Батсайхан.Х 2016.12.01 | Сайт: Shuud.mn

Хүний их эмч нар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөв

Хүний их эмч нар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөв

Анагаахын Шинжлэх Ухааны үндэсний их сургуулийн хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгджээ.

Уг итгэмжлэлийг албан ёсоор баталгаажуулж гэрчилгээ олгох ёслолын ажиллагаа тус сургуулийн “Соёлын төв”-д боллоо. Арга хэмжээнд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дарга Х.Батсайхан, Азийн хөгжлийн банкны дэргэдэх дээд боловсролын төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга Т.Сувдмаа, БСШУСЯ-ны дээд боловсролын хэлтсийн чанарын үнэлгээ баталгаажуулалт, бодлого зохицуулалтын газрын дарга Т.Сарантуяа нарын хүмүүс оролцов.

Энэ онд тус сургуулийн хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд хүрээн зөвшөөрүүлж түүхэндээ анх удаа Монгол Улсын хүний их эмч бэлтгэх хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлүүлэн баталгаажуулж буй нь энэ юм. Магадлан итгэмжлэлийг БСШУСЯ, Боловсролын газар, Дээд боловсролын хэлтэс, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэл төслийн дэмжлэгтэйгээр ХБНГУ-ын ASIIN олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэн батлуулсан аж.

Энэхүү үйл ажиллагааны ач холбогдлын тухай тус сургуулийн захирал, доктор профессор Г.Батбаатар “Европын холбооны улс орнуудын хүний их эмч бэлтгэдэг шаардлагыг биелүүлж байна гэсэн үг. Ингэснээр олон улсад данстай болох, хөгжсөн улс орнуудын их сургуулийн жишигээр ажиллах боломж бүрдэж байна гэж ойлгож байгаа. Манай сургуулийн зорилго Ази, номхон далайн баруун бүсийн шилдэг 100 их сургуулийн нэг болох. Болохын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэдэг байх учиртай. Тэгэхээр манайд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нь бэлтгэгдсэн, суралцах орчин боломжийн гэж үнэлж байна. Бид ингэж үнэлүүлж чадсандаа баяртай байна” хэмээв.

Мөн уг сургуулийн хүний их эмч мэргэжлийн тавдугаар курсийн оюутан Д.Номин-Эрдэнэ “Би хүний их эмч бэлтгэх хөтөлбөрт суралцдаг. Бидний суралцаж буй хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэнээр цаашдаа олон улсад хүлээн зөвшөөрдөнө. Ингэснээр суралцах хугацаандаа оюутан солилцоонд хамрагдах, төгссөний дараах сургалтад хамрагдах бүрэн боломжтой болно. Ингэхдээ энд суралцсан хичээлээ дахин судлахгүй, үргэлжлүүлэн суралцаж мэргэжил дээшлүүлэх боломжтой юм” хэмээн ярилаа.

Хүний их эмч бэлтгэх хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэнээр тус сургуулийн суралцагч оюутнууд, төгсөгчид, эмч нар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, АШУҮИС дэлхийн жишигт нийцсэн сургалт явуулдаг болохыг харуулж буйг гавьяат багш нар онцолж байлаа.