Ким Жанг Жин: Бид санхүүжилт хийсэн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээрээ бондын өрөө төлж барагдуулах болно
Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Ким Жанг Жин
2016.12.09

Ким Жанг Жин: Бид санхүүжилт хийсэн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээрээ бондын өрөө төлж барагдуулах болно

Хөгжлийн банкны асуудал хүчтэй яригдаж, бондын төлбөр сөхөгдөж байгаа энэ үед 2012 оны 3 дугаар сард Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал /асан/ Ким Жанг Жинтэй ярилцаж байлаа. Ким Жанг Жин нь 2011 оны 8 дугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдож байсан бөгөөд тэрээр "Би яаж ажиллахаа үгээр биш үйлдлээрээ харуулах болно" гэж хэлж байжээ. 

Тухайн үеийн Засгийн газрын тэргүүн, холбогдох удирдлагын багийнхан Солонгосын талтай "Удирдлагын гэрээ" хийж, гэрээ ёсоор Монгол Улсын Хөгжлийн банкийг хоёр талын хамтарсан банк удирдан, Солонгосын Хөгжлийн банкнаас 5 мэргэжилтэн ирж, 4 жил ажиллахаар тохиролцож байсан юм. Харин одоо бол тус банкны гүйцэтгэх удирдлага Монголын талд бүрэн шилжсэн бөгөөд Б.Батбаяр, Ч.Энхбат, Я.Сод-Эрдэнэ, Б.Чойжилжалбуу, Ч.Мөнхбаяр, Г.Дөлгөөн нар ажиллаж байна.  

2011-2012 онд Хөгжлийн банкны нөхцөл байдал ямар байсан, тухайн үеийн гүйцэтгэх удирдлага нь юу ярьж байсныг эргэн нэг сануулах үүднээс энэхүү ярилцлагаа хүргэж байна. 

Монголын санхүүгийн систем дэх том тоглогч нь Хөгжлийн банк байж чадах уу? Монголын банк, санхүүгийн зах зээл дэх Хөгжлийн банкны бодит оролцоо нь юу вэ?

Монгол Улсын Хөгжлийн банк нь улсынхаа санхүүгийн системийн бүтцэд том өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл энэ систем дэх анхны хөрөнгө оруулалтын банк болж байна. Удахгүй активын хэмжээгээрээ нөлөө бүхий хувийг эзэлдэг болно. 

2012 онд Засгийн газраас манай банкинд ДНБ-ий 18 хувьтай тэнцэх хэмжээний баталгаа гаргах юм. Монгол Улсын Хөгжлийн банкны 2012 оны бизнес төлөвлөгөөний дагуу энэ онд гаргах нийт зээлийн хэмжээ нь 1.6 их наяд төгрөгт хүрэх боломжтой. Энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг хийвэл одоогийн Монголын банкны системийн 19% орчимтой тэнцэх юм.

Өнөөдөр дотоодын зах зээлийн санхүүгийн эх үүсвэрийн хэмжээ болон төрөл зүйл нь хязгаарлагдмал байгаа хэдий ч цаашдаа манай банк энэхүү зах зээл хөгжихийн хэрээр түүний "гол тоглогч"-ийн нэг нь болно гэдэгт би итгэлтэй байна.

Хөгжлийн банкнаас Засгийн газрын баталгаа бүхий 600 сая ам.доллар хүртэлх буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн бонд гаргахаас одоогийн байдлаар хэдэн төгрөгийн бонд арилжаад байна? Хөгжлийн банкнаас гаргасан бондыг олон улс хэр сонирхож байна?

Монгол Улсын Хөгжлийн банк 600 сая ам.долларын дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөрөө 2011 оны 12 сард байгуулж, уг хөтөлбөрийн хүрээнд 20 сая ам.долларын бондыг хаалттай хэлбэрээр арилжаалаад байна.

Монгол Улсын өрийн бичгийг олон улсын зах зээлд анх удаа гаргаж байгаагийн хувьд Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын зах зээл дээр Монгол Улсын жишиг хүүг тогтоох юм.

Бондын худалдан авагч нь институционал хөрөнгө оруулагчид буюу хөрөнгө оруулалтын сан, даатгалын компани, хувийн банк болон тэтгэврийн сангууд байдаг. 

Бид бондоо дээр дурдсан хөрөнгө оруулагчид, ретайл хөрөнгө оруулагчид болон Америк тивийн оффшор хөрөнгө оруулагчдад санал болгож байна.

Бонд худалдаж авсан олон улсын этгээдийн өмнө Хөгжлийн банк ямар үүрэг хүлээх вэ? Хөгжлийн банк нэмж бонд гаргах асуудалд?

Аливаа зээл авах, өрийн бичиг гаргахтай адилаар бид тогтоосон хугацаанд нь хүү, үндсэн өрөө төлөх үүрэгтэй. Манай банк дунд хугацааны буюу 5 жилийн хугацаатай байгуулсан хөтөлбөрийнхөө хүрээнд өөрийн үйл ажиллагааны талаар хөрөнгө оруулагчдад жилд нэг удаа гэрээнд заасан мэдээлэл өгөх, олон улсын стандарт шаардлагын дагуу үйл ажиллагаагаа хэвийн, найдвартай, тогтвортой явуулах үүргийг хүлээж байгаа юм.

Монгол Улсын Хөгжлийн банкны хуульд заасан хязгаарлалтын дагуу Хөгжлийн банк нэмж 1,6 их наяд төгрөгийн эх үүсвэр татах, баталгаа гаргах эрхтэй. Хөрөнгө оруулалтын хэрэгцээнд тулгуурлан УИХ, хуулиар тогтоосон хязгаарлалтад багтаан бонд нэмж гаргах болно.

Хөгжлийн банкнаас гаргаж буй бондын хөрөнгөөр Монгол Улсын хөгжлийн томоохон асуудлыг зангидсан тодорхой нэр бүхий 4 хөтөлбөрийг санхүүжүүлэх ажил гацаад байна гэсэн шүүмжлэлийг та юу гэж үзэж байна?

Нэр бүхий 4 хөтөлбөрийн ажил гацаад байна гэсэн ойлголт өрөөсгөл юм. Монгол Улсын "Хөгжлийн банкны тухай хууль"-ийн дагуу Хөгжлийн банк УИХ-аас баталсан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх үүрэгтэй. Бид "Дунд хугацааны евро өрийн бичиг"-ийн хөтөлбөрөө эхлүүлж, хөрөнгийн эх үүсвэрээ тодорхой хэмжээгээр босголоо. Энэ хөрөнгөө найдвартай хэлбэрээр байршуулах шаардлагатай байна.

Эхний ээлжинд санхүүжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийн ТЭЗҮ, холбогдох баримт бичиг нь олон улсын стандартын түвшинд боловсруулагдаагүй байгаа нь санхүүжилтийг шууд олгох боломжгүй байдал үүсгэсэн.

Одоогийн байдлаар "Шинэ төмөр зам", авто замын зураг төсөл, барилгын төслүүд, "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн зарим нэгэн төслийг санхүүжүүлэхээр ажиллаж байна. Удахгүй "Шинэ төмөр зам" болон авто замын төслүүдийн эхний санхүүжилтийг хийнэ.

Өрийн бичиг гаргаж босгосон хөрөнгийг бид ирээдүйд эргэн төлөх болно. Энэ нь тодорхой хэмжээгээр улсын эдийн засагт дарамт үүсгэх магадлалтай. Хэн, хэзээ энэ өрийг төлөх вэ?

Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргасан өрийн бичиг нь бусад улсын Хөгжлийн банкнаас гаргаж буй өрийн бичгийн үнийн дүнтэй харьцуулахад бага хэмжээтэйд тооцогдоно.

Хэрэв манай өрийн бичгийг Монгол Улсын гадаад өр гэж тооцож харьцуулбал ДНБ-ий 10 орчим хувь болж байгаа нь бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага дүн юм. 

Аливаа зээлдэгчийн нэгэн адил Монгол Улсын Хөгжлийн банк энэ өрийг төлж дуусгана. Харин Засгийн газрын баталгаатай учраас Хөгжлийн банк энэ өрийг ямар нэгэн шалтгаанаар төлж чадахгүй бол Засгийн газар өрийг барагдуулах үүрэгтэй. Ийм нөхцөл байдалд хүргэхгүйн тулд Хөгжлийн банк үйл ажиллагааг хэвийн явуулах болно.

Сангийн яамтай хийсэн гэрээгээр хэрэв Хөгжлийн банкны өмнөөс өр төлбөрийг Сангийн яам барагдуулсан тохиолдолд манай банк буцаан төлөх үүргийг хүлээсэн. Бид санхүүжилт хийсэн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээрээ бондын өрөө төлж барагдуулах болно. 

Уул уурхайн салбарын орлогыг Монгол Улсын хөгжилд чиглүүлэх үндсэн механизм нь Хөгжлийн банк байх ёстой гэсэн Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг бодит биеллээ олж байна уу?

Гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайгаа түшиглэн ойрын 20 жил магадгүй түүнээс ч урт хугацаанд найдвартай, чадвартай байна гэдгийг олж харсан болов уу. Энэ ч үүднээс бидэнд хямд өртөг бүхий санхүүжилт өгч, бидний гаргаж буй өрийн бичгийг худалдан авах зэргээр нааштай хандаж байна.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх УИХ, Засгийн газраас баталсан хөтөлбөрүүдийн гол цөм нь хөгжлийн ач холбогдол бүхий салбар болох дэд бүтэц, боловсруулах үйлдвэр барьж байгуулах, сайжруулах ажилд чиглэж байна. Иймд манай банк уул уурхайн салбарын орлогыг Монгол Улсын хөгжилд чиглүүлэх үндсэн механизмын эхлэл болж байна гэж үздэг.