Энхтүвшин.Ө 2016.11.24 | Сайт: Vip76.mn

Ө.Энхтүвшин: Хямралыг даван туулах төлөвлөгөөний биелэлтэд анхаарах бүтэц байгуулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

"Бид нар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн тухай биш маш онцгой баримт бичгийн тухай ярьж байна. Тийм учраас үүнийг Засгийн газарт найдаад орхиж болохгүй.

Тэр тусмаа зургаан сараар гэдэг дэндүү хол байна. Юм гэдэг цаг цаг, өдөр өдрөөр өөрчлөгдөж байгаа учраас байдал  улам дордох болно.

Би Засгийн газарт байсан хүний хувьд хэцүү асуудал тулгардагийг сайн мэднэ. Нэг сайдын тухай жаахан шүүмжлэлтэй хандахаар л гомдож давхиад л. 

Нэг зорилт байлаа гэхэд хэдэн хувьтай байна гэхээр нэг факс явуулсаныгаа 30 хувьтай байна гээд оруулчихдаг. Нэг төлөөлөгч явуулсаныгаа 40 хувьтай биелэлтийнхээ явц дунд байгаа гээд л хэлчихдэг. Ингээд бие биенээ аргалаад яваад байдаг.

Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг зүгээр л батлаад хаячихсан. Хэн ч түүнд эргэж хяналт тавиагүй, шаардаагүй, биелэлтэд нь анхаарал тавьсан хүн огт байгаагүй учраас бүрэн  хэрэгжээгүй шүү дээ.

Тийм учраас Засгийн газар үүнийг хийнэ гэдэгт би эргэлзэж байна. Тэгэхээр УИХ дээр тусгай бүтэц бий болгох нь зүйтэй гэж үзэж байна. Тэр бүтцэд нь эдийн засгийн байнгын хороог оруулж болно. Гэхдээ байнгын хороо маш завгүй их ажилтай байдаг учраас өдөр тутмын ажлыг нь гүйцэхгүй байх гэж бодож байна.

Тийм болохоор хямралыг даван туулах төлөвлөгөөний биелэлт дээр өдөр тутам хяналт тавьж анхаарал хандуулж байдаг түр байнгын хороог  бий болгох хэрэгтэй гэж шүэж байна.  УИХ болон дэгийн хуульд ч байдаг заалт.

Онцгой тодорхой асуудал дээр түр байнгын хороог байгуулаад  дараа нь тайлангаа тавиад татан буулгачихдаг. Эдийн засгийн хямралыг даван туулах энэ төлөвлөгөө одоогийн байдлаар чухал асуудал учраас түүний ажлын гүйцэтгэл дээр энэ хэдэн сайдын анхаарлыг төвлөрүүлж байдаг, болж болохгүй байгааг нь хянаад дор бүр нь УИХ-д мэдэгдэж байх үүрэгтэй  тусгай ажлын хэсэг гаргах хэрэгтэй.

Тэгэхгүй бол хэсэг хугацааны дараа ямар нэг шалтгаан тоочоод сууж байх бий. Нөгөөтэйгүүр зургаан сар гэдэг хугацааны хувьд маш хол байна. Бид өнөөдөр яг одоо энэ асуудлыг яриад суух хооронд  маш их зүйл өөрчлөгдөж  байгаа.

Аливаа зүйл цаг, минуттай уралдаж өөрчлөгдөж байгаа энэ үед  ядахдаа улирал тутам  болгож хугацааг нь наашлуулах хэрэгтэй юм. Хоёрдугаарт энэ сайд нарын ажлыг  маш сайн шахах хэрэгтэй байна. Хөгжлийн банкны асуудлаар өнгөрсөн аравдугаар сард Засгийн газар тав зургаан сайдад тодорхой чиг үүрэг өгсөн.

Гэтэл  одоо болтол нэг нь ч эргэж  танилцуулаагүй байгаа. Ийм удаан байж улс орон хямараад байна гэж яриад сууж болохгүй. Улс орны эдийн засаг хүндэрсэн энэ үед  хэн нэгнийхээ толгойг илээд сууж болохгүй. Ажлаа хурдан шуурхай хийж чадах нь цаашаа явна чадахгүй нь зайгаа тавьж өгөх хэрэгтэй гэсэн санал хэлэх гэсэн юм."   

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn