М.Билэгт: Малыг эрүүлжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллана
УИХ-ын гишүүн М.Билэгт
2016.11.24

М.Билэгт: Малыг эрүүлжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллана

Vip76.mn сайт "76-аас асууя" буландаа парламентын гишүүнээр ажиллах бүрэн эрхийн хугацаандаа ямар асуудалд түлхүү анхаарч ажиллах  талаар УИХ-ын гишүүдтэй цувралаар ярилцаж байгаа билээ. Энэ удаагийн зочноор  УИХ-ын гишүүн М.Билэгт уригдлаа. 

Таныг  УИХ-ын гишүүн болсноос хойш дөрвөн сар өнгөрчээ. Энэ хугацаанд УИХ-ын гадна байх, дотор нь орох хооронд хэр ялгаа байна?

Би хэзээд зөв байх, зөв амьдрах ёстой гэсэн зарчим баримталдаг. Монгол  Улсыг хөгжүүлэхэд, ирээдүйд зөв байх тэр үзэл бодол дээр олонхи болж байгаасай, энэ олонхтой хүчээ нэгтгэн дуу хоолойгоо хүргэх юмсан гэж хүсдэг байсан.  

УИХ-ын гишүүн болсноор баримталдаг зарчим, үнэт зүйлсдээ улам бат итгэлтэй болсон.

Парламентын гишүүнээр ажиллах энэ 4 жилд та ямар асуудлыг төрийн бодлогод суулгаж, юу хийхийг зорьж байна?

Нэгдүгээрт, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, малыг эрүүлжүүлэхэд анхаарна. Хоёрдугаарт, төрийн нуруун дээр ачаа үүрүүлэлгүй амьжиргаагаа залгаж яваа иргэд, аж ахуйн нэгжийн дуу хоолой болж ажиллана.

Энэ үндсэн хоёр чиглэлд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах болно.

Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, эрүүлжүүлэхэд ямар тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна гэж харж байна?

Өнгөрсөн 20 гаруй жилд өмнө нь амжилттай хэрэгжиж байсан бодлогуудаа орхигдуулсан байна. Үүний нэг том жишээ нь мал аж ахуйн салбар юм.

Монгол Улсын оршин тогтнох гол үндэс нь Монгол хүн.

Монгол Улсыг мал, малчидгүйгээр төсөөлөх аргагүй.Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед Монгол Улс малын гаралтай түүхий эд экспортолдог байлаа. Үүнийгээ дагаад эдийн засаг тогтвортой, иргэд нь ажилтай, орлоготой байсан.

Гэтэл өнөөдөр ажилгүй, орлогогүй иргэд асар их болж. Хүн амын худалдан авах чадвар суларсан байна. Эрүүл ахуйн шаардлага хангахгүйн улмаас мал, малын гаралтай бүтээгдэхүүнээ экспортлох боломжгүй болж.

Нөгөө талаасаа бид дотоодын хэрэгцээгээ  эрүүл мах, сүүгээр хангаж чадахгүй байна гэсэн үг. Энэ нь уг салбарт төрийн бодлого алдагдсантай холбоотой.

1998 онд мал эмнэлэг, өрхийн эмнэлгийг хувьчилсан. Өөрөөр хэлбэл хүн, малын эрүүл мэндийг хангах анхан шатны байгууллага хувьд шилжүүлснээр төрийн бодлого алдагдаж эхэлсэн.  

Монгол Улсын оршин тогтнох гол үндэс нь Монгол хүн. Монгол хүн эрүүл байх ёстой. Эрүүл байхын тулд эрүүл, чанартай хоол хүнс өдөр тутамдаа хэрэглэх ёстой. Үүнийг л төрийн бодлогод суулгахыг зорьж байна.

Төрийн нуруун дээр ачаа үүрүүлэлгүй, амьжиргаагаа авч явж байгаа иргэдийг дуу хоолой болж ажиллана гэлээ?

Би өөрөө өнөөдрийн амьдрал хүрэхийн тулд багаас нь эхэлж зүтгэсэн хүн.  Энэ зовлон, жаргалыг сайн мэднэ. Тиймээс тэдгээр иргэдийн эрх ашгийг төлөөлж чадна гэж бодож байна.

Өөрөөр хэлбэл төрийн албанд ажиллаж буй 180 мянган албан хаагчдаас бусад хүмүүсийн эрх ашиг энд байгаа юм гэсэн үг юм. Төрийн албан хаагч гэдэг бол иргэдийн татвараас цалинждаг, иргэдэд үйлчлэх ёстой  хүмүүс шүү дээ.

Гэтэл өнөөдөр энэ байдал эсрэгээрээ харагдах байдал нийтлэг байна.

Тиймээс нэн түрүүнд  төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулахад онцгой анхаарах болно. Мөн миний бие төрийн албан хаагчдыг хариуцлгажуулах, шалгуурыг өндөрсгөх ёстой гэж үздэг.

Ингэснээр төрийн албан хаагчид хариуцлагажиж, иргэдийн амьжиргаа дээшилж, аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллаж чадна гэж үздэг.

Та одоо ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна?

Улсын төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл дээр ажиллаж байна. Улсын төсөв дээр баримтлах ёстой норм, нормативыг сайжруулах ямар өөрчлөлт оруулахыг судалж байна.

Хоёрдугаарт улсын төсвийн ерөнхийлөн захирагч хариуцлага алдвал хэрхэн хариуцлага тооцох ёстой гэсэн хариуцлагатай холбоотой өөрчлөлт оруулахаар судалж байна.