Ундраа.А 2016.12.09 | Сайт: Vip76.mn

А.Ундраа: Шинжлэх ухаан, инноваци, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхийн төлөө ажиллана

А.Ундраа: Шинжлэх ухаан, инноваци, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхийн төлөө ажиллана
Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа

УИХ-ын гишүүн А.Ундрааг “76-аас асууя” буландаа зочноор урьж оролцууллаа.

Түүний үндсэн мэргэжил физикч бөгөөд 2002 онд АНУ-ын Хойд Каролинагийн улсын их сургуульд физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан, энэ чиглэлээр АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа хүрээлэнд судлаач, Станфордын их сургуульд багшаас эхлээд Элчин сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, намын дэргэдэх Стратегийн академийн захирлын албыг хашиж байв.

20 гаруй жил физикийн ухааныг судалж, энэ салбарт мэргэшсэн эрдэмтэн, парламентын гишүүнтэй ярилцаж байгаад таатай байна. Та энэ дөрвөн жилд ямар салбар, чиглэлд түлхүү анхаарч ажиллах вэ?

Ирээдүйг таамаглах амаргүй. Гэхдээ өдийг хүртэл эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагадаа үндэслэн голчлон ажиллах болно. Энэ дөрвөн жилд шинжлэх ухаан, технологи, инноваци, үйлдвэрлэлийн чанарыг сайжруулах чиглэлийн хуулийн төсөл санаачлан боловсруулна гэж бодож байна. Мөн дотоодын мэдээллийн технологийн компаниудыг гадаад зах зээлд таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ чанаржуулахад нь анхаарч ажиллана. Учир нь оюуны багтаамж ихтэй бүтээгдэхүүний дийлэнх нь мэдээллийн технологийн бүтээгдэхүүнүүд эсвэл ямар нэгэн хэлбэрээр мэдээллийн технологийг ашигласан байдаг.

“Ашигт малтмал бол байгалийн баялаг бөгөөд шавхагддаг. Тэгвэл хүний оюун ухаанаар бүтээгдсэн баялаг бол шавхагдашгүй. Тиймээс бид өөрсдийн бүтээсэн оюуны баялгийг экспортлох боломж их байна.”

Өнөөдрийг хүртэл мэдээллийн технологийг хөгжүүлэх, энэ салбарт ажиллагсадыг бодлогоор дэмжих явдал учир дутагдалтай явж ирсэн. Тиймээс мэдээллийн технологийн салбарт бодлогын ямар дэмжлэг хэрэгтэй байгааг гүнзгийрүүлэн судалж, салбарын хөгжлийг эрчимжүүлэх болно.

Шат, шатны боловсролын чанарын асуудалд анхаарах цаг болжээ. Төрийн болон хувийн өмчийн ЕБС, их дээд сургуулиуд, цаашлаад судалгааны чиглэлийн институциуд, төгсөлтийн дараах магистр, докторын сургалт, насан туршийн боловсрол, шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгүүдийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, үйл ажиллагаа, үйлчилгээг чанаржуулах үүднээс хуулийн төсөл санаачилж, салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулахад өөрийн саналыг нэмэрлэх болно. Тухайлбал, бодит үйлдвэрлэлд түшиглэсэн судалгааны байгууллагыг хөгжүүлэх, компаниудын шударга өрсөлдөөнийг дэмжих нь чухал байна.  

Эдийн засгийн хямралд орсон өнөө үед нэн тэргүүнд юу хийх ёстой гэж та бодож байна?

Эдийн засаг хүнд байгаа нь ойлгомжтой. Гэвч аливаа зүйл хоёр талтай байдаг.

Хямралаас бид юу сурч болох вэ?

Хямралыг боломж болгон харж, өөрсдийгөө хэрхэн өөрчлөх вэ? гэдэг асуултад хариулт эрэлхийлэх нь зөв болов уу.

Тухайлбал, бид ашигт малтмалын үнэ өсөж байх үед хуримтлал бий болгох ёстой байсан. Энэхүү хуримтлалаа нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэл тэр дундаа хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулдаг байх хэрэгтэй. Тиймээс цаг алдалгүй ийм механизм бий болгох хэрэгтэй гэж бодож байна.

Эдийн засаг хүнд байна гээд яриад суух биш нөхцөл байдлыг хохирол багатай даван туулах арга замыг эрэлхийлж, эрүүлээр сэтгэх хэрэгтэй байна. Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ өсөж, Засгийн газар “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-өө амжилттай хэрэгжүүлэн, хямралаас гарлаа гэхэд цаашид баримтлах бодлого, төсөл хөтөлбөртөө маш хариуцлагатай хандах ёстой.

Засгийн газар хэмнэлтийн горимд шилжлээ. Энэ бол зөв. Хямрал биднээс төсвийн сахилга баттай байж, дэг журам, эмх цэгцтэй зохион байгуулалтад орох, аливаад бэлтгэлтэй байх, алсыг харсан зөв шийдвэр гаргахыг шаарддаг.

Аль ч салбарт тулгамдсан асуудлыг аваад үзэхэд ул суурь нь тогтолцоондоо байна гэдэг. Тогтолцоог засахын тулд Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж үзэж байна. Та үүнд ямар байр суурьтай байдаг вэ?  

Бид Үндсэн хуулийг өөрчлөх талаар их ярьж байна. Өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлагатай. Үндсэн хуульд, “Ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Монголын ард түмэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж байна. Ардчилал, эрх чөлөө гэдэг үнэт зүйлс маань аль нэг нам эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн өмч биш. Ард түмэн нийтлэг үнэт зүйлсийг хэн нэгэн өмчилнө гэдэг утгагүй. Үндсэн хуулийг өөрчлөхдөө бүх нийтээрээ хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрэх нь илүү оновчтой. Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулиар олонхийн санал авсан улс төрийн нам Засгийн эрхийг барьдаг. Тиймээс улс орны хөгжилд тухайн намын бодлого, боловсон хүчний чадавх, санхүүжилтийн ил тод байдал зэрэг хүчин зүйл чухал нөлөөтэй болж байгаа юм.

“Улс төрийн намууд аливаа бүлэглэл, бизнесээс хараат бус байж шударга өрсөлдөөний зарчмаар зөв бодлого барьсанаараа олон нийтийн итгэлийг хүлээж, улмаар Засгийн эрхэнд гарах ёстой.”

Тиймээс төрийн байгуулалт, засаглал, улс төрийн намын тогтолцоог цогцоор нь авч үзэх нь зүйтэй. Улстөрийн ууган хүчин МАН дэргэдээ Стратегийн академи нэртэй судалгааны байгууллагатай. Би академийн захирлаар ажиллаж байсны хувьд бодлогын судалгаанд үндэслэсэн бодлого, шийдвэр гаргадаг байх чиглэлд анхаарч ажиллая гэж бодож байна.

Монгол төрийн түшээ ямар байх ёстой гэж та боддог вэ?

Ёс зүйтэй, хариуцлагатай, хувь хүний хувьд ч гэсэн биеэ зөв авч явдаг, мэдлэг, боловсрол, ажлын туршлагын хувьд зохих шаардлагыг хангасан, ямарваа асуудалд хуулийн дагуу зөв ханддаг, хийж бүтээе гэсэн чин сэтгэлтэй хүнийг нам гаргаж ирэх ёстой. Нам гэдэг институци бэхжсэн, УИХ-д дэвшүүлэх хүмүүсээ шалгаруулах процесс нь ил тод, нээлттэй, шударга байвал зөв хүн гарч ирнэ. Тиймээс томоохон намууд МАН ч тэр, АН ч тэр улстөрийн институцийн хувьд бэхжиж, бодлогод суурилсан, асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг байгаасай гэж хүсдэг.

Ярилцсанд баярлалаа.