Ц.Даваасүрэн: Дарга нарын хувьд пропорциональ тогтолцоо нь ашигтай
2011.09.06

Ц.Даваасүрэн: Дарга нарын хувьд пропорциональ тогтолцоо нь ашигтай

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-УИХ-ын хаврын ээлжит чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулав. Тойрогтоо ажилласан гэж сонссон?
-Амралт гэдэг ажлаа өөрчлөхийн нэр гэдэг билүү. Чуулганы завсарлага бол амрах бус тойрогтоо ажиллах цаг юм даа. Сонгодог утгаараа бол иргэд маань гишүүнээрээ дамжуулж өөрсдийн бодол, саналаа УИХ-ын шийдвэрт тусгаж өөрсдийнхөө эрх ашгийг илэрхийлж байх ёстой юм. Тиймээс тойргийн сонгогчидтойгоо уулзах цаг маань завсарлага болдог.
Энэ удаа тойрогтоо ажиллахдаа УИХ-ын хаврын чуулганаар шийдвэрлэсэн хууль, тогтоол шийдвэрийн талаар танилцуулж, ирэх намрын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар тэдний санал, бодлыг нь сонслоо.
Иргэд маань сонгуулийн хуулийн талаар илүү сонирхож асууж, лавлаж байна билээ. Тэд бараг 100 хувь хүнээ сонгоно, нам сонгохгүй гэцгээж байсан. Үүнийг сайн бодолцож сонгуулийн хуулийг шийдвэрлэхгүй бол ард иргэдийн маань төрдөө итгэх итгэлд сэв сууж мэдэх юм. Тойргоосоо ирээд тэдний тавьсан асуудлуудыг яамд, төрийн байгууллагуудад уламжилж, шийдүүлэх ажилтай л сууж байна.
-Хөвсгөл аймгийн 80 жилийн ой болж өнгөрсөн. Төрөлх нутгийнхаа ойд ямар бэлэг барив. Тухайлбал, төрөлх аймагтаа ямар бүтээн байгуулалт хийв?
-Гишүүдийн бэлэг, нь бүтээн байгуулалт байх ёстой. Түүнээс өнөө, маргаашаар хуурч мөнгө, бэлэг тарааж, шоу хийх нь чухал биш. Би ч тийм зүйл хийдэг хүн биш. Энэ жил манай аймагт бусад аймгуудтай харьцуулахад 2-3 дахин их хөрөнгө оруулалт хийсэн. Аймгийн төвд баригдаж буй дулааны станц, 50 ортой төрөх эмнэлэг, хүүхдийн болон спортын ордны барилга дууссан. Мөн ахмадын өргөө, есдүгээр хорооны худаг, зам, гүүр гээд олон ажил хийгдээд байгаа. Гэхдээ хэрэгжилтэд нь анхаарах хэрэгтэй байх шиг байна.
-Нууц биш бол наадамд зориулж хэдэн төгрөг зарцуулав?
-Гол нь бүтээн байгуулалтын ажилд нь тусалсан. Төрийн одон, медаль, салбарын шагнал хөөцөлдөх гээд үүрэг даалгавар ихтэй л байлаа.
-Энэ жил зуншлага сайтай болохоор малчдын маань сэтгэл амар байгаа байх. Гэхдээ төрийн түшээ очиход ямар зүйлийг хүсэж байх юм. Малчдад, орон нутгийнханд юу тулгамдаж байгаа бол. Мэдээж танд зовлон жаргалаа хуваалцсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Нэг уулзсаных гээд өргөн сэдвээр ярилцана шүү дээ. Зарим газар дараагийн багт хийх уулзалтаа хойшлуултал ярилцах үе ч гардаг л юм. Сум, баг дээр өөр өөрийн онцлог байдаг учраас аль алинаар нь орж иргэдтэй уулзах нь үр дүнтэй байдаг. Суманд ажлын байр яригддаг бол багт мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд гаргах гээд яг малчдад тулгамдаад буй сэдвүүд илүү яригдах жишээтэй.
Ер нь, хөдөөгийн иргэдийн амьжиргааны орлогыг нэмэгдүүлэх асуудал ярианы гол сэдэв байдаг юм.
Мөн "Монгол мал хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг малчны  хотонд  мэдрэгдтэл эрчимжүүлэх асуудлыг тавьж байна. Тиймээс шинэ зууны малчны амьдралын дүр зургийг тодорхойлж, хөгжил рүү хандуулах цаг болсон байна. Тухайлбал, амьдралын наад захын тав тухыг хангасан тохилог өвөлжөөний байр савны зургийг гаргаж, хөнгөлөлттэй зээл гэх мэтийг төрийн дэмжлэгтэйгээр санхүүжүүлж болно. Энэ жил зуншлага хаа сайгүй сайхан байгаа учраас малчид маань сэтгэл тэнэгэр байна билээ. Энэ жил ойн арга хэмжээ, найр наадам олон байсан учраас наадмын дараа намар гэдгийг сануулж явлаа.
-Дараагийн сонгууль болоход жил гаруйхан хугацаа үлдэж байна. Энэ хугацаанд тойрогтоо хийж, гүйцэтгэнэ гэж амласан мөрийн хөтөлбөрийнхөө хэдэн хувийг биелүүлэв. Үлдсэн хугацаанд юу хийхээр төлөвлөж байна даа?
-Сонгуулиар амласан хэлсэн зүйл маань хэрэгжээд биеллээ олж байна. Зарим нь ашиглалтад орж, үлдсэн нь хэрэгжих шатандаа, бүтээн байгуулалтын ажил нь ч өрнөсөөр байгаа. Ямар ч гэсэн сонгууль гэхэд бүгд хэрэгжсэн байна. Зөвхөн амласнаар нутаг орныхоо хөгжилд оруулах хувь нэмрээ хязгаарлаж болохгүй. Тухайлбал, ирэх жилийн төсөвт гэхэд аймгийн төвд шинэ эмнэлэг барих гэх мэт зайлшгүй шийдэх шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлуудыг гишүүдтэйгээ хамтарч хөөцөлдөж байна. Манай аймаг хүн ам олонтой, ялангуяа Мөрөн хот өргөжин тэлж байгаа учраас нэгдсэн эмнэлэг маань ачааллаа дийлэхээ больсон байна билээ. Би хавар эмнэлгээр орж ажил байдалтай нь танилцаж явахад урт дараалалд зогссон иргэд маань шинэ эмнэлэг шийдүүлж өгөхийг хүсэж байсан юм.
-Гишүүдийн гэх тодотголтой нэг тэрбум төгрөг байдаг. Үүнийг та ямар ажилд зарцуулж байна?
-Тойргийн сонгогчдын хүсэлтээр санал хураалгаж төсөвт тусгасан арга хэмжээнүүдийг л нэрлээд байна аа даа. Тухайлбал, миний хувьд сумдад хадлан, хүнсний ногоо тарих зориулалтын трактор, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах тоног төхөөрөмж худалдан авах, аймгийн төвд худаг гаргах, худгаас гэр рүү нь цэвэр ус оруулах саналуудыг хураалгаж төсөвт тусгуулсан. Одоо тендэр нь дүгнэгдээд ажил нь эхэлж байгаа. Тендер шалгаруулах гээд зуны сайхан цагийг алдчихаж байна. Манайд барилгын ажил улирлын онцлогтой, 6-10 сарын хооронд л явдгийг бодолцож тендерийг зохицуулахгүй бол зуны улиралд олигтой бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй болчих гээд байна.
-Хөвсгөл аймгийн Улаан-уул суманд алтнаас болж газар нутаг их хэмжээгээр сүйдсэн тухай олон нийт ярьдаг. Гэтэл сүүлийн үед гар аргаар алт олборлогчид маань бүр өөрсдийнхөө хийж байгаа ажлыг хамгаалахаар болж болж байх шиг байна. Таны хувьд сүйдсэн газар нутаг дээр очиж байдалтай нь танилцсан уу?
-Нинжа нар дайрч орсон энэ газар бол байгалийн үнэхээр үзэсгэлэнтэй газар юм. Нэг хэсэг газрыг нь сүйтгээд, нөхөн сэргээхгүй хаясан байгаа. Ухсан нүх, модыг нь тайрч огтолж, шатааж сүйтгэгдсэн уул л үлдсэн гэсэн. Харин сүүлийн үед алт гарахгүй болсноор хэдэн мянган нинжа нараас одоогоор 80-аад хүн үлдсэн гэсэн мэдээ байна. Нөгөө хамгаалах үүрэг хүлээсэн төр маань үндсэндээ харсаар суугаад өнгөрөөсөн. Сүйтгэгдэж байсан тэр үед нь төрийн холбогдох яам, байгууллагад хандаад нааштай алхам хийгдээгүй. Энэ бол төр хүчгүй болсны нэг жишээ юм.
-Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа асуудлын нэг бол Сонгуулийн тухай хууль юм. Хаврын чуулганаар хэлэлцэх ёстой байсан ч хэлэлцэж чадаагүй. Шалтгаан нь хоёр нам тохиролцоогүй гэх. Тэгэхээр үүнийг заавал хоёр нам ханцуйндаа тохиролцож байж батлах ёстой юм уу?
-Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг зөвхөн УИХ-аар л хэлэлцэж шийдвэрлэнэ. Тиймээс УИХ-ын олонхыг бүрдүүлж буй хоёр нам хуулийн өөрчлөлтийн талаар саналаа солилцох нь зүйн хэрэг юм. Харин шийдвэр гаргахдаа олон нийтийн санал, бодолд тулгуурлах ёстой. Ингэж байж сонгуулийн үр дүнг ард түмэн хүлээн зөвшөөрөх болно.
-Ер нь, манайд ямар тогтолцоо нь хэрэгтэй юм бэ. Уг нь улс төрийн намын дарга нарын    уулзалтаар пропорциональ тогтолцоо нь дээр гэдэгт нэгдсэн шүү дээ?
-Дарга нарын хувьд пропорциональ тогтолцоо нь ашигтай шүү дээ. Намын авсан хувь дээр гишүүн болох хамгийн өндөр магадлалтай хүн мэдээж намын дарга. Нөгөө талаар энэ тогтолцоо бий болчихвол гишүүн болохын тулд намын даргаа л халамжилж тойрсон хүрээлэл бий болдог. Тэгэхээр тэд санал нэгтэй байлгүй яах вэ. Одоогийн мажоритор тогтолцоогоор УИХ-д хэн суухыг ард түмэн шийддэг. Энэ бол Үндсэн хуулиар тэдэнд олгосон эрх юм. Одоо түүнийг нь янз бүрээр тайлбарлаж байгаад намууд булааж авах гээд байгаа нь нууц биш. Үүнийг би дэмжихгүй. Ард түмэн улс төрчдийн сонгогдох эсэхийг шийддэг шүүлтүүр байх нь юунд муу гэж. Харин ч өнөөдрийн нөхцөл байдал энэ шүүлтүүрийг улам сайн болгохыг шаардаж байх шиг байна. Иргэддээ ээлтэй, зөв төрийн төлөө анхаарах цаг болсон байна.
-Хэрэв Сонгуулийн тухай хуулийг хугацаанд нь баталж чадахгүй бол хуучнаараа явна гэх яриа байна?
-Хуучнаараа явахгүй нь тодорхой. Ардчилсан сонгуулийн үр дүнгээр төрөө эмхлэн байгуулдаг тогтолцоогоо бэхжүүлье гэвэл хуулийн сул талыг гээж, дэвшилттэй заалтуудыг нэмэн оруулж өгөх ёстой. Тухайлбал, мөнгөний нөлөөллийг хааж, тооллогыг нь шударга болгоод өгчихвөл мажоритор тогтолцоо манай онцлогт илүү нийцнэ. Өмнөх сонгуулийн алдааг давтаж, төрөө байгуулж чадахгүй эмх замбараагүй байдал гаргаж болохгүй. УИХ-ын гишүүдийн олонх үүнтэй санал нэг байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь, холимог хувилбар гарах юм болов уу.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.