хувийг эзэлдэг боловч уг харилцааг зохицуулах хуульгүй өнөөдрийг хүрлээ.

Худалдааны нэгдсэн бодлогогүй учраас Монголын бараа бүтээгдэхүүнүүд үнэ хүрэхгүй байна. Гадаад худалдааны 50-иас илүү хувийг хувь хүн эрхэлж байна. Энэ нь манайд далд эдийн засаг ямар их байгааг харуулж байна. Тиймээс “Худалдааны тухай” хуулийг батлуулах тал дээр анхаарч ажиллана. Мөн “Төрийн албаны тухай” хуулийг шинэчлэн боловсруулахад гар бие оролцоно.

Монгол Улсын баялгийн менежмент сайтай байх ёстой.

Манай улс нэг хүнд ногдох баялгаараа дэлхийд дээгүүрт ордог ч нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр сүүл мушгиж байна.

Тиймээс баялгийн зөв менежменттэй байж, уул уурхайн гэрээ хэлцлүүд хийхдээ улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавих тал дээр анхаарч ажиллана. Ингэхийн тулд “Ашигт малтмалын тухай” хуульд өөрчлөлт оруулж, Оюу толгойн гэрээг хийхдээ гаргасан алдааг ахиж давтахгүй байхад анхаарна. “Хөрөнгө оруулалтын тухай” хуульд ч өөрчлөлт оруулах шаардлага бий.   

Шинээр бий болсон парламентын гишүүд хэр чадамжтай хүмүүсээс бүрдсэн гэж та бодож байна вэ?

Шинээр бүрдсэн УИХ-ын 76 хүнийг зөв зохион байгуулах нь чухал. Учир нь 76 гишүүний дотор тохиолдлын хүн байхгүй. Бүгд л ард түмний итгэлийг авч сонгогдсон, мэдлэг чадвартай, эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс гэдэгт итгэж байна.

Эдийн засагчдыг эдийн засгийн, хуульчдыг хуулийнх нь чиглэлээр, олон улсын харилцааны мэргэжилтнүүдийг хоёр улс, бүс нутгийн хамтын ажиллагааны гэх зэргээр мэргэшсэн чиглэл бүрээр нь зөв хуваарилан ажиллуулах хэрэгтэй. Энэ 76 хүнийг сайн ажиллуулж, зөв ашиглаж чадвал Монгол Улсын нийгэм, эдийн засагт тодорхой өөрчлөлт гарна гэж бодож байна даа.