Баттулга.Х Эрдэнэ.С Болор.Б Гончигдорж.Р 2016.12.09 | Сайт: News.mn

АН: Их хурлын үеэр хэн, юу ярив?

АН: Их хурлын үеэр хэн, юу ярив?
Ардчилсан намын VI Их хуралдаан

Ардчилсан намын VI Их хуралдаан тойрсон мэдээлэл олон нийтийн анхаарал татсан сэдэв хэвээр байна. Их хурлын үеэр тус намын гишүүдийн хаалттай хаалганы цаана болоод наана өрнөсөн яриаг онцлон хүргэж байна.


“НАМЫН ДАРГЫГ БҮХ ГИШҮҮДЭЭСЭЭ СОНГОХ НЬ ЗӨВ”

Их хурлын төлөөлөгч Х.Баттулга
Их хурлын төлөөлөгч Х.Баттулга

-Миний бодлоор намын даргаа бүх гишүүдээсээ сонгодог байх нь хамгийн зөв. Хурлаар дарга сонгодог, дараа нь нөгөө даргаа огцруулдаг. Намын бүх гишүүдээсээ сонгогдсон дарга хүчтэй дэмжлэг авсан учраас зоригтой шийдвэр гаргаад ажиллах боломжтой. Би намын даргад нэрээ дэвшүүлэхгүй.


“НАМЫН ДАРГЫГ БҮХ ГИШҮҮДЭЭРЭЭ СОНГОХ НЬ ФРАКЦГҮЙ БОЛГОНО”

Их хурлын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат
Их хурлын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат

-Ардчилсан нам нээлттэй нам болох хамгийн анхны алхамаа хийж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр намынхаа даргыг нийт гишүүдээсээ сонгож, намынхаа бүтэц зохион байгуулалтаа дахиад шинээр зохион байгуулъя гэж байгаа юм. Намын даргаа нийт гишүүдээрээ сонгоно гэдэг нь фракцгүй болж байгаагийн хамгийн тод жишээ юм. Өөрөөр хэлбэл, нийт гишүүдээсээ сонгогдсон намын дарга хэн нэгний нөлөөлөлд автахгүй байх бүрэн эрх нь хэрэгжих бололцоо нь үүснэ, намыг тогтвортой удирдах боломж нь бий болно.


“ДҮРМЭЭР ОГЦРОХ ЗААЛТЫГ ХЭН АЛГА БОЛГОЧИХОВ”

Их хурлын төлөөлөгч н.Дашням:

-Дүрмийг боловсруулах ажлын хэсэгт би орж ажилласан, одоо харсан их сонин байна. Марафонд маш их анхаарал тавьсан. Маш нарийн зааж оруулсан. Гэхдээ энд марафоноор сонгогдсон намын даргад дийлдэшгүй эрх мэдэл очих атал хариуцлага дээр оруулсан заалтууд алга. Тухайлбал, намын дарга Их хурлаа зарлан хуралдуулаагүй тохиолдолд ямар ч хэрүүлгүйгээр дүрмээр намын даргыг огцорсонд тооцно гэж заасан байсан. Энэ заалт хаашаа алга болчих вэ, хаана засчих вэ. Гэртээ засчихав уу орондоо засчихав уу. Энийг Нямдорждоод хаячихсан байна. Анхааруулаад байхад хассан байна. Энэ мэтчлэн дүрмээр хариуцлага тооцох заалтыг хасчихаар намын даргыг Ардчилсан нам байтугай Монгол Улс ч дийлэхгүй болно. Дийлдэхгүй эрх мэдэлтэн бий болно.


“АЖЛЫН ХЭСЭГ ДЭЭР ДЭМЖЛЭГ ХҮЛЭЭСЭН САНАЛ ХААНА ГЭЭГДЧИХ ВЭ?”

Их хурлын төлөөлөгч Б.Болор
Их хурлын төлөөлөгч Б.Болор

-Намын даргыг сонгох марафоныг хэрхэн зохион байгуулах талаар ажлын хэсэг ажилласан. Тухайн ажлын хэсэг дээр яригдаад дэмжигдсэн саналууд хаана гээгдчихэв. Уржигдархан болсон Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар дэмжлэг авсан санал алга болчихсон байх юм. Ингэх байсан юм бол яах гэж ажлын хэсэг байгуулж ажиллуулсан юм бэ. Орон нутгаас ирсэн төлөөлөгчид үгээ хэлээч дээ. Та нарын өгсөн саналыг оруулахгүй байна шүү дээ.

Намын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн хүмүүст хамгийн дээд тал нь таван жил сонгуульт гишүүнээр ажилласан байх гэдэг шаардлага тавьсан. Гэтэл 10 жил болгоод оруулаад ирэх юм. Хэн ингэж 10 болгосон юм бэ гээд Ж.Батзанданг асуухаар “Болор ингэж оруулж ирсэн” гэж хэлсэн байна. Боль л доо, ах нараа.


“АЙМГИЙН НАМУУД КОМПАНИ ШИГ БОЛСОН”

Их хурлын төлөөлөгч Ш.Жандос

-Аймгийн намууд хязгаарлагдмал хариуцлагатай компани шиг болсон. Нэг том, том босстой, намын гишүүдээ хайрцаглаад авчирдаг, буудалд хэвтүүлдэг, хоол ундаар дайлдаг. Өнгөрсөн 4 жил гишүүдээсээ тасарсан. Монголын ард түмэн харж байгаа, биднийг. Ардчилсан намын гишүүд бид дарга нарын баяр ёслолын хуралд алга таших гэж ирээгүй. Энэ хэвээрээ бол дахиад далаараа тавиулахад бэлэн байна. Хуралдаа, өөр өөрийнхөөрөө бүтээлчээр хандаачээ. Та нарыг явуулсан намын гишүүддээ юу гэж хэлэх вэ. Буудалд хэвтэж байгаад захиалгаар саналаа өгчөөд ирлээ гэх үү.


“БАНТАН ШИГ ДҮРЭМ ОРУУЛЖ ИРДГЭЭ БОЛЬ”

Их хурлын төлөөлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
Их хурлын төлөөлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

-Гишүүдийнхээ мэдээллийг цахимд оруулаад, дараа нь ил болгох юм байна. Тэгчихээд “Манай намынхан энэ байна шүү, халаад байгаарай” гэсэн жагсаалтыг эрх баригчдад гаргаж өгөх гэж байгаа юм уу. Ардын намынхан 2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийн судалгааг гаргаж байна. Үүн дээр нь нэмээд хүмүүсээ барьж өгөх гэж байгаа юм уу. Бантан шиг дүрэм оруулж ирдэгээ боль, Ш.Түвдэндорж, Д.Нямхүү хоёроо.


“ЗӨВХӨН НАМАЙГ БУРУУТГААД БАЙХ ЮМ”

Их хурлын төлөөлөгч Ш.Түвдэндорж
Их хурлын төлөөлөгч Ш.Түвдэндорж

-Үндэсний зөвлөлдөх хорооноос 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дүрмийн ажлын хэсэг байгуулсан. Гэтэл зөвхөн намайг буруутгаад байх юм. Би хэрүүл хийхгүй. Намын гишүүд хариуцлагатай байх ёстой гэдэг үүднээс үнэмлэхийг худалдаж авах нь зүйтэй гэж үзсэн. Гишүүдийн бүртгэлийг ил болгохын тухайд зөвхөн саналын эрхтэй гишүүдийн бүртгэл л ил байна. Түүнээс биш бүх гишүүдийнхээ бүртгэлийг ил болгохгүй.

Их хурлын төлөөлөгч Р.Гончигдорж
Их хурлын төлөөлөгч Р.Гончигдорж

-Бодлогын нам болно гэдэг нь бидний хэлэлцдэг асуудал ямар нэг дарга, цэргийн тухай бус бодлогоо хэлэлцдэг улс төрийн нам байя гэж байгаа. Фракцын тухай асуудал юугаар фракцлах уу гэдэгтээ байгаа юм. Гэр бүлд хүртэл фракц байдаг. Ардчилсан нам бодлогын нам гэж тодорхойлж байгаа тэр зүйлээрээ тодорхой хэмжээний фракц бий болгож байж, асуудлаа гацаахгүй байх соёлтой байх ёстой.