УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.11.24

О.Баасанхүү: Зээлжих зэрэглэл В байсныг С болгосонд ард түмэн баярлахгүй байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 36 саналаар санал хураах болсон юм. 

"Зээлжих зэрэглэлийг хоёр түвшинд ахиулж, бизнес эрхлэлтийн үзүүлэлт 70, хөрөнгө оруулалт татах чадварын үзүүлэлт 60, дэлхийн өрсөлдөх чадварын индекс 94, авлигын индексийг 60 дугаар байрт хүргэх" гэж  УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Я.Содбаатар нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураахын өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү эсрэг байр сууринаас үг хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Зээлжих зэрэглэлийг бид тогтоодоггүй. Олон улсын хөндлөнгийн байгууллага тогтоодог. Ийм заалт нэмж оруулж, хөндлөнгийн байгууллагын өмнө үүрэг амлалт аваад байгаа юм уу? Эсвэл Монгол Улсын Их хурлаас зээлжих зэрэглэлээ ахиулах тухай тогтоол гаргасан болохоор тэднийг анхааръя гэх юм уу?

Бид нар ажлаа сайн хийхэд болох юм биш үү? Ажлаа сайн хийхийн хэрээр Монгол Улсын зээлжих зэрэглэл ахиж, бусад үзүүлэлт сайжирна шүү дээ.

Би ч гэсэн зээлжих зэрэглэлийг “А” болгож ахиулмаар байна. Олон улсын хөндлөнгийн байгууллагаас гаргасан үзүүлэлтийг хараад одоо хичээнэ гэж төрийн бодлогодоо оруулж хэрэггүй байх. Зээлжих зэрэглэлийг сайжруулна гэж ерөнхий заалт оруулах нь зүйтэй болов уу."