Алтантуяа.Б 2016.12.07 | Телевиз: МОНГОЛ TV

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслөөс болж хүний эрх зөрчигдөж байна

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслөөс болж хүний эрх зөрчигдөж  байна

Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас өнөөдөр “Хангалтгүй хэрэгжүүлж байгаа нь” нэртэй судалгааныхаа тайланг танилцууллаа. Уг арга хэмжээнд судалгааны баг, Хүний эрхийн байгууллага, иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаач болон олон улсын эрх зүйчид оролцсон.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэрэгжилт, үр дүнд суурилсан “Хангалтгүй хэрэгжүүлж байгаа нь” судалгааг сүүлийн нэг жил хийжээ. Эрх баригчдын тооцоо, судалгаа муутай,  бодлогогүй үйлдлээс болж, олон хүн орон гэргүй болох эрсдэл хүлээж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Гэр хорооллыг орон сууцжуулах том бодлогын хүрээнд хийсэн уг төсөл хөтөлбөрийг хангалтгүй хэрэгжүүлснээс болж, нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг “Эмнести Интернешнл” олон улсын байгууллагын Зүүн Ази хариуцсан захирал Николас Бекүйлин хэллээ.

Уг судалгааны тайлангийн хүрээнд өнөөдөр 19:00 цагаас Сүхбаатарын талбайд “Төр үүргээ мэд, биелүүл” орон байртай байх эрхийн компанит ажлын нээлт болох юм. Энэ үеэр Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяагаас цөөн асуултад хариулт авсан юм.

Б.Алтантуяа: Манайхан хүний үндсэн эрхэд халдсан хойноо л хуулиа өөрчилдөг эмгэнэлтэй улс  

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэрэгжилтийн талаар судалгаа хийжээ. Судалгаагаар хичнээн хүн орон гэргүй болох эрсдэлтэй байна? Эдгээр иргэдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин ямар байна?

Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн судалгаанд бүх дүүрэг хамрагдсан. Маш өргөн хүрээнд хууль эрх зүй, хүний эрхийг зөрчсөн байдал, олон улсын хэмжээнд энэ асуудлыг хэрхэн зохицуулж өгсөн талаар маш дэлгэрэнгүй бөгөөд бодит судалгааг манай байгууллага нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэлээ.  

Дахин төлөвлөлт төслийн нэг оролцогч нь барилгын компаниуд. Судалгаагаар барилгын компаниуд иргэдэд шаардлагатай мэдээллийг маш дутуу дулимаг өгдөг байсан нь илэрсэн. Судалгаанд хамрагдсан зарим иргэд гэрээнд гарын үсэг зурахаас өөр сонголт байгаагүй гэдгээ хэлсэн. Учир нь гэрээнд гарын үсэг зурахгүй бол албадан нүүлгэнэ гэж шаардсан байдаг.

Төслийг анх эхлүүлж байх үеэр шинэ байр ашиглалтад ортол газраа чөлөөлсөн иргэдэд байр түрээслэх мөнгө өгнө гэж тохиролцсон боловч эдийн засгийн хямралаас болж олон төсөл зогсож, түрээсийн мөнгө олгож чадахгүйд хүрсэн байна. Үүнээс болж иргэд, түүний ар гэрийнхэн түрээсийн төлбөрөө дийлэхээ больж, орон гэргүй болох, сэтгэл санааны дарамтад орж байна. Барилгын компаниудын үйл ажиллагаа зогсож, иргэд хохирсон ч тэднийг хамгаалах эрх зүйн хамгаалалт Монголд алга байна. Засгийн газар Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Иргэдийн ямар ямар эрх зөрчигдсөн гэж үзэж байна?

Монгол Улсын иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэж бид үзсэн. Орон байртай байна гэдэг зөвхөн толгой хоргодох төдийгөөр хязгаарлагдахгүй шүү дээ. Тухайн хүн оршин суугаа газартаа харьяалагдаж, өөрийн харьяаллын төрийн байгууллагаар үйлчлүүлэх эрхтэй. Үүнд, ажил, сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд үйлчилгээгээс гадна нийгэм, соёлын бусад үйлчилгээ ч багтана.

Мөн судалгааны явцад тухайн газар чөлөөлсөн газарт нэг хашаанд гэр, нөгөө хашаанд хоёр давхар байшин байсан гэдгээрээ иргэдэд олгох нөхөн олговор харилцан адилгүй байгаа нь тогтоогдсон. Иргэн бүрт өөрийн амьдарч байсан газар, хашаа байшин нь үнэтэй. Гэтэл ингэж ялгамжтай тогтоож өгсөн нь бас хүний эрхэд халдаж байгаа хэрэг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхдээ энэ мэт иргэдийн эрхийг хангах хууль зүйн хамгаалалт хийж өгөөгүйгээс тэдний эрх давхар давхар зөрчигдөж байна.   

Иргэд хохирсон энэ үед хууль эрх зүйн хамгаалалт хийх боломж бий юу?

Боломж бий. Газрын тухай багц хуулийг удахгүй өргөн барихаар төр захиргааны холбогдох газар,яамдууд ажиллаж байна. Гэхдээ УИХ, Засгийн газраас аливаа хууль тогтоомж, шийдвэр, бодлого гаргахдаа хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг бодолцож үздэггүй. Хүний эрхэд халдсаныхаа дараа хууль эрх зүйн хамгаалалт зайлшгүй шаардлагатай гэж үзээд хууль, шийдвэрээ засаж, сайжруулдаг нь эмгэнэлтэй юм.  

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд