УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.12.01

О.Баасанхүү: Хүчирхийлэгчид өөрсдөө энэ хуулийг гацаагаад байгаа ч юм шиг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Уг тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлж, асуулт асуув. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

"ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэлэхдээ бид Үндсэн хуулийг өөрчлүүлэхээр Засгийн газрын тогтоол гаргасан гэж байсан. Үндсэн хуулийн асуудал тусгай хуультай, ажлын хэсэг гаргах ч тусгай журамтай шүү гэдгийг хэлмээр байна.

Хоёрдугаарт хүчирхийлэлийн тухай хуулийг батлахгүй хойшлуулаад байгаа нь хүчирхийлэгч нарын ашиг сонирхолтой холбоотой гэж ойлгохоор байна.

Яагаад энэ хуулийг батлахгүй байгаа тухай болохгүй  бол зарим нэг хүний нэрийг би зарлаж болно шүү дээ. Тэгэхдээ зүгээр ч нэг батлачихгүй шүү. Эрүүгийн болон бусад хуулиудтай хэр уялдаа холбоотой болсон эсэх нь чухал.

Тэгэхгүй бол зүгээр нэг тунхагийн шинжтэй хууль болох гээд байна. Монгол Улсад өдрийн зээл гэж аймшигтай мөнгө хүүлэгч нар байгаад байна. Үүнийг болиулах арга хэмжээг авч болдоггүй юм уу. Банк санхүүтэй холбоотой асуудлыг энэ хуулийн төслүүддээ хэрхэн холбон тусгаж өгөв?

Ирэх 2020 он гэхэд өдрийн зээл нэртэй энэ асуудал бүрэн шийдэгдэж цэгцрэх үү? Хууль гараад ч манайд хэргэжих биш гэж ард  түмэн ойлгодог болж. Тэгээд энэ асуудлыг нь хууль санаачлаад зохицуулах гэхээр бас олон юм ярих болж.

Хууль санаачлахаар их мөнгө авдаг гэж. Нэг хууль  20 саяын үнэтэй ч гэх шиг. Хоёр хууль бол 40 сая болох гэнэ. Энэ яриа мөнгө авах гэж хууль санаачилж, хуулийн төсөл дээр ажиллаж байдаг мэт буруу сөрөг ойлголтыг олон түмэнд өгч байгаа нь энэ хэрэгт саад болж байна.

Уг нь би хэд хэдэн хуулийн саналыг засаж, янзлаад оруулна гээд байнгын хороод руу явуулсан. Гэтэл манай Ардын намынхан энэ хуульдаа  тусгаагүй л юм шиг байна. Танай дэмжигч бол манай дэмжигч, манайх бол танайх гэсэн юм яриад байгаа шүү дээ.

Тэгж ярьдаг хүмүүсээс асуухад намын бодлогоор орж ирж буй хуулиудыг дэмжих боломж байна уу гэж асуумаар байна. Би хэзээ ч өөрөөсөө бас намаасаа урвах хүн биш гэдгээ хэлье. Олон түмэн өнөөдөр та нарын эрх зүйн тогтолцоог яаж боловсронгуй болгохыг харж суугаа.

Тийм болохоор энэ асуудалд тодорхой хариулт өгсөн дээр байх. Өмнөх хуулийн төслөөс юугаараа ялгаатай, ямар онцлогтой гэх зэрэг асуултад хариулт авмаар байна."