Ч.Улаан: Би зургаан Засгийн газарт ажиллаж сайн, мууг нь үүрч их л нүгэл хураасан хүн
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2016.11.23

Ч.Улаан: Би зургаан Засгийн газарт ажиллаж сайн, мууг нь үүрч их л нүгэл хураасан хүн

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-УИХ саяхан 2017 оны улсын төсвийг баталлаа. Бүсээ чангална, танана гэсэн мөртлөө сайдуудын багц багассангүй, халамж үйлчилгээ буурсангүй зэргээр шүүмжлэх гишүүд ч байсан. Та хэрхэн дүгнэж байна вэ?

Яахав байдаг л төсөв. Сайхан болгочихлоо гээд хөөрөөд байх явдал байхгүй. УИХ дээр авчраад сайжруулчихлаа гэж би хувьдаа бодохгүй байна. Ер нь төсвийг УИХ дээр сайжруулна гэдэгт би итгэдэггүй хүн. Төсвийг гол нь өнөөгийн бий болсон хямралтай байдлыг энэ жил давж чаддаггүй юм гэхэд цаашдаа энэ хямралаас гарах тэр арга замуудыг суулгаж чадсан эсэхээр л өнөөдөр үнэлмээр санагдаад байгаа юм. Бүгдээрээ хямралгай, хүнд байна гээд байна. Гэтэл яг төсөв дээр очихоороо үүнийг хэр бодитой мэдэрч байна. Би хувьдаа сайн мэдэхгүй байна гэж бодож байгаа.

Жаргалын удаан зовлонгийн түргэн гэдэг биз дээ, Энэ зовлонгоос хурдан гарахын тулд эдийн засгаа эрүүлжүүлэх алхмуудыг л төсвөөрөө хийж өгөх ёстой байсан. Харамсалтай нь тэгж чадаагүй. Тийм учраас одоо энэ баталсан төсвөө яаж хэрэгжүүлэхийг л анхаарах хэрэгтэй байх. Ямар ч байсан нэгэнт батлагдсан төсвөө хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах хэрэгтэй. Зүгээр урсгалаараа хэрэгжихгүй төсөв. Цаг наргүй  ажиллаж байж хэрэгжинэ. Ганцхан жишээ хэлэх үү.

-За.

Төсвийн орлого хүрэлцэхгүй байгаа болохоор өмч хувьчлалаас 160 тэрбум төгрөг оруулна гэж төсөв баталж байна шүү дээ. Одоо энэ төлөвлөсөн обьектоо хувьчлах ажлаа шуурхай хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол ирэх онд үүнийгээ оруулж чадахгүй болоод л тасрана. 2016 онд яасан билээ. 2015 онд орлого хүрэлцэхгүй байна 170 тэрбум төгрөг оруулна гэж төсөв батлаад одоо хоёр тэрбумтай л сууж байгаа шүү дээ.

Эдийн засгийн үзүүлэлтийн талаас нь аваад үзвэл өнөөгийн хямралын дүр зураг суусан төсөв шүү дээ. 9.1. хувийн алдагдалтай төсөв бид өмнө нь баталж байгаагүй. Дээр нь хоёр наяд гарчихсан энэ хэмжээний алдагдалтай байгаагүй шүү дээ. Тэгэхээр сайн сайхан төсөв болчихсон гэж ярих учиргүй. Харин хямралаас гарах алхмыг харин өөртөө агуулж шингээж чадсан уу гэдгийг л олж харж дүгнэж хийх нь зүйтэй байх.

-Та тэгвэл хямралаас гарах шинжийг агуулж чадсан гэж үзэж байна уу?

Би бас л эргэлзэж байна.

“БАРИМТ БИЧИГТЭЙ ЗУУРАЛДСААР БАЙТАЛ ХАГАС ЖИЛ ӨНГӨРЧИХЛӨӨ”
-МАН бүлгийнхээ хуралдаанаар “Эдийн засгийн хямралыг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийг ярилцлаа. Өмнө нь Эдийн засгийн байнгын хороогоор оруулж ирэхэд засах шаардлагатай гэж үзээд ажлын хэсэг гаргаж байсан. Хөтөлбөр хэр боломжийн болсон байна?

Анх удаа гарч байгаа хөтөлбөр биш л дээ. Энэ бол надтай тохиолдсон эдийн засгийн хүндрэл, хямралаас гарах дөрөв дэх хөтөлбөр. Яахав энэ дотор олон арга хэмжээ байгаа. Гол зангилаа асуудалдаа л анхаарал хандуулаасай гэж би хувьдаа бодож байна.

Саяхан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр баталсан. Хөтөлбөр батлаад бараг хэрэгжиж эхлээгүй шахам байхад нь дахиад түүнээс бараг дутахгүй хэмжээний том хөтөлбөр батална гээд суувал энэ цаг хугацаа алдсан асуудал болж байгаа биз дээ. Би энэ “Эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга замуудыг тодорхой зааж, механизмуудыг бий болгосон төлөвлөгөө байх ёстой гэж л харсан юм.

Харамсалтай нь энэ тийм биш байна. Зорилгоос дахиад зорилт дэвшүүлчихлээ. Тэгээд нөгөөдхийнхөө зорилтоо хэрэгжүүлэх гээд дахиад ажиллах нь байна шүү дээ. Засгийн газар мөрийн хөтөлбөрөө батлуулчихсан. Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх төлөвлөгөө гэж салбар бүрээр дэлгэрэнгүй том төлөвлөгөө гардаг юм. Дээрээс нь эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө гээд дахиад бас том юм гарах нь байна шүү дээ.

Ингээд бид чинь бодлогын баримт бичигтэй ноцолдсоор байтал хагас жил яваад өглөө гэдэг дээр би шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Эдийн засгийн хямралаас гарах арга замуудыг мөрийн хөтөлбөр дотроо суулгачихсан шүү дээ. Эхний хоёр жил нь эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг даван туулах онцгой арга хэмжээ авна гэж байгаа шүү. Дараа нь эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Тэгэхээр Засгийн газрын хөтөлбөр дотор байгаа энэ ерөнхий бодлогоо л хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Та Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан байсан?

Асуулга тавьчихсан байгаа. Энэ долоо хоногт хэлэлцэнэ гэсэн. Хэлэлцэгдэхгүй юм шиг байна. Магадгүй тав дахь өдөр чинь ажлын биш амралтын өдөр болчих гээд байна шүү дээ. Тэгээд дараагийн долоо хоног болох юм байлгүй. Уг нь энэ эдийн засгийн хүндрэлийг давах арга хэмжээтэйгээ уялдаж яригдвал их үр өгөөжтэй л байгаа юм.

Тэгэхээр бид бодлого цаас гаргахад их цаг алдаж байна. Зорилтоос зорилт дэвшүүлээд л батлаад байх юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төсвийн алдагдлаа багасгана, үзүүлэлтээ сайжруулна гээд биччихсэн. Одоо Эдийн засгийн хүндрэлийг давах арга хэмжээнд үндэсний хэмнэлтийн горимтой хөтөлбөр гаргаж хэрэгжүүлнэ гээд байгаа.

Хөтөлбөр нь гараагүй. Дараа нь үндэсний хэмнэлтийн хөтөлбөр батална гээд дахиад ярих нь. Энэ чинь одоо бодлого ярьсаар байгаад хамаг цагаа алдах нь байна шүү дээ. Тийм учраас бодитой ажлаа шуурхай хиймээр байна.

-Хамгийн түрүүнд тэгвэл ямар ажил хийх вэ?

Батлагдсан төсөв, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажлыг шуурхай хөөцөлдмөөр байна. Валютын хуулинд өөрчлөлт оруулна гээд төлөвлөгөөнд бичиж байна. Хамгийн энгийнээр Монгол валютын хомсдолтой болчихлоо. Ханш өсөөд байна, гаднаас валют оруулж ирэх хэрэгтэй л гэж байгаа биз дээ.

Тэгвэл үүн рүү чиглүүлээд валютынхаа хуулинд маш тодорхой заалтыг одоо хийчихье л дээ. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бий болсон бараа үйлчилгээг борлуулсны бүх орлого Монголын санхүүгийн системээр дамждаг болно гээд валютын хуулиндаа хийчих л дээ.

-Тэгвэл Оюутолгой бас үүнд хамрагдаж таарна?

Оюутолгойн бүх гүйлгээ Монголын санхүүгийн системээр дамжина гэсэн үг шүү дээ. Өнөөдөр ямар байдал үүсээд байна. “Рио Тинто” Оюутолгойн хоёрдугаар ээлжийг хэрэгжүүлэхэд зориулж, дуулиан болж байж 4.4 тэрбум ам.долларын зээл 16 банкнаас авчихсан. Одоо энэ мөнгө хаана байгаа юм. Энэ мөнгө “Рио Тинто”- гийн дансанд байгаа. Гэхдээ 4.4 тэрбум доллараас 300 сая долларыг нь ийм зээл авахад зарцуулсан арга хэмжээний санхүүжилт гээд “Рио Тинто” өөрөө суутгаад авчихаж байгаа.

Цаана нь 4.1 тэрбум доллар “Рио Тинто”- гийн дансанд үлдэж байна. Тэндээс бага багаар манай Оюутолгой руу өгнө. Өгөх болгондоо үйлчилгээний хөлс суутгаж авна. Тэгвэл түүнийг Оюутолгойтойгоо ярьж байгаад яагаад Монголд байршуулж болохгүй байгаа юм. Монголын валютын нөөц өснө. Ийм зохицуулалтыг түргэхэн шиг хийгээд өгөх хэрэгтэй биз дээ.

-Анхнаасаа гэрээгээрээ зохицуулаагүй учраас ийм байдаг юм биш үү. Яриад байдаг атлаа ажил хэрэг болдоггүй?

Ярихгүй, хөөцөлдөхгүй байвал ямар ч ажил бүтэхгүй шүү дээ. Дубайн гэрээнээс эхлээд бид хөөцөлдөөд байсан юм чинь энэ шүү дээ. Монголын нэрээр авчихсан дөрвөн тэрбум доллар тэнд хүний дансанд байж байдаг. Монголд тэр мөнгө байсан бол Монгол Улсын валютын нөөц өнөөдөр дөрвөн тэрбум ам.доллар байх байсан. Тэр хэмжээгээр энэ эдийн засгийн баталгаа, рейтинг өндөр байна шүү. дээ. Тэгэхээр ийм асуудлуудаа барьж аваад нэг нэгээр нь шийдэх ёстой юм.

-“Стэнд бай” хөтөлбөрийг авснаар санхүүгийн сахилга батгай болно гээд яриад байна. Таны хувьд үүнд ямар бодолтой байна вэ?

Манай бараг бүх гишүүд ярьсан байна лээ.

-Та гурван удаа Сангийн сайд хийсэн хүн. Тиймээс таны үг илүү сонин байна?

Би 25 жил ОУВС-тай ажиллаж байгаа хүн. Миний байр суурь маш тодорхой. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөртэй болох ёстой. Би бүр энэ асуудлыг 2012 оноос хойш тавьж хөөцөлдөж байгаа. Тэгээд ерөөсөө шийдэгдэхгүй байгаа. Банкуудын рейтинг, Монгол Улсын рейтинг уначихсан энэ үед бидэнд хэн итгэх юм. Ийм үед бол ОУВС-гийн хөтөлбөр нэн чухал. ОУВС-гийн хөтөлбөртэй болсноор гурван үр дүн гарна.

Нэгдүгээрт, өнөөгийн хямралт байдлаас гарах бодлого тодорхой болно. Зөвхөн бодлого тодорхой болох төдийгүй дэлхийн жишигт нийцсэн бодлого гарна. ОУВС дэлхий 200 гаруй улсыг өөртөө нэгтгэсэн дэлхийн том байгууллага шүү дээ. Олон улсын үйл ажиллагаанаасаа асар их туршлага хуримтлуулсан.

Ингээд тэдэнтэй хамтраад бид Монгол орныхоо нөхцөлд тохируулсан эдийн засаг, санхүүгийн хямралаас гарах бодлоготой болно. Хоёрдугаарт, бодлогоо хэрэгжүүлэх сахилгатай болно. ОУВС хамтарч бодлогоо гаргана. Үнэхээр хямралаас гарах бодлогыг л тэд бидэнд зөвлөнө. Бодлогоо тохирчихвол энэ бодлогыг хэрэгжүүлэхэд чинь бид санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж байгаа.

Бодлоготой болсны дараа ОУВС тохирсон бодлогоо хэрэгжүүл гэдэг ийм л нөхцөл тавина. Үүнийг дагаад манайд бодлого хэрэгжүүлдэг сахилга бий болно. Хагас жил тутамд үнэлнэ, хяналт шалгалт хийнэ. Гуравдугаарт, ОУВС-гийн хөтөлбөртэй болсноор Монгол Улс хямралаас гарах зөв бодлоготой, хямралаасаа гарах бололцоотой улс гэдэг мессеж дэлхий дахинд очно. Энэ хэрээр манай зэрэглэл өснө. Тийм учраас бид ОУВС-гийн хөтөлбөрт орох асуудлыг хугацаа алдалгүй түргэн шийдэх ёстой. Сонгуулиас хойш зургаан сар алдчихлаа. Үүнд би харамсаад байгаа юм.

-Илүү хурдан хийх боломжтой байсан хэрэг үү?

Байлгүй яах вэ.

-Угаасаа хэлэлцээ ийм хугацаанд явдаг юм биш үү?

Хэлэлцээ эхлээгүй шүү дээ. ОУВС Монгол Улсын байдалтай танилцсан. Тэрний хажуугаар ер нь Монголын Засгийн газар бидэнтэй хамтарсан хөтөлбөр боловсруулъя гэсэн санал тавих нь уу гэж ирсэн. Манайх хамтарч ажиллая гэж санал тавиагүй.

-Санал тавьчихаад ОУВС-гийн хариуг хүлээж байгаа юм байх гэж бодсон шүү дээ?

Санал тавиагүй. Санал тавих уу, үгүй юу гэдгээ шийдэж чадахгүй байгаа.

-Яагаад?

ОУВС-гийн хөтөлбөртэй болох санал тавьчихвал бүх эрх чөлөө хаагдана. Дураараа дургиж болохгүй болчихно гэж зарим хүн боддог шиг байгаа юм.

-Тийм байр суурь илэрхийлж байсан хүмүүс бий?

Зөндөө      байгаа. Тэр улсууд чинь мэдээд байна шүү дээ. Гэтэл өөр ямар ч ойрын гарц алга. Хоног хугацаа алдаж байгаа нь бидэнд маш хохиролтой тусна. ОУВС өөрийн гэсэн маш тодорхой дотоод журам, дүрэмтэй байгууллага. Монголын тал хөтөлбөртэй болъё, хамтарч ажиллая гээд санал тавьчихвал хөтөлбөрөө боловсруулж эхэлнэ.

Санал тавиагүй учраас одоо хөтөлбөр боловсрогдож эхлээгүй. Д.Хаянхярваа. Б.Жавхлан гээд гурван нөхөр сууж байгаад хэвлэлийн хурал хийсэн байна лээ. Би гадаадад эмчилгээнд явж байхдаа интернэтээр харж байсан. “Монгол Улсын Засгийн газар санал тавибал валютын сан хүлээж авахад бэлэн байгаа юм байна лээ” гэж хэлсэн шүү дээ. Санал тавиагүй байгаа биз дээ.

Ингэж хугацаа алдаж байгаа нь ерөөсөө юмаа мэдэхгүй байгаатай холбоотой. Арга замаа олж харахгүй байна. Мөн Засгийн газар өөрөө зоригтой, шийдвэртэй, үүрэг хариуцлагаа үүрээд шийдвэр гаргаж ажиллахгүй байгаа. Зүгээр нэг юм оруулаад УИХ руу хаячихдаг. УИХ тэрийг нь тал талаас зулгаагаад танихгүй юм болгоод буцаагаад өгчихдөг байдалтай байна.

“УИХ БОДЛОГО САЙЖРУУЛДАГГҮЙ ЮМ”
-Засгийн газраас оруулсан  саналуудыг МАН бүлэг дээрээ л буцаачихаж байна шүү дээ. Жишээ нь Татварын өөрчлөлтүүд байна. Уг нь тансаг хэрэглээ, алт, архины татварыг буцаахгүй байж болох ч улс төрийн шийдвэр гаргалаа гээд л буцаачихсан. Засгийн ажлыг УИХ нь хийлгэхгүй байгаа юм биш үү. Тэгээд Засгийн газар зоригтой ажилласангүй гээд байдаг?

УИХ дээр бодлогыг сайжруулдаггүй юм гэж дээр хэлсэн шүү дээ. УИХ өөрөө улс төрийн байгууллага. Тойргоос сонгогдсон гишүүдтэй. Өөр өөрсдийн тойргийн хувийн ашиг сонирхолтой. Муу хэлбэл жалга, довын ашиг сонирхолтой. Улс орны ашиг сонирхол чинь өөр л дөө. Тэрийг Засгийн газар хамгаалдаг юм.

Гэтэл Засгийн газар юмаа оруулчихаад өөрөө хамгаалахгүй дунд нь хаячихдаг. УИХ тал талаас нь үзэж байгаад заримыг нь бүр буцааж байна. Ингэж болдоггүй юм. Засгийн газрыг итгээд байгуулсан. Мөрийн хөтөлбөрийг батлаад өгчихсөн бол одоо УИХ түүнийг хэрэгжүүлэх боломжийг л бүрдүүлж өгөх ёстой.

Гэтэл “Ингээд хямралаас гарах хөтөлбөр орж ирсэн үүнийг нэлээд өөрчлөх ажлын хэсэг байгууллаа” гээд яриад байх. Засгийн газар өөрөө хариуцлагаа хүлээгээд бодлогоо оруулчихаад байна шүү дээ.

Бид энэ бодлогыг хэрэгжүүлбэл хямралаас гарч чадна гээд байна. Тэгвэл итгэж байгаа юм бол түүнийг нь хэрэгжүүлүүл л дээ. Тэгэхгүй баахан редакцийн өөрчлөлт хийгээд танихгүй болгоод буцаагаад Засгийн газарт өгчихдөг. Сүүлд нь хэн түүнд чинь хариуцлага хүлээх юм.

-Та ер нь Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

Засгийн газар сул байна. Юмаа хамгаалахгүй байна. Энэ буруу. Өөрсдөө асуудлаа боловсруулаад итгэл үнэмшил болсон бол түүнийгээ хамгаалаад зогсдог байх ёстой. Манайд өнөөдөр бүгдийн санаанд таарсан юм хийх гээд байх юм. Тийм юм байдаггүй юм.

Төсвийг УИХ сайжруулж чадахгүй. Яагаад гэвэл Засгийн газар баланс, тэнцвэрийг нь бариад улсын хэмжээгээр харж байгаад боочихдог. Түүнийг энд, тэндээс нь ийш, тийш нь зулгаагаад хаячихаар уялдахгүй. Тийм учраас төсвийг УИХ дээр сайжруулсан гэдэг ойлголт байхгүй. Дээрээс нь Засгийн газар ийм итгэл үнэмшил муутай ажиллаж байна. Та нар бод. Манай Үндсэн хуулинд ийм нэг механизм бий.

Засгийн газар итгэлээ хүлээгээд үүрэг даалгавраа авсан бол түүнийхээ хариуцлагыг хүлээгээд ажилладаг байх ёстой. Тэгж чадахгүй бол Засгийн газартаа итгэж байна уу, үгүй юу гэдэг асуудал тавих ёстой. Манай түүхэнд нэг удаа Д.Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед гарч байсан. Д.Бямбасүрэн гуай “Бидний оруулсан бодлогыг дэмжихгүй унагаагаад байгаа юм байна. Засгийн газартаа итгэж байна уу, үгүй юу. Хэрвээ итгээгүй бол Засгийн газар огцоръё” гэсэн. Тэгээд Бага хурал дээр шийдвэр гараад Засгийн газарт итгэж байна, та нар бодлогоо хэрэгжүүл гэсэн. Бодлого дээр ингэж зогсдог байхгүй юу. Тэгж байж хариуцлагаа хүлээх ёстой шүү дээ

-Нэг нам их олон суудалтай болоод бүх юмаа бүрдүүлчихээр ийм зовлонтой байдаг юм болов уу?

Нэг нам цул байх тусмаа уг нь нягт байх ёстой. УИХ дээр ороод юмаа задалж байх биш орохын өмнө бодлогоо тохироод Засгийн газар ингэж үзэж байгаа. Үүнээс өөр арга зам байхгүй гээд орох ёстой. Тэгж чадахгүй байгаагаас болоод ингэж байгаа юм. Хоёрдугаарт, Засгийн газар маань өөрөө асуудлаа итгэл үнэмшил болгож, боловсруулж, түүнийхээ төлөө бат зогсож хамгаалахгүй байна. Оруулаад л орхичихдог, сайд нь хуралдаа ирдэггүй, хэдэн гишүүд ажлын хэсэг гаргаад өөрчилж зүс нь танигдахгүй юм болгоод өгчихөж байна.

-Та МАХН 72 суудалтай байхад УИХ-ын гишүүн байсан. Одоо 65 суудалтай болчихлоо. Энэ хоёр парламентын үйл ажиллагаа хоорондоо хэр ялгаатай байна вэ?

Дэвшил байгаа. Шүүмжилмээр ч юм байна. Би зургаан Засгийн газарт ажилласан хүн шүү дээ. Сайн, мууг нь үүрч их л нүгэл хураасан хүн. Эргээд харахад бол анхаарах асуудал байна. Би 72 гишүүнтэй байхад би сайд байлаа. Тэгэхэд Засгийн газар бодлого дээрээ хатуу зогсдог, хамгаалдаг байсан. Түүх эргээд хараарай. Ч.Улаан сайд “азаргалж” байна гэж хүртэл сонин дээр намайг бичдэг байсан юм.

“САНГИЙН САЙД ЭХЛЭЭД ХӨЛД, ХЭЛД ОРОГ. ДАРАА НЬ ДҮГНЭЕ”
-Та одоогийн Сангийн сайдыг хэр дүгнэж байна. Их л шүүмжлэл түүн рүү чиглүүлэх юм. Одоо яригдаад байгаа гол асуудлуудыг Сангийн сайд л базаж “азаргалах” ёстой биз дээ? -Ер нь бол эдийн засгийн гал тогоог барьж байдаг хүн чинь Сангийн сайд юм. Сайн, муу нэрийг нь дуулж, байх байхгүйн зовлонг нь тэнцүүлж, хүргэх хүргэхгүйн зовлонг үүрч явдаг хүн чинь Сангийн сайд. Сангийн сайд дэлхий дээр хамгийн найзгүй сайд байдаг. Найраагүй сайд байх ёстой. Яагаад гэвэл зөвхөн ажил боддог л байх ёстой. Өнөөдрийн сайдыг дүгнэхэд цаг хугацааны хувьд хагас жил өнгөрчихөөд байна. Гэхдээ яг бодитой дүгнэе гэхээр бас болоогүй байна. Хөлд орог, хэлд орог тэгэхээр нь дүгнэе дээ. -Өнөөгийн хямралыг өнгөрсөн дөрвөн жилтэй их холбож ярих юмаа. Та өнгөрсөн жилийн хоёр жилд нь Сангийн сайд хийсэн. Одоо Ардчилсан намынхан хүртэл “Танай Ч.Улаан чинь манай Сангийн сайд байсан" гэж ярьдаг?

Их л урт түүх болно. Гэхдээ яахав, Чингис бондоос л эхэлье. Чингис бондоор зөвхөн бүтээн байгуулалт, хөгжлийн хөрөнгө оруулалт  хийх гэж босгосон юм. Бүр УИХ-аас тогтоол гаргаж Чингис бондьн хөрөнгийг төсвийн цоорхой нөхөхөд ашиглахгүй, нийгмийн халамжид тараахгүй, зөвхөн хөрөнгө оруулалтад ашиглана гэж хууль гаргаж байгаад босгосон. Чингис бонд сайн бонд. Өнөөдөр хүсээд мөрөөдөөд олдохгүй бонд шүү дээ. Арван жилийн хугацаатай зээл нь жилийн 5.1 хувийн хүүтэй.

-Одоогийн УИХ-ын гишүүд болохоор арилжааны өндөр хүүтэй бонд гээд байгаа. Тэгээд 20 жилийн хугацаатай хоёр хувийн хүүтэй хөгжлийн зээл авах ёстой гэж байна. Чингис бонд ер нь алдаа байсан л гэж байгаа?

Чингис бонд алдаа биш. Бонд босгосон нь алдаа биш. Мөнгөгүй байгаа улсууд мөнгөтэй болсон нь алдаа биш. Харин бий болгосон мөнгийг үр дүнтэй ашиглаж чадаагүй нь алдаа. Хичнээн сайхан юм хийх гээд модоо барьсан гуйлгачин зовлон тоочоод сууж байх байсан шүү дээ. Гэтэл мөнгө олоод ирлээ.

Тэгээд түүнийгээ сайхан ашиглана гэж бодож байсан чинь яасан. Ерөөсөө олж ирсэн өдрөөс эхлээд Чингис бонд руу дайрч эхэлсэн. Тэр үед сөрөг хүчин байсан одоо олонх байгаа улс төрийн хүчин ч дайрсан. Дээрээс нь Чингис бондын ашиглалт дундуур бас буруу, зөрүү юм гарсан. Гэхдээ Чингис бондын зарцуулалт Сангийн яамаар яваагүй шүү. Яагаад гэвэл Сангийн яам, улсын төсвийн хөрөнгөөс гадуур зарах байсан юм.

Ингээд уг нь бол анхан бид бодлого гаргахдаа эхний төслүүд нь гурваас дөрвөн жилийн дотор хэрэгжээд үр дүнгээ өгч эхэлнэ. Тэр үед бол 2017 оны төлбөрийн эхний ээлж хийгдэнэ. Дараагийнх нь бол арван жилийн дараа хийгдэнэ. Ер нь бол Чингис бондын эх үүсвэрээр хийсэн хөрөнгө оруулалтын үр ашгаас зээлийн эргэн төлөлтийг хийнэ гэж тооцсон. Ингээд төслөө ангилж байгаад нэлээд өндөр шалгууртайгаар өгч эхэлсэн юм. Хэрэгжилтийнхээ явц дунд гажуудсан.

-Чингис бондын эргэн төлөлт одоо яг яригдаж байна. Гэтэл Чингис бондын хөрөнгийг зам, дэд бүтэц рүү орсон. Яаж хөрөнгө оруулалтын үр ашгаас эргэн төлөхөөр тооцож байсан юм бол?

Цементийн үйлдвэр барьсан. Зэс хайлуулах, нефт боловсруулах үйлдвэр барих гэж байсан биз дээ. Харамсалтай нь бариагүй. Бэлэн болчихсон төслүүд байсан шүү дээ. Энэ төслүүд маань явсан бол өнөөдөр үр өгөөжөө өгөөд сууж байх байсан. Харамсалтай нь энэ төслүүд яваагүй. Үүнээсээ болоод Чингис бонд маань өнөөдөр эргээд өрийн дарамт болчихсон. Явц дунд нь буруу, зөв ашигласан юм байна.

-Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкаар дамжуулаад зарцуулсан. Одоо хүмүүс нь шалгагдаад явж байна л даа. Та тухайн үед Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулахад ямар байр суурьтай байсан бэ. Хүмүүс олон салаа төсөвтэй болсон нь алдаа байсан гэж шүүмжилж байгаа?

Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан нь алдаа байгаагүй. Би бол эдийн засгийн бодлогыг тодорхойлдог төрийн захиргааны төв байгууллагатай байхын төлөө өөрийнхөө ухамсартай бүх амьдралыг зориулж яваа хүн. Монгол Улсынхаа хөгжлийн түүхийг аваад үз. Бодлого тодорхой, зохион байгуулалт, уялдаа сайн байсан үед хөгжиж байсан.

Шүүмжлээд байгаа хуучин захиргаадалтын үеийг аваад үзээрэй. Тэр үед Улсын төлөвлөгөөний комисс гэж эдийн засгийн төв байгууллага байсан. Бага засгийн газар гэдэг байлаа. Тэнд эдийн засгийн бодлогыг тодорхойлж, уялдуулж, хуваарилж, хянаж. хэрэгжүүлдэг байсан. 1990 оноос хойш бид мандал буурлын замыг туулсан.

1990 онд төлөвлөгөө шиг хэрэгтэй зүйл  байдаггүй  юм байна. Зах зээлийн далд гар өөрөө зохицуулчихдаг. Урсгалаараа л явж байя гэж бодсон. Харамсалтай нь төөрөгдөл байсан. 1992 онд шинэ ардчилсан Үндсэн хууль баталсан. Үндсэн хуульд төлөвлөгөөтэй байна гэж бичээгүй. Тэр үед хүн бүхэн төлөвлөгөөнөөс айдаг байсан.

Одоо ч айсан хэвээрээ байгаа. Төлөвлөгөө гэж хэлж чадахгүй үндсэн чиглэл гэж хэлж байгаа биз дээ. Тэр чинь төлөвлөгөө байхгүй юу. Ингээд шинэ Үндсэн хууль батлахдаа бодлогогүй, зохицуулалт уялдаагүй бол улс орон хөгждөггүй юм байна гэдгийг ойлгосон тул төрийн зохицуулалттай эдийн засгийг бий болгоно гэж тунхагаасан.

1992 онд Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулаад Засгийн газар байгуулагдаад Засгийн газарг Үндэсний хөгжлийн газар гэж Эдийн засгийн бодлого боловсруулдаг газар гаргаж ирсэн. Харамсалтай нь 1996 онд сонгуулийн үр дүнгээр энэ газар байхгүй болсон. 1996-2000 онд эдийн засгийн бодлого боловсруулдаг ямар ч институт байгаагүй.

-Сангийн яам байсан?

Сангийн яам эдийн засгийн бодлого боловсруулдаг байгууллага биш шүү дээ. Энэ чинь өөрөө шуурхай удирдлагын байгууллага юм. Засгийн газрын мэдэлд цугларуулж ирсэн хөрөнгийг хуваарилж байдаг, тэр цугларуулж ирэх ажлыг хөөцөлдөж байдаг л байгууллага. Улс орныг яаж хөгжүүлэх, ямар бодлогоор явах, ямар эх үүсвэр ашиглах, төсвийн хөрөнгө нь хүрэхгүй бол зээл, хөрөнгө оруулалт, тусламж авах эсэхийг гаргаж байдаг эдийн засгийн бодлого боловсруулдаг толгой хэрэгтэй байна аа даа.

Тэр байхгүйгээс 1996-2000 онд буцаад хүнд байдалд орсон. 2000 онд Засгийн газар байгуулагдаад Санхүү, эдийн засгийн яам гэж байгуулсан. Нэг талдаа санхүү, шуурхай удирдлагын байгууллага. Нөгөө талдаа эдийн засгийн яам. Ингээд дөрвөн жил ажиллуулахад Монгол Улс эдийн засгийнхаа хямралаас гарсан, өрөө дарсан, том төслүүдээ эхлүүлсэн. Мянганы зам, эрчим хүчний нэгдсэн сүлжээ, бүсчилсэн хөгжил гэх мэт. Өөрөөр хэлбэл бодлоготой явсан.

2004-2008 онд дахиад эдийн засгийн бодлого байхгүй. Сангийн яам л үлдсэн. Ингээд 2008 онд буцаад бодлогогүй бол болдоггүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд Хөгжил, шинэтгэлийн хороо гэж гаргаж ирсэн. Гэхдээ тэр нь агентлаг. Агентлаг яамдьн бодлогыг уялдуулна гэж байдаггүй юм гэдгийг бид ойлголоо шүү дээ. 2012 онд одоо жинхэнэ төрийн захиргааны төв байгууллага байх ёстой юм байна гэдгийг ойлгож Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулсан.

Сонгодог онолын хувьд бол Эдийн засгийн яам бол салбар дундын уялдааг зохицуулалтыг хангаж байдаг яам юм. Өөрөөр хэлбэл бодлого гаргадаг болохоос техник ажиллагаанд оролцдоггүй яам байх ёстой. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн яам маань Чингис бондын хөрөнгө ороод ирэнгүүт тэр рүү шуугиж ороод, хөрөнгө хуваарилаад, төсөл шалгаруулаад буцаад техникийн урсгал удирдлагын байгууллага болж хувирсан. Үүнээс ургуулаад ер нь Эдийн засгийн хөгжлийн яам хэрэггүй юм байна гэсэн ойлголт гарч байна шүү дээ. Одоо тэгээд Ерөнхий сайдын дэргэд Үндэсний хөгжлийн газар гээд жижигхэн агентлаг гаргаж ирж байна.

-Дахиад агентлагтай болж байгаа юм байна?

Бодлогогүй хэдэн жил туйлаад эргээд бодлогод орохгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгож байна шүү дээ. Тийм учраас эдийн засгийн төв байгууллага байх ёстой. Өнөөдрийн энэ байгууллагыг би шүүмжилж байгаа. Статус жижигхэн, үүрэг функц нь хязгаарлагдмал, ор нэрийн төдий байгууллага болчихсон. Хамгийн ойрхон жишээ Хятад улсаа хар. Хятад улсын бодлогыг хэн тодорхойлж байна.

-Хөгжил шинэтгэлийн хороо нь.

Үндэсний хэмжээний том бодлогыг урт, дунд хугацаанд үе шатаар нь гаргаад тэнд хэрэгжүүлэх зорилтуудыг тавиад тэрний хэрэгжилтийг хянаж байдаг. Тэгээд яамдуудынхаа үйл ажиллагааг бүс нутгийнхаа үйл ажиллагаагай уялдуулдаг. Чи боль, чи үүнтэй хамтар, чи үүн рүү яв гэж зохицуулж байдаг гол дисспичер хийдэг байгууллага байна шүү дээ. Өнөөдөр бүх яам ижил эрхтэй, сайдууд бие биедээ томрохгүй шүү. Надад ч мөнгө хэрэгтэй гээд байна шүү дээ.

“УЛС ТӨР ДАВАМГАЙЛСАН УЧРААС БИ АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРСАН”
-Та АН, МАН, МАХН гээд бүх л намын Засгийн газарт ажиллаж байсан. Эдний хооронд ялгаа байх уу?

Байлгүй яахав.

-Их зөрүүтэй юу?

Их зөрүүтэй. Тэр талаар яривал нэлээд тухлах хэрэгтэй болно. Засгийн газрын бодлого болгон өөр байгаа. Зарим дөрвөн жил дөрвөн Засгийн газар ажилласан байгаа. Дөрвөн өөр бодлого барьсан гэх жишээтэй. 1992 оноос хойш манай улсад 14 Засгийн газар байгуулагдаж ажилласан байна уу даа. Түүнээс найман Засгийн газар нь бодлогогүй байдаг юм. Мөрийн хөтөлбөр байхгүй гэсэн үг.

-Та одоо энэ эгзэгтэй үед ажлын хэсгүүдийг ахлаад туршлагаа ашиглаж болохгүй байгаа юм уу?

Би Төсвийн тодотгол хийх ажлын хэсгийг ахалсан шүү дээ. Хамгийн эгзэгтэй үе тэр л байсан. Сонгуулийн дараа үлдэж байгаа хагас жилд бодлогоо гаргах ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Би “Эдийн засгаа сайжруулья гэж санал нэгдэж байгаа бол би ажлын хэсгийг ахалъя. Улс төрөө бодно гэж байгаа бол би ахлахгүй” гэсэн. “Өө эдийн засгаа л сайжруулна.

Бүх юмаа засч, сайжруулж авахгүй бол болохгүй” гээд ахлуулсан. Тэгээд ажлын хэсгийн оруулсан бараг бүх бодлого унасан. Эдийн засгаа сайжруулах бодлого нь яваагүй, улс төрийнх нь давамгайлчихсан л даа. Тэгээд би дараагийн ажлын хэсгийг ахлаагүй. Яагаад тансаг хэрэглээний татварыг нэмж болохгүй байгаа юм.

Монгол Улс өнөөдөр үнэхээр хүнд байдалд орчихсон байна. Тэрийг нэмж болох байсан шүү дээ. Наад зах нь архи, дарсны татвар байна. Дээрээс нь хэмнэлтийн бодлого явуулья, хавтгайрсан халамжаасаа цэгцлэе гэж Засгийн газраас саналаа оруулсан. Тэгэхээр тэрийг болиод “Орон нутгийн сонгууль болох гэж байна. Үгүй ээ” гээд улс төр нь давамгайлаад явсан.

-Туршлагатай улс төрчийн хувьд танаас зөвлөгөө авдаг хүмүүс бий юу?

Зөвлөгөө авдаг хүмүүс бий. Би хүнд мэддэг, чаддаг бүхнээ харамгүй хэлж өгдөг. Надад хүнээс нууж хаагаад байх юм байхгүй. Би аль ч намтай ажиллаж үзсэн. Хамтарсан Засгийн газарт ч ажиллаж байлаа. Зөвхөн ажлын эрх ашгийн үүднээс л би хүнтэй ажилладаг. Хэнд ч адилхан шаардлага тавьдаг. Болдоггүй юм гэдгийг би хэнээс ч айхгүй хэлдэг. Өнөөдөр тэгж хэлж чадахгүй болсон байна шүү дээ. Тийм учраас би Сангийн сайд чинь найзгүй, найраагүй сайд байх ёстой юм гээд байгаа юм.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр дотор казино, морин тойруулга байгуулна гээд орчихсон байна лээ. Д.Цогтбаатар гишүүн “Монгол Улс казиногоор эдийн засгаа аварчих жижигхэн улс биш” гэж манай сонинд ярилцлага өгөхдөө дурдаж байсан. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

Арга ядсан л асуудал шүү дээ. Казиногоос өөр эдийн засгаа өөд нь татах олон арга зам байгаа. Тэр дотроос очиж очиж казиног барьж авч  байгааг би гайхаж байгаа юм. Монгол Улсад, монголчуудад казино хэрэггүй. Тэгээд ч энэ хүнд үед казиногоор өсөж дэвжинэ гэж бүтэхгүй зүйл. Бэлэнчлэх сэтгэлгээ манайханд их бэлэн байна шүү дээ. Хүнд байдалд орчихлоо гэхээр л казиногоор мөнгө ороод ирэх юм шиг, гадны хүн мөнгөө тэвэрч ирээд Монголыг хөгжүүлээд өгөх юм шиг.

Үгүй шүү дээ. Ачааны хүндийг бид өөрсдөө үүрэх ёстой. Өөрсдөө ажиллах ёстой. Нэг кинон дээр “сураагүй тоглоомоор оролдож хэрэггүй” гэдэг байх аа. Түүн шиг казино, бооцоот морин уралдаан гэдэг сураагүй тоглоомоор оролдож хэрэггүй. Хэрэггүй юм хүнд хэрэггүй л байдаг юм. Тэгээд хаашаа юм өнөөдөр ярьчихангуут маргааш мөнгөтэй болчих юм уу.

-Байгуулах зөвшөөрлийг нь 30 тэрбум төгрөгөөр ч юм уу өгөх юм биш уү. Тэгээд таван казино байгуулах тухай ярьж байгаа гэсэн?

30 тэрбумаар Монгол Улс хөгжчих юм уу. Каплагийн 35 тэрбумыг нэг өдөр гаргаад явуулчихсан биз дээ.

-Таны хувьд эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрт үлдээсэн зүйл байна УУ?

Байлгүй яахав. Би бүлгийн хурал дээр хэлсэн. Юу гэвэл Ажлын хэсэг гараад бас олон арга хэмжээ нэмье гэчихсэн байна. Бүгдийг нь нэмчих. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах УИХ-ын тогтоолын нэг л хавсралт болно. Үүнийгээ батлаад өгчих. Харин үүнийхээ цаана түүнийгээ хэрэгжүүлэх ганц ч гэсэн гарцыг нь гаргаж өгье. Жишээ нь өнөөдөр концесс хэрэгтэй, хэрэггүй  гээд баахан  шуугиад байна. Тэгвэл бид концесс дээр ямар байр суурь барихаа маш тодорхой хэлээд өгчихье л дөө.

Хөрөнгөө олж ирээд барих, шилжүүлэх хэлбэрийн концессыг сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн обьект дээр ашиглая гээд биччих. Бусад үйлдвэрлэлийн болоод дэд бүтцийн төслүүд дээр зөвхөн барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр ашиглая гээд биччих. Ингээд юмнуудаа тодорхой болгоод өгчихье л дөө. Тэгэхгүй бол өнөөдөр зам барьчихаад маргааш мөнгөө авна гээд орж ирж байна шүү дээ. Тэгээд л хүндэрч байгаа биз дээ. Үнэхээр сайн зам барьчихсан юм бол хөрөнгө оруулагч та ашиглаад ашгаа олоод авчих. Дараа нь улсдаа шилжүүлчихнэ биз.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 18 сарын хугацаанд үр дүнгээ гаргана гэж байгаа. Энэ хэр боломжтой бол?

Оновчтой зөв ажиллаж чадвал биелнэ. Энэ байтугай богино хугацаанд том асуудлыг шийдэж байсан жишиг бий. 1992 оныг бодоод үз. Ямар хүнд үе байсан билээ. Бидний гол найдвар ЗХУ задарсан, дэмжлэг туслалцаа үзүүлдэг орнууд тарчихсан. Монгол Улс гав ганцаараа зах зээлд орчихсон.

Дэлхийн зах зээлийн жишгийг мэдэхгүй. Дээрээс нь ажилгүйдэл, ядуурал, инфляци бий болчихсон. Жилийн инфляци 360 хувь хүрчихсэн байсан. Хүнсний бараа хүрэхгүй картаар хуваарилж байлаа. 1992 онд байгуулагдсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө гаргаад нэг жилийн дотор Монгол Улсын хүнсний картын барааны системээс гаргаж чадсан шүү дээ. Зөв бодлого явуулбал ингэж гардаг юм.

“МАН, МАХН ХОЁР НЭГДЭХ, НЭГДЭХГҮЙ НЬ ОДОО АЧ ХОЛБОГДОЛГҮЙ”
-Та өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө МАХН-аас гарч МАН руу орсон. Яагаад ийм шийдвэр гаргав аа?

Маш энгийнээр хэлэхэд МАХН хоёр нам болсныг би хүлээн зөвшөөрдөггүй хүн. Энэ бол 2008, 2009,  2010 оны процесс. 2012 оны сонгуулийн өмнө намаа хоёр хуваачихлаа. Нэгдэж орохгүй бол болохгүй ээ. Саналаа хуваагаад унана гэж бид асуудал тавьсан шүү дээ. Эхлээд 11 гишүүн асуудал тавьсан юм. Цөөрсөөр ес, долоо, тав болсон. Сүүлд гурав нь МАХН руу орсон. Тухайн үед биднийг хэлж байхад эвсэж нэгдэж оръё гэдгийг авч үзээгүй.

Сонгуульд ялагдана гэдгийг ч төсөөлөөгүй. Бидэнд “Та нар буруу тооцож байна” л гэж байсан. Тэр битгий хэл та нар олон юм ярьдаг улс байна гээд биднийг шахах, хавчих юмнууд явж байлаа. Адаглааад сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдэг асуудал маш бодитой байсан. Ингээд хоёр нам эвсэж болох сүүлийн мөч хүртэл бид үгээ хэлж, шаардлагаа тавьж байгаад сүүлд нь ‘Тэгвэл бид Хувьсгалт намд орно.

Энэ намыг олон суудал авч төрийн тэнцвэр хангадаг нам болгоно” гэж Д.Тэрбишдагва, О.Чулуунбат агсан бид гурав энэ намд орсон. Ороод 11 суудалтай болсон шүү дээ. Харамсалтай нь Ардын нам маань МАХН-тай эвсээд ч олонх болж чадахгүй их цөөхөн суудал авсан. Тэгээд үр дүнг харахад ерөөсөө бие биеийнхээ саналыг хуваагаад дундуур нь АН ялсан байдаг. 2016 оны сонгууль болоход бид “Дахиад тусдаа байж болохгүй. Ард түмэн энэ сонгуулиар өөрчлөлт хүсч байна.

Тэгэхийн тулд энэ хоёр нам нэгдэх ёстой” гэдэг байр суурин дээрээ байсан. Ингээд бүгдийг нь бэлдсэн. Харамсалтай нь Хувьсгалт намын удирдлагаас энэ байр сууринаас ухарсан. Тэгээд жинхэнэ нэгдэх олонх нь хаана байна тэрийгээ бид дагасан. Энэ чинь нэг л голын хоёр салаа юм. Нам сольсон гэж яриад байгаа. Бид намын нэг захаас нөгөө зах руу л гарсан хэрэг.

-Цаашдаа нэгдэх боломж харагдаж байна уу?

Одоо нэгдэнэ, нэгдэхгүй гэж ярих ач холбогдолгүй болчихлоо. Нэг нам нь аяндаа задарч, сарниж байна. Нөгөө нам руугаа аяндаа төвлөрөл явж байна. Т эгвэл одоо нэг том нам маань л томорч үлдэнэ.

-Тэгэхээр МАХН нь МАН-даа дагаар орохгүй юм байна?

Улс төрийн тавцан дээр эзэлж байгаа байр сууриараа хэн нь хэнийгээ дагах уу гэдэг асуудал гардаг. Илт давамгай ийм үед уусна гэдэг асуудал л яригдана шүү дээ.

-Та голын нэг эргээс нөгөө эрэгт л гарсан гэж жишиж байна л даа. Гэхдээ энэ үйл явдлаас болоод ялангуяа МАХН-аас Д.Тэрбишдагва гишүүн та хоёрыг урвагч гэж цоллодог. Үүнд нь эмзэглэдэг үү?

Юунд нь эмзэглэх вэ дээ. Хэн ч, юу ч гэж ярьж болно. Хамгийн гол нь өөрийнхөө үзэл баримтлал, үйл ажиллагаандаа итгэл үнэмшилтэй л байх хэрэгтэй.

-Өнгөрсөн сонгуулийн өмнө МАН-аас нэгдэх санал тавихад МАХН-ын дарга Н.Энхбаяр яагаад зөвшөөрөөгүй юм бол?

Мэдэхгүй, өөрөөс нь л асуу. Илүү нөхцөл хэрэгтэй л гэж үзсэн болов уу гэж би бодож байгаа. Тэрнээс илүү нөхцөл тухайн үед авах бололцоо байсан эсэхийг би мэдэхгүй байна. Тоогоор нь бодоход л 51:25 байсан шүү дээ. Дээрээс нь удирдах зөвлөлийн дарга, эвслийн зөвлөлийн даргаа хоёр намын дарга ээлжилж хийнэ.  Ерөнхий сайд, УИХ-ын даргаа ээлжилж хийнэ гэж байсан.