УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2016.12.01

С.Эрдэнэ: Нийгмийн даатгалын санг төрийн сангаас салгах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

 Уг асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэллээ  

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хуулиар олгогдсон эрх хэм хэмжээ, үйл ажиллагааны үүрэг чиглэл нэлээд өргөн хүрээтэйг та бүхэн мэдэх байх. Харамсалтай нь 2000 оноос хойш энэ байгууллагын эрх хэмжээ, үйл ажиллагаа маш хязгаарлагдсан.

Тухайлбал 2002 онд Засгийн газрын тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төрийн сантай нэгтгэсэн. Нийгмийн даатгалын хуулийн 11.2-т зааснаар нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өөр төрлийн санд байршуулах, зориулалтын бусаар ашиглахыг хориглоно гэсэн байдаг.

Гэтэл өнөөдрийг хүртэл энэ заалтыг зөрчиж ирсэн. 2002 онд С.Чинзориг сайд тухайн үеийн дэд сайд байхдаа Үндэсний зөвлөлийг толгойлж, нийгмийн даатгалын сангийн мөнгийг яагаад төрийн сан руу шилжүүлсэн юм бэ?

Өдийг хүртэл Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, мөнгөний хүүгийн үлдэгдэл үндсэндээ төрийн санд нэг ч хувийн хүүгүйгээр байршиж байгаа. Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэх, даатгуулагчдад үзүүлэх үйлчилгээний орчин нөхцлийг сайжруулах талд зарцуулсан хөрөнгө оруулалтыг хөндөж, мушгиж яриад байдаг.

Хууль зөрчсөн зүйл хийсэн гэж байгаа бол шалгаад үз. С.Чинзориг та Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг удирдаж байх үед нэг цэгийн үйлчилгээ нэртэй тухайн үеийн нийгмийн хамгааллын төслийн 16 сая төгрөгөөр “гараа угаасан” шүү дээ. Ер нь шүүгээд үзэхэд хэн нь ажил хийгээд, хэн нь улс төрийн ашиг хонжоо хайсан зүйл хийгээд явдаг нь харагдах биз.

Улстөржихгүй зүгээр ажлаа хиймээр байна. Энэ салбар эрх хэмжээний хувьд маш хязгаарлагдмал шүү дээ. Бүх хөрөнгийг Сангийн яам төлөвлөөд татчихсан. Хүмүүс нийгмийн даатгалын сангийн мөнгө тусдаа байдаг гэж ойлгодог юм шиг байгаа юм. Энэ сангийн мөнгийг Сангийн яам л мэдэж зарцуулдаг. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн оролцоо үнэхээр байдаггүй. Одоо зүгээр орлого, зарлагын талаар хуралдах зэргээр ор нэр төдий л байж байгаа.

Ийм бодит байдалд үндэслэн Н.Номтойбаяр сайдад нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг бий болгож, төрийн сангаас тусгаарлах, цаашлаад Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг хуульд заасан нөхцөлд хүрч ажиллах тал дээр дорвитой ажил хийх байх гэж найдаж байна.

Өнөөдөр бид энэ танхимд сууж байгаа ард түмний төлөөллийн хувьд нийгмийн даатгалын сангийн тухай бодит байдлыг нууж, хаах юмгүй ярьж байх ёстой шүү. Өмнө нь удирдаж байсан хүн мэдэхгүй юм шиг зүйл яриад будилаад сууж байж болохгүй. Нийгмийн даатгал өөрөө даатгуулагчдын итгэл хүлээлгэж төлдөг шимтгэл дээр оршин тогтдог байгууллага.

Өөрөөр хэлбэл банк гэсэн үг. Тэгхээр өнөөдөр хүртэл энэ сангийн мөнгө өөр санд байрших ёсгүй гэсэн нийгмийн даатгалын хуулийн заалтаа зөрчөөд явж байгааг нэг тийш болгох хэрэгтэй юм. Үндсэн хуулийн цэц энд хоёр үзүүртэй  шийдвэр гаргасан байдаг юм.

Тухайн үед хууль зөрчөөгүй байна гэсэн хэрнээ шимтгэлийн дээд хязгаар тогтоосныг болохоор иргэдийн хадгаламж буюу хувийн мөнгөнд нь халдаж хууль зөрчсөн байна гэсэн хоёр өөр шийдвэр гаргасан байдаг. Энэ мэт хуулийн салаа заалтыг нэгэтгэх, энэ салбарын үйл ажиллагааг бодитой болгож үр өгөөжтэй болгох тал дээр анхаараасай гэж хүсэх байна.