УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
2016.12.01

О.Баасанхүү: Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнийг томилохдоо маш хариуцлагатай хандах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлж,асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Хэн мөнгөө төлнө, тэр хүн хөгжим сонсоно” гэж үг байдаг. Арилжааны телевизүүд үнэндээ улс төрчдийн халаасанд байдаг учраас хараат бус телевиз гээд Үндэсний телевизийг анх байгуулж байсан юм шиг байгаа юм.

Харамсалтай нь энэ байгууллага нь 26 жилийн турш нэг намын халаасанд ороод алга боллоо доо. Асар олон хүний орон тоотой мөртлөө маш бага контент үйлдвэрлэдэг. Арилжааны телевиз шиг реклам, сурталчилгаа хийхгүй гээд төсвөөр нь дарамтлаад өөрсдийнхөө хөгжмийг л сонсдог тэд.  

Жишээ нь Дорнодод дөрвөн хүний амь эрсдээд байхад “Зөв боломж” гээд  хатуухан хэлэхэд АН-ын халаасны компани АТГ-т өгөөд ч хөдлөөгүй. Тухайн үед нь хуулийн хариуцлага тооцоод явсан бол хүний амь нас эрсдэхгүй байх байсан. Гэтэл одоо тэр тухай ямар ч олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гаргаагүй нам дарж байна. Арилжааны телевиз нь ч гаргахгүй. Үндэсний  телевиз нь ч мэдээлэл гаргаагүй.  

Дорнодод та бүхэн очоод үзээрэй. Тэд аль хэдийн Хятадын нөлөөнд автсан байна. Тэгэхээр эдгээр асуудлыг чанга дуугаар хэлж, ил гаргаж чаддаг өөрөөр хэлбэл ард түмний төлөө зүтгэдэг үнэнч хүн Үндэсний зөвлөлдөх хороонд очих ёстой.

Ноцтой хэрэг үүсэж байхад Үндэсний зөвлөлдөх хорооноос ямар ч мэдэгдэл өгсөн юм алга. Төрийн байгуулалтын байнгын хороо очиж шалгалаа гэсэн. Тэр шалгалтад явсан хүн нь ММ агентлагийн захирлаар ажиллаж байсан хүн байсан. Тэгэхдээ “Та Ц.Оюундарьтай уулзсанаас хойш зурагтаар сайн гардаг болсон шүү” гэсэн байгаа юм. Өмнө нь уулзаагүй байхад нь зурагтаар гаргадаггүй байсан юм байна л даа. Ийм юм яриад явж байгаа хүн төрийн ордонд сууж байна гэхэд шившигтэй биш үү?

Тэгэхээр Үндэсний зөвлөлдөх хорооны томилгоонд маш хариуцлагатай хандаж, олон нийтийн байгууллага, ард түмний эрх ашгийн төлөө зоригтой дуугарч чаддаг хүнийг томилмоор байгаа юм.

Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнд нэр дэвшиж буй хүн өмнө нь энэ албанд байсан л хүн байна шүү дээ. Тухайн үед энэ албанд байхдаа гаргасан ахиц дэвшил байхгүй. Одоо тэгээд ямар үр жимс дэлгэрүүлэх гээд байгаа юм бэ?

Хуульд өөрчлөлт оруулаад “Ялсан намын телевиз” гээд нэрлэмээр юм байна. Засгийн газар үйл ажиллагаагаа сурталчлах ажлыг заавал нэг телевизэд даатгаад байх шаардлагагүй шүү дээ. Уг нь ард түмний телевиз байвал зүгээр л байгаа юм.  Харамсалтай нь энэ статусын томилгоог аль намын хэн хийсэн гэдгээсээ хамаараад нам, эвсэлдээ  үйлчлээд явчихдаг.

Манай нам, манай хүн гээд л. Тийм болохоор зарим нэг хүнээ томилохдоо “Та одооноос намын гишүүн биш боллоо шүү” гээд намаасаа хөөсөн тушаалыг давхар гаргаж өгмөөр байгаа юм. Тэгэхгүй болохоор нөгөө ард түмний төлөө явах ёстой байснаа өөрийг нь сонгосон Ардын намынхаа төлөө явж байна гээд орилоод байдаг болчихдог.

Саяны нэг ажлын тайлангаас харж байхад зүгээр нэг гомдогсдын үгнүүдийг “дутагдал” гээд дүгнэлт тавьчихсан. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад “гэмт хэрэгтэн” гээд нотолчихсон байх юм.

 “Нотлох” гэдэг үг өөрөө шүүхээс давуу эрхтэй гэдгээ харуулсан үг. Ийм байдалтай дүгнэлт орж ирснийг Төрийн байгуулалтын байнгын хороо юу гэж үзэж байгаа вэ? Миний ойлгож байгаагаар гэм буруутайг бид нотлуулахаар эсвэл хуулийн байгууллагаар шалгуулахаар өглөө гэсэн бол зүгээр санагдах юм.

Би хэн нэг хүний тухай яриагүй шүү. Хамгийн гол нь ийм үед Үндэсний зөвлөлдөх хорооны хараат бус дүгнэлт гэж баймаар байгаа юм. Тэгвэл түүнд нь үндэслээд  хуулийн хэрэгжилтийг шалгах ёстой байдаг юм