Энэ дөрвөн жилд УИХ-ын 9 гишүүн бие даан болон хамтран 16 хуулийн төсөл санаачилна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2016.12.06

Энэ дөрвөн жилд УИХ-ын 9 гишүүн бие даан болон хамтран 16 хуулийн төсөл санаачилна

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Уг тогтоолын төслийн хавсралт нь Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулах хуулийн төсөл, Монгол Улсын Их хурлын гишүүдээс санаачлан боловсруулах хуулийн төсөл гэсэн хоёр үндсэн хэсэгтэй.

Энэ дөрвөн жилд Засгийн газар 233 хуулийн төсөл санаачилна

Эхний хэсэгт Засгийн газрын 16 сайдын эрхлэх асуудал, салбарын хүрээнд ямар ямар хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх болохоо дурджээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд эрхлэх асуудлынхаа хүрээнд нийт 23 хуулийн төсөл санаачлан боловсруулах юм.

Эдгээр хуулийн төслүүдээс, Хувь хүний нууцын тухай, Терроризмтой тэмцэх тухай, Концессын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Гүйцэтгэх ажлын тухай, Статистикийн тухай хуулийн төслүүдийг шинэчилсэн найруулахаар төлөвлөөд байна. 

Төрийн болон албаны нууцын тухай, Зөвшөөрлийн тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Өгөгдөл хамгаалах тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай, Домэйн нэрийн тухай, Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай зэрэг нэр бүхий 10 хуулийн төслийг шинээр санаачлан боловсруулах болсон нь анхаарал татаж байна. 

Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх эдгээр хуулийн төслийг 2016-2017 ондоо багтаан санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх юм.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх

Монгол Улсын шадар сайд 7 хуулийн төслийг эрхлэх асуудлынхаа хүрээнд санаачлан боловсруулна. Үүн дотор Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Гамшгаас хамгаалах тухай, Хэмжилзүйн тухай хуулийн төслүүдийг шинэчлэн найруулж, Онцгой байдлын албаны тухай хуулийн төслийг шинээр боловсруулах болж байна.

Онцгой байдлын албаны тухай шинэ хууль нь гамшиг, осол, байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах зэрэг үйл ажиллагаанд олон улсын туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэн зохицуулах асуудлыг тусгах юм. Нэр дурдсан болоод бусад хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 2017 онд багтаан санаачлан боловсруулах юм. 

Цаашлаад Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр 9 хуулийн төсөл боловсруулах бөгөөд олон нийтийн анхаарлыг татсан Казиногийн тухай болон Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслүүд энэ салбарын эрхлэх асуудлын хүрээнд хамаарна. Мөн 2017 ондоо багтаан Аялал жуулчлалын тухай хуулиа шинэчлэхээр шийджээ.

Барилга, хот байгуулалтын чиглэлээр энэ дөрвөн жилд 12 асуудал шийдлээ хүлээж байна. Тэр дунд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн тухай, Хот суурины ногоон байгууламжийн тухай зэрэг шинэ хууль гаргаж, Газрын кадастрын тухай, Хот байгуулалтын тухай хуулиудыг шинэчлэхээр болсныг онцлох хэрэгтэй.

Батлан хамгаалах чиглэлээр 7 хуулийн төсөл санаачлан боловсруулахаар төлөвлөж байгаагаас Орон нутгийн хамгаалалтын тухай гэсэн шинэ хууль гаргахаар болсон нь анхаарал татаж байна. Бусад нь бүгд нэр бүхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын чиглэлээр энэ дөрвөн жилд 13 хууль төрөх магадлалтай байна. Одоогоор Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцүүлгийн шатанд явж байгаа бол 2017 онд биеийн тамир, спорт, соёл, шинжлэх ухаан, технологи салбарын "малгай" хуулиудыг шинэчлэн найруулахаар болжээ. Мөн 2017 онд Киноны тухай, 2018 онд Музейн тухай гэсэн шинэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх юм.

Энэ мэтчилэн гадаад харилцаа, дэд бүтэц, санхүү эдийн засаг, татвар банк, даатгал, төрийн байгуулалт, уул уурхай, хүнд үйлдвэр, хууль зүй, дотоод хэрэг, шүүх, эрх мэдэл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбар, хүрээ чиглэлд нэр заасан тодорхой хуулийн төслүүдийг санаачлан боловсруулахаар болж байна. 

УИХ-ын гишүүд бие даан болон хамтран 16 хуулийн төсөл санаачилна

Тогтоолын төслийн хавсралтын хоёрдугаар хэсэгт УИХ-ын нэр бүхий 9 гишүүн бие даан болон хамтран нийт 16 хуулийн төсөл санаачлан боловсруулах тухай жагсаалт байна. Үүнд:

Б.Саранчимэг, О.Баасанхүү, Н.Учрал нарын гурвал

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Н.Учрал, О.Баасанхүү

- Хог хаягдлын тухай

Хог хаягдлын тухай хуулийн аюултай хог хаягдалтай холбоотой заалтуудыг Газрын тухай болон Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нийцүүлэх юм байна.

Мөн Монгол Улсад хуванцар сав, уутны хэрэглээг хязгаарлах, түүний хэрэглээнээс татгалзах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, хор нөлөө багатай уут, савны хэрэглээг дэмжих юм. 

Б.Саранчимэг

- Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 

Уг хуулийн төсөл батлагдсанаар Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл болон иргэд, Сууц өмчлөгчдийн холбооны хоорондын маргаантай асуудлыг шийдвэрлэх, сууц өмчлөгчдийн холбооноос иргэдэд үзүүлэх үйлчилгээ, үнэ тариф, төлбөрийн асуудлыг зохицуулах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, орчны газрын талаарх зохицуулалтыг тодорхой болгох юм. 

О.Баасанхүү

- Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Энэ хуулийн төсөл нь Үндэсний сурын харвааны цолны талаарх зохицуулалтыг оновчтой, цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох зорилготой юм. 

- Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

Уг хуулийн төслөөр Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасан онцгой бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг тодорхой болгоно. 

- Тагнуулын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

Тагнуулын байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах, улс төрөөс хараат бус байлгах, тагнуулын үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, хийдлийг багасгах зорилгоор хуулийн төсөл санаачлах юм. 

О.Баасанхүү, Л.Болд нарын хамтрал

УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай

- Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай

- Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай

2015 онд Сонгуулийн тухай хуулийг баталсан боловч зохицуулалтыг нэгтгэн хуульчилсан ч хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгаа тул сонгууль тус бүрээр хуулийн төсөл боловсруулах нь зүйтэй гэж санаачлагчид үзжээ. 

Н.Учрал

- Франчайзингийн тухай

Уг хуулийн төслөөр Франчайзингийн гэрээ, оюуны өмч, гэрээний талуудын эрх, үүрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг нарийвчлан хуулиар зохицуулах юм. 

Д.Мурат

- Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

- Угийн бичиг хөтлөх тухай

Хуулийн төсөл санаачлагч нь Эрчим хүчний тухай хуульд цаг үеэ даган, олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх цаг болсон гэж үзжээ. Мөн өрхийн угийн бичиг хөтлөх нь цөөн хүн амтай Монгол улсад ач холбогдолтой гэж үзээд Угийн бичиг хөтлөх тухай шинэ хууль санаачилж байна. 

Д.Эрдэнэбат

- Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Малчдын эрх ашгийг хамгаалах зохицуулалт тусгахаар болжээ. 

Г.Мөнхцэцэг, Б.Батзориг нарын хамтрал

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Батзориг

- Бэлчээр хамгаалах тухай 

Хуулийн төсөл батлагдсанаар бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, төлөв байдлыг цогцоор, хянах, сэргээн сайжруулах, доройтол, талхагдал, цөлжилтийг бууруулах, бэлчээрт хөнөөл учруулж байгаа мэрэгч амьтан, шавжтай тэмцэхэд малчид буюу ашиглагчдын оролцоог нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг тодорхой болох юм. 

Г.Мөнхцэцэг

- Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Үнэт цаас гаргахад тавигдах шалгуур шаардлагыг уян хатан болгох, гадаадын хөрөнгийн биржүүд дээр бүртгэгдсэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компанийн үнэт цаасыг бүртгүүлэн арилжих нөхцөлийг бүрдүүлнэ.

Б.Батзориг

- Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч нарын үйл ажиллгааны оролцоог тодорхой болгох, түүнд тавих олон нийтийн хяналт, хариуцлагын асуудлын талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох юм. 

- Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хуулийн үзэл баримтлал, түүнийг хэрэгжүүлж байгаа байгууллагын үйл ажиллагаа нь олон нийтэд үр өгөөжтэй болгох, Авлигатай тэмцэх газар хараат бус ажиллах нөхцөл, боломжийг хуулиар тогтоох, эрх бүхий албан тушаалтныг томилж байгаа процедурыг өөрчлөх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагааг улсын нэгдсэн стандартад оруулах, албан тушаалтан нь төрийн албан хаагчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг болох юм. 

О.Батнасан

- Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус барьцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хувийн хэвшлийн төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагчид болоод зээлдүүлэгчдийн хувьд барьцаа, баталгаа гол хүчин зүйл болдог бөгөөд барьцааны гол хүчин зүйл болсон хувьцаагаа барьцаалах эрхийг дотоодын компаниудад нээж өгөх, дотоодын компаниудад хөрөнгө босгох боломжийг нэмэгдүүлэх, хувьцааны барьцааны тухай зохицуулалтыг хуульд нэмж тусгана. 

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ ондоо багтаан 4 хуулийн төсөл санаачлан боловсруулна

Тодруулбал, Улс төрийн намын тухай, Нийтийн эрх ашгийг хамгаалах тухай, Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслүүдийн ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахлуулна.

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайдаар ахлуулах юм. 

Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулийн төсөл батлагдвал улс төрийн намын чиг үүрэгт төр болон ард түмний хооронд эргэх холбоо үүсгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих, иргэдийн улс төрийн оролцооны эрхийг хангах, ирээдүйн улс төрчдийг бэлтгэх зэргийг нэмж тусгах юм. Мөн улс төрийн намын бүтэц, зохион байгуулалтыг хатуу хуульчилж, төвлөрсөн, хэт нүсэр бүтэцтэй байгааг өөрчлөх, гишүүдийн оролцоо, төлөөлөл, хариуцлага, өрсөлдөөн, ил тод байдлыг зохицуулсан заалтын хэрэгжилт сайжирна. Улс төрийн намын санхүүжилтийн эрх зүйн орчныг тодорхой болгох, намуудын санхүүгийн үйл ажиллагаанд төрийн болон олон нийтийн зүгээс тавих хяналт чангарна гэж хууль санаачлагч үзэж байна. 

Мөн нэр бүхий 16 УИХ-ын тогтоолын төслийг холбогдох яам, албан тушаалтан, төрийн байгууллага, агентлагууд санаачлан боловсруулахаар болжээ.