Ц.Даваасүрэн: Байнгын хорооны даргыг хууль зөрчсөн гэж харж болохоор
2011.11.01

Ц.Даваасүрэн: Байнгын хорооны даргыг хууль зөрчсөн гэж харж болохоор


Засгийн газрыг татан унагана, үгүй гэсэн маргаан парламентад өрнөж, багагүй маргаан дэлгээд байна. Нэр бүхий есөн түшээ гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах асуудал тавьсан нь Байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэгт орох ёстой байсан ч хойш тавигдсан. Учир нь, уг асуудлыг хэлэлцвэл Үндсэн хууль зөрчсөн асуудал болно гэсэн танилцуулгыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар хэлсэн юм. Гэтэл асуудал тавьсан гишүүд хүлээн зөвшөөрөөгүйгээс маргалдсан байгаа. Энэ талаар Ц.Даваасүрэн гишүүнтэй ярилцлаа.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавьсан гишүүдийн нэг нь та. Үүнийг парламентын бүтцээр хэлэлцэх байсан ч зарим нэг шалтгаанаас үүдэн хойш тавилаа. Үүнд ямар өнцгөөс хандаж байна вэ?
-Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлаар нэр бүхий есөн гишүүн УИХ-д асуудал тавьсан байгаа. Энэхүү саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэх бус зөвхөн танилцуулсан. Уг нь, Дэгийн тухай хуулиараа бол хэлэлцэх ёстой. Ерөнхий сайд, танхимын гишүүдийг огцруулах асуудлыг долоо хоногийн дотор хууль тогтоох дээд байгууллагад оруулан хэлэлцүүлэх хуулийн заалттай.
Одоогийн байдлаар бидний оруулсан саналын талаар ямар нэгэн хариу ирүүлээгүй л байна.
Ерөнхийдөө Байнгын хорооны хуралдаан дээр гаргасан тайлбарыг харахад гишүүдийн дөрөвний нэгтэй тэнцүү хэмжээнд хүрсэн байх ёстой гэсэн зүйл ярьж байна билээ. Уг нь, бид Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь биш зөвхөн гүйцэтгэх засаглалын тэргүүнийг л огцор гэсэн юм.
-Гэхдээ зарим гишүүн адилхан гээд байна л даа?
-Үндсэн хуулийн 43.4-д зааснаар Засгийн газрыг огцруулах саналыг дээрх тоогоор оруулан, УИХ-аар хэлэлцэх ёстой гэж. Гэтэл гүйцэтгэх засаглал гэдгийг нь дээрх хуулийн 39.1-д заагаад өгчихсөн бөгөөд Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ гэсэн байгаа юм. Энэ нь, кабинетын тал нь засаглалын тэргүүн, тал нь гишүүд байх нь. Тэгэхээр Ерөнхий сайдаар засгийг дүйцүүлнэ гэсэн агуулга алга гэж хэлж болно. Хуульдаа ингээд л заачихсан байна шүү дээ.
-Хуульд ийм байгаа учир салгаж ойлгох ёстой гэсэн үг үү?
-Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр Засгийн газар бол бүтэц. Харин Ерөнхий сайд гэдэг нь албан тушаал юм. Дахиад хууль сөхье. Үндсэн хуулийн 25.6-д зааснаар УИХ-аас томилогдсон албан тушаалтнуудыг-чөлөөлөх, огцруулах эрх парламентад байдаг. Яг энэ асуудлыг дагалдах хууль буюу УИХ-ын тухай хуулиар хууль тогтоох байгууллагын гишүүдэд олгочихсон байна. Өөрөөр хэлбэл, томилогдсон буюу сонгогдсон албан тушаалтныг огцруулах санал гаргах эрх нь гишүүний бүрэн эрх гэсэн заалттай. Ер нь, засаглалын тэргүүн Засгийн газар биш түүний нэг хэсэг.
-Ийм заалттай ч гэлээ Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ үгүй болох гээд байх шиг?
-Тийм тайлбар хэлээд байгаа. Миний ойлгож байгаагаар гарах үр дагавар нь уг асуудал. Ерөнхийдөө Засгийн газрын 50 хувь нь огцорвол үйл ажиллагаа явуулах чадамжгүй болно. Тэгэхээр энэхүү хувь болох хүнийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох гээд байгаа хэрэг. Бидний зүгээс анхаарах ёстой зүйл гэсэн талаас нь л хандаад байгаа. Учир нь, Үндсэн хууль дээр ийм зүйл заалт байна шүү гэдэг маягаар.
-Санал оруулан, хийж байгаа зүйл нь хэр оновчтой алхам бол?
-Мэдээж хэрэг нэг талаар гишүүн бүр Ерөнхий сайдыгаа огцруулах асуудал тавиад байж болохгүй. Тиймээс энэ асуудлыг Үндсэн хуульд оруулж өгөөгүй байна шүү гэдгийг л ярих ёстой байхгүй юу. Ямар ч гэсэн бид хөндлөө. Харин аливаа хуулийг ямар нэгэн гишүүн тайлбарлаад байж болохгүй.
-Юу гэсэн үг вэ. Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар гишүүнийг хууль тайлбарлалаа гэж хэлээд байна уу?
-Асуудлыг хуулийн дагуу, парламентын бүтцээр яриад явах ёстойгоос биш хэн нэгэн гишүүн тайлбар хэлээд байх нь зохисгүй. Хэрвээ маргаантай гэж байгаа бол Үндсэн хуулийн цэц рүү л асуудлыг явуулах хэрэгтэй.
-Та бүхний тавьсан асуудлыг хэлэлцээд эхэлбэл Үндсэн хууль зөрччих гээд байгаа тухайгаа ярьсан?
-Хэлэлцэхгүй гээд байгаа асуудал нь Үндсэн хууль зөрчих зүйл биш. Би түрүүн тайлбарласан шүү дээ. Асуудлыг ажлын долоо хоногт оруулж хэлэлцэх ёстой. Ер нь, хуулиас давсан гишүүн гэж байх ёсгүй. Улс төрд ийм бүлэглэл бий болчихвол ноцтой үр дагавар авчирна. Бүгд тэгш эрхтэй байх учиртай.
-Тэгвэл Байнгын хорооны даргыг хууль зөрчсөн гэж хэлж болох нь?
-Өнөөдөр эцсийн шийдвэр нь гараагүй байгаа болохоор ийм зүйл хийчихлээ гэж хэлж чадахгүй нь. Үндэслэл нь бүрдээгүй байна л даа. Яагаад гэвэл бидний гар дээр ямар нэгэн хариу ирээгүй байна. Энд нэг л ойлгомжтой зүйл бий. Долоо хоногийн дотор бүтцээр хэлэлцэх байсан ч хугацаа нь өнгөрчихлөө. Үүнийг нь авч үзвэл хууль зөрчсөн гэж харж болохоор. Ер нь, хууль хүчин мөхөс нэгэнд үйлчлэн, албан тушаал өндөр, хөрөнгө мөнгөтэйд нь хамаардаггүй байх ёсгүй. Хэрэв ийм зүйл гарч эхэлбэл бид хаашаа явах нь тодорхой.
-Хэлэлцэх хугацаа дууссан болохоор цаашид яах ёстой вэ?
-Нэгэнт асуудлаа тавьчихсан юм чинь дахин санал оруулна гэж байхгүй. Тиймээс зөвхөн хөндөөд яваад байна гэсэн үг.
-Заасан хоногт хэлэлцээгүй. Өөрийн дураар танилцуулга хийж хойшлуулсан гэж байна. Үүнд хариуцлага тооцох эсэх талаар?
-Хариуцлага тооцоод байгаа юм хаа байна аа. Үүнд л асуудал оршиж байгаа хэрэг. Яагаад ийм зүйл алга гэхээр хуулийг нэг хэсэг нь үйлчлэлгүй болгож чадаж байгаа. Энэ нь л асуудал болоод байна. Бүгд хуулийн дор захирагдаж байвал бүх зүйл зохицуулагдаад явна.
Нийтлэлч

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.