2016.12.01

О.Баасанхүү: Арбитрын хуулийг Олон улсын гэрээтэй хамт явуулахгүй бол лоббидчих биз

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцлээ. 

Уг хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Арбитрын хуулийг Олон улсын гэрээний тухай хуультай хамт хэлэлцэхгүй юм бол лобби орох вий гэсэн хардлага төрж байна. Би өмнөх Засгийн газрын үед байнгын хороон дээр Арбитрын хуулийн ажлын хэсгийг ахалж явсан.

Тухайн үед гадны нөхдүүд манай улсын шүүх, арбитраар асуудлаа шийдүүлэх сонирхолгүй байдаг нь ажиглагдсан. Гэтэл одоогийн энэ хууль нь тэдний хүсээд байгаа зүйлийг багтаасан, тэдэнд боломж олгож байна.

Бид шүүхээр шийдвэрлэх асуудалд, ялангуяа өмгөөллийн зардалд хэдэн тэрбум төгрөгийн зардал гаргах болсон байна. “Эрдэнэт” үйлдвэр л гэхэд 10 сая ам.доллар зарчихаад байгаа шүү. Тийм учраас энэ хуульд маш сайн анхаарал хандуулмаар байгаа юм.

Саяхан Дорнодод хариуцлагагүй нөхдүүдээс болж, 4 хүний амь эрсдээд байгааг та бүгд мэдэж байгаа. Хүний алтан аминд хүрээд байгаа гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй шүү дээ.

Хариуцлагатай нийгэмд хүний аминд хүрсэн л бол хариуцлага хүлээх ёстой. Гэтэл Дорнодын талыг "там" болгож, 26 жил зам тавиулахгүй дураараа дургисан энэ компаниудыг өмнөх Засгийн үед “Шонхор” фракци лоббидож байсан.

Одоо хэний лоббид автчихсан юм бэ? Энэ байдалд Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хиймээр байна. Аль, аль байнгын хороонд нь миний бие харьяалагддаг учир энэ асуудалд анхаарч байна.

Дорнодчуудын аюулгүй байдлын өмнөөс хэн ч дуугарахгүй байгааг тэд хэлж байна. Ард түмнийг ингэж басамжилж болохгүй. Тиймээс энэ асуудалд холбоотой хоёр асуулт асууя. Хэрвээ энэ хууль батлагдвал Олон улсын бусад гэрээнүүдийг эргэж харах боломж бий юу?

Олон улсын гэрээний тухай шинэчилсэн найруулгын төсөл батлагдлаа гэхэд хуулийг буцаан хэрэглэх боломж бий юу? Уг хуулийн төсөл, бусад холбогдох хуулиудыг сайжруулаад явж болох байх. Тэгвэл асуудалтай байгаа олон улсын гэрээнүүдийг яах вэ?

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн асуултад Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил ийнхүү хариуллаа.