С.Эрдэнэ: Хүүхдийн мөнгө бол халамжийн мөнгө биш
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2016.12.02

С.Эрдэнэ: Хүүхдийн мөнгө бол халамжийн мөнгө биш

Өнөөдөр үдээс хойших Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар “Нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал,тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. 

Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Хүүхдийн мөнгийг Хүний хөгжил сангаас, халамжийн мөнгийг Халамжийн сангаас олгодог


"Амьжиргааны түвшнээс шалтгаалж, хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоор шийдсэн гэж тайлбарлаж байна. Орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн орлого, амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг огт өөр зорилгоор хийсэн. Энэ бол халамжийн бодлогод хамрагдаж буй өрх, иргэний амьжиргааны түвшинг тодорхойлох, зорилтот бүлэг рүү чиглэсэн халамжийн бодлого, хөрөнгө мөнгийг зөв зохистой хүргэх зорилгоор уг судалгааг маш өндөр өртгөөр хамтарч хийсэн. Энэ судалгааг өнөөдөр хүүхдийн мөнгө олгоход ашиглаж байгаа нь учир дутагдалтай.

Хүүхдийн мөнгө бол халамжийн мөнгө биш. Хүүхдийн мөнгө бол хүүхдийн ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт. Хүний хөгжлийн сангаас олгодог мөнгө. Халамжийг халамжийн сангаас олгодог.

Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохоор эцэслэн шийдвэрлэсэнд үнэхээр харамсаж байна. Та бүгдийн ярьж байгаагаар 2019 онд үлдэж буй хэсгийн хүүхдийн мөнгийг нэрийн дансанд нь төвлөрүүлж байгаад олгох юм байна. Тэгвэл 2019 онд хүүхдийн мөнгийг үлдсэн хувьд олгохдоо ямар аргаар олгох юм бэ?

МАН-ын мөрийн хөтөлбөрт цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ гэж заасан. Ирэх онд цалин, тэтгэврийг нэмэх үү? Тэтгэврийг хэдэн үе шаттай нэмэх вэ? Тэтгэврийн шинэчлэлийг яаж хийх вэ? Тэтгэвэр авагчдын амьжиргааны түвшинг яаж баталгаажуулах вэ?

Насны хишиг олгож байгаа нь төрөөс ахмадуудад өгч буй хишиг гэж ойлгож байна. Энэ бол Нийгмийн даатгалын сангийн тэтгэврийн санд төвлөрч буй тэтгэвэр авагчдын төлсөн мөнгө биш. Тэтгэврийн санд төвлөрч буй мөнгийг цаашид өвлүүлэх буюу тэтгэвэр авагчдын нийгмийн наад захын хэрэгцээг хангах түвшинд тэтгэврийн хэмжээг хүргэх тал дээр ямар бодлого барьж байна?

Нэг зүйлийг тодорхой хэлэхэд, тэтгэврийг өвлүүлэх, хувь хүний өөрийн насан туршдаа хуримтлуулсан хөрөнгийг өөрт нь шилжүүлэх эхний алхам бол Хамтын тэтгэврийн тухай хууль байсан.

Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгож, Насны хишиг гэсэн хөтөлбөр санаачилсан. Энэ хууль, хөтөлбөрийн ялгааг юу гэж харж байна?

Хамтын тэтгэврийн тухай хуулийг нэг мөр байхгүй болгож, хүчингүй болгосон хэвээрээ байх юм уу? Эсвэл үүнтэй төстэй Нийгмийн даатгалын санд байгаа мөнгийг тухайн тэтгэвэр авагч ахмадуудад өвлүүлэх, буцаан олгох, хангалттай түвшинд тэтгэврийн хэмжээг тогтоох тал дээр ямар арга хэмжээ авах вэ?" 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Хүүхдийн мөнгийг ялгавартай олгохыг бид биш та нар тэгж шийдсэн

"Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр олон жил ажилласан хүн ингэж ярьж байгаад харамсаж байна. Насны хишиг гэдэг нь ахмадууд нас ахих тусам нийгэм, эрүүл мэндийн асуудалтай холбоотой зардлууд дагаад өсдөг. Тиймээс алагчилж үзэхгүйгээр нас ахих тусам түүнд тохирсон дэмжлэг үзүүлдэг тогтолцоог бий болгож байна.

Хүүхдийн мөнгийг ялгавартай олгоно гэж шийдсэн хүмүүс нь бид нар биш. Мэдээлэл бэлдэж буй хүмүүст хэлэхэд, мэдээлэл өгөхдөө тооцоо, судалгаатай ханд гэж хэлмээр байна. Энэ асуудлыг АН эрх барьж байхдаа ингэж шийдсэн шүү дээ.

144 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж, зөвхөн зорилтот бүлэг буюу нийт хүүхдийн 60 хувьд олгоно гэж шийдсэн байсныгаа хууль зөрчиж, 100 хувьд нь олгосон байсан. Энэ асуудлаа та нар өөрсдөө сайн мэдэж байгаа. Харин үүнийг 2016 оны төсвийн тухай хуульд тодотгол хийж, оруулсан.

Цаашид байдал үнэхээр хүнд байна. “Эдийн засаг хүндэрсэн байна. Гэхдээ...” гэж яриад байх юм. Эдийн засаг хүндрээд ирэхээр төсөв, зардлаа хумидаг. Төсвөө хумиж, бууруулахдаа иргэдийн гарт очиж буй мөнгийг бууруулахаас өөр аргагүйд хүрдэг. Засгийн газраас барьж буй бодлого бол хэдийгээр эдийн засаг хүндрэлтэй байгаа ч зорилтот бүлгийн хүндрэлийн шуурганд нэрвэгдүүлэлгүй хүндрэлээс гарахыг чармайж байна.

Эдийн засгийн хүндрэлээс гарсны дараа  зорилтот бүлгээ тэтгэх дараа дараагийн алхмаа хийх болно гэсэн зарчмыг баримталж байна."

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр: Тэтгэврийг багаар тогтоож байсан зөрчил илэрсэн

"0-18 настай бүх хүүхдэд сар бүр 20000 төгрөг өгөхөд жилд 240 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байдаг. 2015 онд өнөөдрийн цөөнх, тэр үед УИХ-д олуулаа байхдаа нийт хүүхдийн 60 хувьд олгоно гэж тооцоод 140 тэрбум төгрөгийг Хүүхдийн мөнгө олгоход зориулж төсөвлөсөн.

Тэр үед цөөнх байсан МАН-ын бүлгээс “Ардын хүүхдийг алагчилж болохгүй“ гэж эрх баригчдаас шаардлага тавьж байсны дагуу 2016 оны эхний хагас жилийн байдлаар яах аргагүй хууль зөрчиж, бүх хүүхдэд олгосон. Засгийн эрхийг шилжүүлж авахдаа 2016 оны төсвийг тодотгохдоо 79 тэрбум төгрөгийг нэмж суулган, хүүхдийн мөнгийг санхүүжүүлсэн.

2019 оноос эхлэн хүүхдийн мөнгийг олгохдоо босго оноо буюу 502 онооноос дээш, одоогоор нийт хүүхдийн 40 орчим хувьд сар бүр 20000 төгрөгөөр тооцоход хэдэн төгрөг хуримтлагдсан байх ёстой, тэр хэмжээгээр бөөндөнө олгох зарчим баримталж байна.

Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хэд, хэдэн шат дараалсан арга хэмжээ авна. Нэгд, одоо хэрэгжүүлж буй арга хэмжээ бол аудит хийх үе шат явагдаж байна. Нэг салбарт 187 орчим сая төгрөгийн зөрчил гарсан.

Ахмад настан тэтгэврээ буруу тогтоолгож, багаар тооцож, иргэдийг хохирч байгааг илрүүлсэн. Арилжааны банкуудтай зарим даатгалын байцаагч нар ярилцаж байгаад бичилтийг өндөрөөр хийж, дундаас нь мөнгө завшдаг тохиолдол гарсан. Гэх мэтчилэн санхүүгийн олон зөрчил илэрч байна.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд, холбогдох байгууллагатай хамтран улсын хэмжээнд тэтгэвэр авагч дахин тэтгэврээ тогтоолгох, тогтоолгосон тэтгэврээ шалгах аян өрнүүлэх гэж байна.

Урьдчилсан байдлаар судалж үзэхэд, төрийн даатгалын тогтолцоонд даатгуулагчид хэр итгэж байна, төр итгэлийг нь дааж чадаж байна уу гэдэг зарчмын асуудлыг хөндөөд үзэхээр төдийлөн сайн үр дүн гарахгүй байна.

Иргэд, даатгуулагчдийн итгэлийг даахын тулд шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Нийгмийн даатгалын тухай багц хуулийг шинэчлэх төлөвлөгөөтэй байна. Энэ асуудлаар байнгын хороо, УИХ дээр мэдээлэл хийнэ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс тавьсан агуулгын хариу болгож 12 дугаар сарын 11-ний дотор мэдээллээ бүрдүүлээд энэ сардаа багтааж томоохон хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүдийн дунд хийж, цаашид авах арга хэмжээний талаар аль болох улстөрөөс ангид байдлаар асуудлыг авч үзэх нь зүйтэй болов уу. Хамтын тэтгэврийн тухайд, нэг талаас тэтгэвэр гэж үзэх үү гэхээр үгүй."