Нямбаатар.Х 2016.11.30 | Сайт: Vip76.mn

Х.Нямбаатар: Оффшор дансыг хориглосон, хаасан тохиолдол төрт ёсны уламжлалтай улсад байдаггүй

Х.Нямбаатар: Оффшор дансыг хориглосон, хаасан тохиолдол төрт ёсны уламжлалтай улсад байдаггүй
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

Өчигдрийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсний нэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг байсан юм. Уг хуулийн төсөлд 6 үндсэн заалт бий. Үүнд: 

1. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх үедээ гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглоно.  

2. Холбогдох хуулиар тогтоосон болзол, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилогдох албан тушаалд нэр дэвшигч тухайн албан тушаалд нэр дэвшихдээ холбогдох байгууллагад гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан эсэхийг урьдчилан мэдээлэх үүрэгтэй.

3. Нэр дэвшигч гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол энэ тухай урьдчилан мэдээлэх ба томилогдсон, эсхүл сонгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор зохих арга хэмжээ авч, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

4. Нийтийн албан тушаалтан гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах хамаарахгүй.

5. Нэр дэвшигч нь урьдчилан мэдээлэх үүргээ биелүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсхүл үүсч болзошгүйд тооцох үндэслэл болохгүй.

6. ХОМ гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол нийтийн албанаас хална. 

Хуулийн төслийг эхний хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахалсан. Тэрээр байнгын хорооны хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүдийн байр суурь, хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцыг танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар: 

"Миний бие УИХ-ын гишүүн болсныхоо дараа УИХ-ын даргын газар хүсэлт тавьж, оффшор бүсэд компани байгуулах, хөрөнгө эзэмшихтэй холбоотой харилцааг гадаад улс орнуудад ямар байдлаар зохицуулдаг талаар захиалга өгч, судлуулсан.

Европын өндөр хөгжилтэй орнуудад “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулиар зохицуулдаг юм байна. Жишээлбэл, 2013 он гэхэд Франц улсад “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулиар зохицуулалт хийсэн байна.

Оффшор дансыг хориглосон, хаасан тохиолдол төрт ёсны уламжлалтай улсад байдаггүй.

2013 онд ОХУ-д Ерөнхийлөгчийн зарлигаар 7000 орчим төрийн өндөр албан тушаалтнуудын жагсаалт гаргаж, уг жагсаалтад багтсан хүмүүс, гэр бүлийн хамаарал бүхий этгээдийнхээ дансны дугаарын хамт хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тайлагнадаг. Үүнийг тусгай комисс, татварын албадтай хамтран орлого, зарлагын гүйлгээ хянах замаар энэ асуудлыг зохицуулдаг байна.

Судалгаанд хамрагдсан 10 гаруй орноос оффшор бүсэд данс, эзэмших тухай асуудлыг хамгийн сонгодог утгаар нь шийдэж байгаа улс бол Франц гэж хувьдаа ойлгосон.

Франц улсад зах зээл өндөр хөгжсөн учраас төрийн албанд ажиллаж буй хэн боловч түүнтэй хамаарал бүхий этгээд бизнес эрхэлж болно. Гагцхүү ил тод байх ёстой гэсэн зарчим барьдаг.

ОХУ-д 7000 орчим албан тушаалтны жагсаалтыг гаргахдаа 20 мянгаас дээш ажилтан, албан хаагчидтай улсын үйлдвэрийн дарга, захирлаас эхлээд 100 мянгаас дээш хүн амтай хотын удирдлагууд, Европарламентийн гишүүд, Засгийн газар, парламентын гишүүд гэсэн үндэслэлийг баримталсан байна. Ажлын хэсгийнхэн ийм жагсаалтыг бид ч бас батлах ёстой.

38900 төрийн албан хаагч гэж хавтгайруулах биш яам, агентлагийн даргаас дээш албан тушаалтнууд, улсын үйлдвэрийн газрын захирал, Засгийн газар, УИХ-ын гишүүдийг хамруулж, хүрээгээ хумих нь зүйтэй гэж ярьсан.

Гэхдээ энэ тухай эцэслэн шийдвэрлээгүй байна. Жагсаалтыг хоёр тусдаа гаргахаас өөр аргагүйд хүрсэн. Нэг жагсаалт нь урьдчилан хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгдөг байх болно. Жагсаалттай холбоотой асуудлаар өнгөрөгч хуралдаан дээр би АТГ-ын даргад ширүүн хандсан.

Энэ асуудлыг эргэж нэг харахгүй юм бол хэлтсийн даргаар томилогдохдоо хүртэл хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгдөг байдлыг өөрчлөх хэрэгтэй. Ингээгүйгээс АТГ-ынхан ажлын ачааллаа дийлэхгүй байгаа учраас жагсаалтыг хоёр тусдаа журамлах тухай асуудлыг ажлын хэсэг дээр нилээн ярилцсан.

ОХУ-ын холбогдох хуульд албан тушаалуудаа нэр заасан байдаг. Энэ жишгээрээ явахаар бол яам, агентлаг, газар, хэлтсийн дарга нарыг ашиг, сонирхлын зөрчилтэй гэж үзэх магадлал бий.

АНУ гэхэд оффшор бүстэй холбоотой харилцааг зохицуулж, мэдээлэл солилцох үүднээс Канад улстай 60 төрлийн эрх зүйн баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Дэлхийд 60 гаруй оффшор бүс байна гэж үздэг. Дэлхийн улс орнууд өөр хоорондоо татварын талаар харилцан туслалцах конвенцид 1998 оноос өнөөдрийг хүртэл 74 орон нэгдсэн байна. Манай улс уг конвенцид нэгдэж орох нь ашигтай юу, үгүй юу гэдгийг бодолцох үзэх ёстой.

Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалтын 85 орчим хувь нь оффшор бүсээс орж ирж байгаа учраас конвенцид нэгдсэн орох юм бол хөрөнгө оруулалтын урсгал яаж өөрчлөгдөхийг тооцох хэрэгтэй."