УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.11.24

О.Баасанхүү: Нууцтай холбоотой мэдээллийг ТЕГ-т төвлөрүүлнэ гэж байгаа нь хэр оновчтой вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 2 дугаар сарын 8-нд өргөн мэдүүлсэн "Төрийн болон албаны нууцын тухай" хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтдаг гишүүдийн эрх дуусгавар болсны дараа гадаадын компанийн зөвлөх болдог. Төрийн нууцын ашиглаад өөрөө өөрийгөө тэжээгээд байдаг. Гадны компани нь улсын нууцыг ашиглаад баяжаад байдаг. Үүнийг болиулах хэрэгтэй. Энэ асуудлыг дэмжсэнгүй. Дэмжээгүйд харамсаж байна.

Өргөн барьсан хуулийн төслийн нэр нь Төрийн болон албаны нууц гээд байна. “Албаны” гэдэг дотроо шүүх засаглал, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалттай холбоотой нууцыг шууд болон шууд бусаар оруулчихсан юм биш үү гэж бодож байна.

Учир нь “Байцаан шийтгэх тухай” хуулийн дагуу хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажил нууц байдаг боловч мөрдөн байцаалт дууссан тохиолдолд автоматаар нээлттэй болдог. Өөрөөр хэлбэл, талууд хавтаст хэрэгтэй танилцах эрхтэй болдог. Тэр битгий хэл, өөрөө өөрийгөө өмгөөлөх зорилгоор мөрдөн байцаалт дууссантай холбоотойгоор үүнд авагдсан зарим нэг нотлох баримтыг задалж ярих эрх үүсдэг. Үүнийг уг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан уу?

Нууцтай холбоотой мэдээллийг Тагнуулын Ерөнхий газарт төвлөрүүлнэ гэж байна. Засгийн газрын хуралдаан болонгуут автоматаар зарим мэдээллийг нууцад авъя гэсэн хүсэлт гаргаж болохоор байна. Тэрний оронд Засгийн газрын хуралдаанаар эдгээр асуудлыг нээлттэй хуралдаж, шийдэж болох уу гэж Тагнуулын Ерөнхий газарт хүсэлт тавьсан нь дээргүй юу?

Төрийн болон албаны нууц гэж хоёр ангилалтай болж байна. Хуучин төрийн нууц, байгууллагын нууц, хувийн нууц гэж байсан санагдаж байна. Одоогийн ангиллаар албан гээд ангиллахаар төрийн албаны бүх байгууллага тэр дундаа хэрэг бүртгэл, мөрдөн байцаах албаны үйл ажиллагаа хүртэл багтах гээд байгаа байх шиг байна. Энэ хууль хэр өргөн хүрээг хамарч байгаа вэ?"

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр:

Хэлэлцүүлгийг хаалттай горимд шилжүүлж өгөөч гэсэн хүсэлтийг УИХ-ын даргад гаргаж байна. Зарчмын зөрүүтэй 40 гаруй саналаар санал хураана.  

Ийнхүү УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хүсэлтээр, гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хаалттай хэлэлцэж байна.