Даваасүрэн.Ц 2011.02.24 | Сонин: Өдрийн сонин

Ц.Даваасүрэн: Төсвийн өргөн барьсан хууль ирээдүйгээ сайн харсангүй

Ц.Даваасүрэн: Төсвийн өргөн барьсан хууль ирээдүйгээ сайн харсангүй
УИХ -ын гишүүн Ц.Даваасүрэнтэи ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулганаар.Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж амжилгүй завсарлалаа. Удирдлага санхүүжилтийн хуулийг өөрчлөх, орон нутгийн эрх мэдлийг зохистой хэмжээнд нэмэгдүүлэх гээд хугацаа алдахгүй шийдвэрлэх шаардлагатай олон асуудлууд байсан. Юунаас болж удаашраад байна?


-Төсвийн тухай хуулийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаад өөрчлөх шаардлага үүссэн. Олон шалтгааныг нэрлэж болно. Тухайлбал, 2000 онтой харьцуулахад Улсын төсөв 10 дахин өссөн байна. Энэ хэмжээгээр л шинэ, шинэ асуудлууд гарч ирэх нь тодорхой л доо. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хууль хэрэгжээд арваад жил боллоо. Одоо сайныг нь аваад, амьдралд нийцэхгүй байгаа заалтуудыг нь авч хаях ёстой. Жишээ нь, орон нутгийн төсвийн байгууллагууд болохоор төсвөө өөрөө зарцуулах эрх мэдлийг нэмэгдүүлсэн сайн хууль гэж үнэлдэг бол Засаг дарга нар сургууль, эмнэлгийнхэн захирагдахаа болилоо гэж гомдоллодог. Өөрөөр хэлбэл, өмнө сумандаа хамгийн их төсвийн бололцоотой эдгээр байгууллагуудынхаа төсвийн мөнгийг сумдын дарга нар нь хумсалж машинаа шинэчилж, түлш, шатахуундаа зарцуулдаг байсан нь үнэн л дээ. Манай төсвийн хориод жилийн түүхийг би мэднэ шүү дээ. Иймэрхүү сайн зүйлийг авчирсан нь бодит үнэн. Харин орон нутгийн удирдлагууд тулгамдсан асуудлуудын өмнө санхүү, төсвийн хувьд гар мухарддаг нь бас үнэн юм. Тиймээс орон нутаг дахь салбарын төсвийн байгууллагуудын санхүүгийн эрх мэдэл, бие даасан байдлыг хадгалаад, харин Засаг дарга нарын хүрээнд шийдэх асуудлуудыг тодорхой болгоод түүнд нь тохирсон орлогыг, өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний татварыг орон нутагт нь үлдээх чиглэлээр төсвийн хуульд өөрчлөлт оруулах нь оновчтой болов уу. УИХ, Засгийн газар, Орон нутгийн түвшинд тус тусын хариуцах ажил, үүргүүдийг тодорхой болгоно гэсэн үг л дээ. Өнөөдөр Засаг дарга шийдчих хөдөөд нэг худаг эвдрэхэд л мөнгөгүйгээсээ болоод нөгөө хууль тогтоох, хөгжлийн томоохон асуудал шийдэх үүрэгтэй Их хурлын гишүүндээ тавихад хүрдэг.

-Хуулийн төсөл нь шаардлага хангахгүй байна гэж зарим гишүүд шүүмжилж байна. Үүнтэй санал нийлэх үү?

-Өнөөдөр УИХ-д өргөн баригдсан хуулийн төслүүд шаардлага хангахгүй байх явдал бол гайхах зүйл биш болж. Өргөн баригдсанаасаа огт танигдахгүй хууль болоод гарах ч явдал гарч байна. Би нэг жишээ татъя. УИХ-д өргөн баригдсан 2011 оны төсвийн тухай хуулийг дагаж өргөн баригдсан Тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн шинэчилсэн найруулга байна. Огт танигдахгүй хууль болоод гарсан. Одоогийн Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт гишүүнээр ахлуулсан Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг маш сайн ажиллаж, хууль төрхөд нь оруулсан. Гэхдээ энэ богино хугацаанд ажилласан хуулийн араас асуудлууд гарах нь тодорхой. Суманд 24 цагийн дэлгүүрээр согтууруулах ундаа зарахад 10 сая төгрөгийн хураамж төлнө гэсэн заалт ороод л гарчихсан. Энэ чинь амьдралгүй заалт шүү дээ. Сумын дэлгүүрийн жилийн ашиг бараг ийм байдаг биз. Иймэрхүү олон жишээг дурдаж болно. Төсвийн тухай хуулийн хувьд сайн төсөл гэж хэлж чадахгүй. Өмнө гарч байсан хуулийн зөрчилтэй, амьдралд нийцэхгүй асуудлуудыг шийдэх талаасаа гайгүй хуулийн төсөл. Харин ирээдүйд шинээр гарч ирэх асуудлуудыг сайн тусгаж чад-сангүй. Яамны мэргэжилтний түвшинд хийгдсэн төсөл гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр аль ч яаманд удирдлагын түвшинд нь мэргэжлийн баг ажиллахгүй байна шүү дээ. Би сайд гэдэг хүнийг мэргэжилтнүүдийн оруулж ирсэн саналуудаас аятайхан санагдсанаа сонгодог биш, мэргэжлийн түвшинд шийдэл гаргах ёстой хүн гэж байнга хэлдэг. Нөгөө талаар өнгөрсөн, одоо цагийн салбарын хөгжлийн асуудлуудаа сайн мэдэж байж ирээдүйн асуудлыг зөв тодорхойлж, зөв шийдэл гаргадаг. Түүнээс биш бурхан шиг бүгдийг мэддэг төрнө гэж байхгүй. Үүнийг би амьдралд нийцсэн сайн хуулийн төсөл орж ирэхгүй байгаагийн нэг үндсэн шалтгаан гэж үздэг. Хөгжмийн зохиолч Цэвээнравдан гуай нот бичиж чаддаггүй хүн уралдана гээд зогсож байна гэж зурагтаар ярьж байсан. Ер нь бүх салбарт гажуудал бий болж. Энэ нь даамжирвал манай улсад мэдлэггүйн зуд удахгүй нүүрлэнэ. Үүнээс болгоомжлоод төрөлхийн авьяастай хүүхдүүдээр ирээдүйн удирдагчдаа бэлдье гээд 2011 оны төсөвт дэлхийн 50 шилдэг их сургуульд суралцах хөрөнгийн асуудлыг нь шийдэж өгсөн шүү дээ. боловсрол л биднийг аварна, өөр зам харагдахгүй байна.

-Та төрийн сангийн үйл ажиллагаанд хууль эрх зүйн зохицуулалт дутагдаж байна гэж ярьдаг. Энэ асуудал шийдэгдсэн болов уу. Шийдэгдээгүй бол та энэ хуулийг санаачлах уу?

-Уг нь Сангийн сайд төрийн сангаар бие даасан хууль гаргахгүйгээр Төсвийн тухай хуулийн төсөлд нэг зүйл анги болгоод оруулаад ирнэ гэсэн, байхгүй л байна билээ. Үндсэндээ одоо байгаа зохицуулалтгүй хэвээрээ, банкны үйл ажиллагаа эрхлэхээс хэтрэхгүй юм шиг байна. Уг нь Төрийн сан бол Засгийн газрын санхүүгийн удирдлагыг, тодруулбал, биет болон биет бус хөрөнгийн бүхий л удирдлагыг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр бусад улс орнуудад байгуулагддаг. Тэр чиглэлд хөгжүүлэх ёстой байсан болов уу. Одоо санхүүгийн зах зээлд оролцох нь битгий хэл одоо явуулж байгаа банкны үйл ажиллагаа нь хуулиар бүрэн зохицуулагдаагүй байна.Иймэрхүү салбарын хууль болон татварын хуулийг хувь гишүүн санаачлах нь зохимжгүй байдаг. Тиймээс одоогийн өргөн баригдсан төсөл дээр энэ чиглэлээр ажиллаад үзэхээс өөр зам алга.

-Төсвийн хууль шинэчлэгдсэнээр жил бүр шүүмжлэл дагуулдаг төсвийн төлөвлөлт сайжрах найдвар байна уу?

-Нөгөө шилжилтийн үеийн гал унтраах хэлбэрийн төсөв үргэлжлэх үү л гэсэн асуулт байх л даа. Би үргэлжилж болзошгүй нь гэж хэлэх байна. Хөгжлийн тодорхой бодлого, оновчтой төлөвлөлт боловсруулах чадамжтай бүтэц манай төрд байхгүй учраас сайн төсөв оруулж ирэх үндэслэл байдаггүй юм. Энэ байдал маань задгай, оновчтой шийдэлгүй, эцсийн үр дүнг нь хэлэлцэх боломжгүй төсөв болгочихдог. Төсвийн гүйцэтгэл хэлэлцэхэд яг ямар ахиц хөгжилд, нийгмийн амьдралд гарав гэхэд тодорхой хариулт олдохгүй байх жишээтэй. Тиймээс урд, дунд, хугацааны бодлого, төлөвлөлт боловсруулдаг төрийн бүтэц бий болгож, бодлогын баримт бичгээ хуульчилдаг болохгүй бол улс төр шингэсэн бодлогоор төсвийн хөрөнгө үр ашиг муутай урссаар л байх болов уу. Уг нь төлөвлөлтийн асуудал-тайгаа хамт төсвийн хуулийн асуудлыг уялдуулж шийдсэн бол энэ асуудал нэг мөр шийдэгдэх байсан. Ер нь баримтлах төрийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг нь тодорхой болгож, хуульчилж өгөхгүй бол тэд хичнээн мэрийгээд хөгжлийн бодитой төсөв хийж чадахгүй. Энэ удаагийн Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төлөвлөлтийн асуудал цогцоороо шийдэгдэж чадахгүй болов уу. Ер нь Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг маш сайн ажиллаж байж амьдралд ойртсон хууль гарна байх шүү.

-Засгийн газар татаж ав, дахин сайн боловсруулаад оруулаад ир гэж яагаад болохгүй гэж?

-Үнэнийг хэлэхэд буцлаа гээд сайжирчихна гэдэгт найдахгүй байна. Цаг алдахын нэмэр.Төрийн сангийн үйл ажиллагааны талаар хангалттай зөвлөсөн. Тэглээ гээд сайн төсөл орж ирсэнгүй шүү дээ

-Хөгжлийн банк байгуулахад яагаад эсрэг санал өгсөн бэ?

-Банк байгуулахыг эсэргүүцсэн юм биш. Санхүүгийн эх үүсвэрээ босгох олон арга замуудаас хамгийн муу, өрийн дарамт үүсгэдгийг нь сонгожээ л гэсэн агуулгаар дэмжээгүй. Банкны зээллэгээ өндөр хүүтэй байдаг учраас өрийн дарамтад улс орнуудыг оруулдаг. Олон улсын санхүүгийн зах зээл дээр мөнгө босгох олон арга зам байна. Жишээ нь манай хувийн хэвшлийнхэн хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгож болж байхад яагаад төр мөнгө босгож болохгүй гэж. Харин ч баталгаатай юм биш үү. Мон-гол Улсын өрийн дарамтыг, тухайлбал, нийт өрийг дотоодын нийт бүтээгдэхүүн, төсвийн орлого, зарлага, экспортын орлоготой харьцуулсан долоон үзүүлэлтээр тооцдог. Мэргэжлийн хүний хувьд тав, арван жилийн дараа эдгээр үзүүлэлтүүд ямар байх юм бэ гэдгийг би асууж, сануулах үүрэгтэй л дээ. Тийм мэдээллээр хангаагүй учраас эсрэг санал өгөхөөс өөр арга зам байсангүй. Түүнээс биш хийгдэх гэж байгаа төмөр зам, дэд бүтцийн ажил, банк байгуулахыг эсэргүүцсэн юм биш. Ер нь бид аливаа асуудлыг шийдэхдээ судалгаа, шинжилгээ хийдэг хандлагад шил жих хэрэгтэй. Эдийн засгийн цар хүрээ тэлэх хэмжээгээр ийм шаардлага үүснэ.

-Эцэст нь нэг зүйл тодруулъя. Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Д. Балдан-Очир та дөрөв намын даргадаа ил захидал илгээж нэлээд шуугиан тарьсан. Харинямар хариу авсан бэ?

-Бид намын удирдлагуудтайгаа уулзсан. Намын эв нэгдэл, уул уурхайн асуудлаар ойлголцож, ажил хэрэгч байдлаар хандахаар тохирсон. Өөрөөр хэлбэл, хэрэлдэж муудалцаж, гэрээ шатаачхаж дөхсөний эцэст нь тэврэлцэж rap барихдаа биш нам гэдэг гэрээ өнгөтэй өөдтэй авч, явж улс төрд амжилтад хүргэх нь бидний нэгдмэл зорилго шүү гэж. Сайн зүйлийг нь дэмжээд, болохгүй зүйл дээр иргэд, сонгогчдынхоо байр сууриа илэрхийлнэ гэдгээ хэлсэн. Өнөөдөр зарим талаар манайхан улс төрийн хувьд санаачилга авч яваа.Тухайлбал, манайхан ард түмнээ сонсъё, хорин жилийн хөгжлөө дүгнэж, ирээдүйгээ төсөөлье гэвэл нөгөө нөхөд бас иргэдээ сонсоно, "Монгол хүн-2020" хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд араас хөөсөн улс төр хийж байгаа нь үнэн. Энэ бол зөв. Иймэрхүү зүйлийг бол дэмжсэн шиг дэмжинэ,Алдсан зүйл бас байна. Түүнийг газар авахуулж болохгүй.Ардчилсан нийгэмд амьдарч байгаа хойно түүний зарчмуудад хүндэтгэлтэй хандаж байж ард түмний итгэлийг хүлээнэ. Асуудалд янз бүрийн өнцгөөс хандахад хүндэтгэлтэй хандаж сурч байж улс төрийн нам ардчилсан нийгэмд удаан оршин тогтоно. Ер нь миний хувьд ямар нэг ашиг сонирхолд хөтлөгдөж, өөрийнхөө бөөцийлж, нутгийнхныхаа итгэлийг хөсөрдүүлэхгүй УИХ-ын гишүүнээр би насан турш байх биш. Харин төрсөн нутагтайгаа насан туршдаа холбогдоно. Иймд буцаад очих нутагтаа нэр бүтэн үлдэнэ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.