Энх-Амгалан.Л undefined 2016.12.07 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2016.12.07/ “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Салбарыг бүхэлд нь харсан урт хугацааны стратегийн баримт бичиг болох “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө”-ний хугацаа энэ оноор дуусч байгаа нь төрөөс эрүүл мэндийн талаар салбарыг бүхэлд нь хамруулсан бодлогын баримт бичиг боловсруулж баталгаажуулах зайлшгүй хэрэгцээг бий болгож байна” хэмээн онцлов. 

Түүнчлэн Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Нюунт нар оролцож, үг хэлсэн.

Дараа нь Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлийн дараа илтгэл, мэдээлэлтэй холбогдуулан асуулт, хариулт, ярилцлага өрнүүлсэн.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, М.Билэгт, Д.Ганболд, Д.Тогтохсүрэн, С.Жавхлан, Ё.Баатарбилэг  нар хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлснээс гадна нэгдсэн эмнэлгүүдийн удирдлага, аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нар зэрэг салбарын бүх талын төлөөллүүд үгээ хэлсэн.

Хэлэлцүүлгээс санал, зөвлөмж гаргалаа. Уг зөвлөмжийг үндэслэн “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичиг 2017-2026” гэсэн баримт бичиг боловсруулан гаргах юм.

Хэлэлцүүлгийг хааж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн үгэндээ “Та бүхний гаргасан санал зөвлөмжийн үр дүнд маш чамбай бодлогын баримт бичиг гаргах ёстой. Энэ боломжийг олгосон УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын гишүүдэд баярлалаа” хэмээн хэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.