Х.Нямбаатар: Хүчирхийлэгчдэд эвлэрэх боломж олгохгүй заавал шүүхээр шийдүүлнэ
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2016.11.30

Х.Нямбаатар: Хүчирхийлэгчдэд эвлэрэх боломж олгохгүй заавал шүүхээр шийдүүлнэ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эхний хэлэлцүүлгийг хийх юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАРТАЙ ярилцлаа.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийн бэлтгэх ажлын хэсэгт та багтсан байна. Энэ хуульд ямар тодорхой заалтууд нэмэгдэж орсон бэ?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн гол зорилт нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн үйлдлийг хамгаалах, таслан зогсоох зорилгыг агуулж байна. 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталж, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэхдээ энэ хууль өнөөдрийг хүртэлх 12 жилийн хугацаанд төдийлөн үр дүнтэй үйлчлээгүй. Тиймээс эрх зүйн зохицуулалтын алдаатай талуудыг засч, залруулах зорилгоор уг хуулийн шинэчилсэн найруулгыг гаргаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг дөрвөн төрөлтэй байна гэж хуулийн төсөлд оруулсан. Тухайлбал, бие махбодь, бэлгийн, эд материалын, сэтгэл санааны гэсэн дөрвөн төрлийн хүчирхийллийн хэлбэр байна. Тиймээс хүчирхийлэл үйлдэгчид захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байя гэсэн зохицуулалтыг хийсэн. Гэр бүлийн хамаарал  бүхий этгээдэд эхнэр, нөхөр, үр хүүхэд, аав, ээж, эмээ өвөө, төрөл саданг хамруулна.

Мөн Монгол Улсын Эрүүгийн тухай хуулиар гэрлэлтээ батлуулаагүй ч хамтын амьдрал зохиосон хамтран амьдрагч нарыг бүхэлд нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд оруулсан. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн хэн нэг нь бусдынхаа эрх, эрх чөлөө болон дээр дурдсан дөрвөн хэлбэрээр эрхэнд нь халдсан үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзнэ. Энд нэг зүйлийг тодруулж ярья.

Саяхан Сонгинохайрхан дүүрэг дэх гэр бүлийн хүчирхийллийн байдалтай танилцахаар ажлын хэсгийн дөрвөн гишүүн дүүрэгт очиж ажилласан юм. Тэнд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэж байгаа нутгийн захиргааны байгууллагын ажилтан, цагдаагийн албан хаагчидтай нэг бүрчлэн уулзаж, ярилцлага зохион байгууллаа. Ингэхдээ тэндээс нэг шинэ мэдээлэлтэй ирсэн. Тэдний зүгээс “Гэр бүлийн хүчирхийллийн тав дахь хэлбэр бол “үл хайхрах’’ үйлдэл. Үүнийг хуульд оруулах хэрэгтэй шүү” гэдгийг бидэнд онцгойлон захисан.

Өөрөөр хэлбэл, хүүхэд нь гадуур тэнээд гэртээ ирэхгүй байхад эцэг, эх нь хайхардаггүй. Хэн нэгний эрүүл мэнд болон эд материал нь хохирч байхад хайхардаггүй, санаа зовдоггүй. Асран халамжлах үүрэг бүхий хүнээ үл хайхарч байгаа үйлдэл бүхнийг “үл хайхрах” хүчирхийллийн төрөл хэлбэр гэж оруулбал зохистой гэж үзсэн.

Хамгийн гол асуудал нь тус хуульд орон нутаг бүр хүчирхийллээс хамгаалах түр байртай болгоё гэсэн зохицуулалтыг оруулж байгаа. Тухайлбал, хохирогчийг тодорхой хугацаагаар байрлуулж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд заасан тодорхой нэр төрлийн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий байруудыг сум, дүүрэг бүрт барьж байгуулъя гэсэн зохицуулалт оруулсан.

-Нийслэлийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах түр байр байдаг уу. Байрны хүрэлцээ ямар байдаг вэ?

Хүчирхийллээс хамгаалах байруудын байршил нэрийг олонд ил зарладаггүй. Гэхдээ Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа хүчирхийллээс хамгаалах түр байр Зайсанд бий. Жилдээ 300 гаруй хүнд үйлчилгээ үзүүлдэг. Дүүргүүдийн хэмжээнд нэг, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд нэг бий. Би өмнө нь Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа нэг түр байр байгуулсан.

Бид цаашдаа түр байр байгуулахаар ажиллаж байна. Ингэхдээ хууль хяналтын байгууллагын ойр орчинд бус хүчирхийлэгчид үл мэдэгдэх газарт байрлуулна. Барууны стандарт ч ийм байдаг. Хамгийн гол нь түр хамгаалах байраа барьж байгуулах, худалдан авах зардал, түүний ашиглалтын зардлыг улс орон нутгийн төсөвт заавал суулгах ёстой. Үүнийг ажлын хэсгийн гишүүний хувьд хуралдаан бүрт ярьж байна.

-Түр хамгаалах байрны зохицуулалт ямар байдаг юм бол. Тухайлбал, нэг хүнийг хэдэн өдөр байлгана гэсэн тусгай заалт бий юү?

Түр хамгаалах байранд байрлах хүнд хугацаа заах боломжгүй. Эрхээ хамгаалуулах, дараагийн ажилд орох, түр орон сууцтай болох, нөхцөл байдал арилхад тодорхой хугацаа заах боломжгүй. Барууны орнуудын туршлагаас харахад хугацаа заадаггүй. Гурван сар, жил болох тохиолдол байдаг. Хүчирхийлэлд өртсөн хүнийг шууд тодорхой хугацаа зааж байр суллах үүрэг өгвөл түр хамгаалах байрны агуулга алдагдана гэсэн үг.

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд арав гаруй төрлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэгт тооцно гэж заасан байсан. Жишээ нь, ямар үйлдлийг гэмт хэрэг гэж тооцох вэ?

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэмт хэрэг гэж тооцно. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дагалдан долоон хуульд нэмэлт өөрчлөлт орж байна. Үүний нэг нь Захиргааны хариуцлагын тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Захиргааны тухай хуулиар хүчирхийллийн олон үйлдлийг захиргааны зөрчил гэж тооцно. Харин уг зөрчлийг давтан үйлдсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байна.

Үүнд зодох, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардах, мөрдөж мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох, эд хөрөнгөө эдлэх, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах зэрэг үйлдлийг захиргааны зөрчилд тооцно. Энэ бүгдийг давтан үйлдсэн тохиолдол бүрийг эрүүгийн гэмт хэрэгт тооцно. Үүнээс нэг зүйлийг тодорхойлбол зодох гэдэг нь ямар нэгэн хохирлын болон гэмтлийн зэрэг үүсээгүйгээр зодсон гэх мэдээллийн дагуу Захиргааны зөрчил бүрийг шалгана. Хэрвээ хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл үүссэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан бусад төрлийн ял, хариуцлагыг хүлээлгэнэ.

Түүнчлэн би ажлын хэсэгт нэг санал тусгайлан гаргасан. Үүнд, тэтгэврийн насны ээж, аавынхаа тэтгэвэр, хүүхдийнхээ мөнгийг авч үрдэг, архи уудаг хүний анх удаагийн үйлдлийг захиргааны зөрчил, давтан үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг байлгая гэсэн санал гаргасан.

Өнөөдөр ийм төрлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүн олон бий. Энэ хүмүүст сэрэмжлүүлэг, сануулга өгөх зорилгоор ийм зүйлийг хуулийн төсөлд оруулья гэсэн санал оруулсан. Мөн хохирогчийг зодсон, харгис хэрцгий хандсан, тохуурхаж даажигнасан, тарчлаасан, хүүхэд жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцьё гэсэн зүйлийг хуульд тусгасан.

Монголчууд Дорнын соёлтой ард түмэн. Үр хүүхдээ хүмүүжүүлэх уламжлалт аргатай. Хүүхдээ хүмүүжүүлэх зорилгоор үг хэлсэн, загнаж зандарсан үйлдлийг зөрчил, гэмт хэрэг гэж тооцох боломжгүй гэдгийг хууль тогтоогчид нарийн сайн ярьж байна.

-Хууль баталснаар ойрын хугацаандямар өөрчлөлт гарах бол?

Энэ хуулийн өөр нэг шинэлэг зүйл нь хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн үйлдэл холбогдлыг хэрэг бүрт- гэл, мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэрэгсэхгүй болгохгүйгээр заавал шүүхээр оруулан шийдвэрлүүлж байхаар эрх зүйн орчин бүрдэж байгаа.

Өнөөдөр хүчирхийлэлтэй холбоотой хэрэг, зөрчлийн 100 гомдол тутмын 90 нь хэрэг бүртгэлийнхээ шатанд эвлэрч, хэрэгсэхгүй болчихоод байгаа. Тиймээс хүчирхийлэгч үйлдэгчдийн үйлдэл нь цаашаа даамжирч байна. Тиймээс хууль тогтоогчоос оруулж ирж буй хүчирхийлэлтэй холбоотой эрүүгийн гэмт хэрэг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурорын шатанд эвлэрч хэрэгсэхгүй болгох боломжгүй.

Харин шүүх дээр эвлэрч болно. Эвлэрэхгүй тохиолдолд хуулийн дагуу ял зэмээ авна гэсэн зохицуулалттай болсон. Мөн хүчирхийлэл үйлдээд ял шийтгэл авсан эсвэл захиргааны хариуцлага ногдуулсан хүнийг албадан зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулна. Сургалтад хамрагдсанаар хүчирхийлэл дахин үйлдэх сэдлээс ангижирна гэж хууль санаачлагчид үзэж байна.

-Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн талаар бүртгэл мэдээлэл байдаг уу?

Цагдаагийн байгууллагад хоногт ирж байгаа дуудлага мэдээллийн 70 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байна. Гэртээ агсан тавьсан, танхайрсан үйлдлүүд элбэг гардаг.

-Гэр бүлийн хүчирхийллийн ихэнх тохиолдол нь архинаас хамааралтай байдаг. Үүнийг дагаад Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юу?

Дагалдан гарч байгаа долоон төрлийн хуульд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт ороогүй. Архидалт гэдэг эдийн засаг хямарсан, ажилгүйдэл бий болсонтой холбоотой дагаж гардаг үзэгдэл. Тиймээс цаашдаа эдийн засгаа өөд татаж, хүн бүр ажилтай, цалин хангамж өндөртэй болж байж энэ сөрөг үзэгдлүүд автоматаар буурна.

-Хуулийг хэрэгжүүлэхэд хэчнээн төгрөг шаардлагатай вэ. Ирэх оны төсөвт суулгасан уу?

2017 оны төсөвт тусгайлсан том зардал суулгаж чадаагүй. Улс орны нийгэм эдийн засгийн байдал хүнд байна. Гэхдээ энэ хуулийг “амь’’ оруулахын тулд олон улсын донор байгууллагуудтай хамтарч ажиллахаар Хууль зүй дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллаж эхэлсэн.