Батсайхан.Х 2016.12.09 | Сонин: Өнөөдөр сонин

Х.Батсайхан: Европын холбооны бус нутагт манай хөтөлбөр, мэргэжилтнийг хүлээн зөвшөөрнө

Х.Батсайхан: Европын холбооны бус нутагт манай хөтөлбөр, мэргэжилтнийг хүлээн зөвшөөрнө
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга Х.Батсайхан

Монголын дээд боловсролыг дэлхий нийт хүлээн зөвшөөрөх эхний алхам нь их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэх явдал юм. Тэгвэл Монголоос арван сургуулийн хөтөлбөр олон улсад “данс”-тай болсноос хамгийн сүүлд АШУҮИС- ийн хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөр Германы олон улсын дээд боловсролын байгууллага (АSIIN-ын магадлан итгэмжлэл авсан байна. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга Х.Батсайхантай ярилцлаа.

-Магадлан иттэмжлэл гэж яг юуг хэлээд байна вэ. Энгийн үгээр товчхон тайлбарлахгүй юу?

Ер нь бол тухайн их, дээд сургуулийн чанарыг баталгаажуулж, хөндлөнгийн үнэлгээ хийж байгаа үйл явц. Манай байгууллага их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг магадлан итгэмжилдэг.

Магадлан итгэмжлэл нь дотроо хоёр хэлбэртэй. Нэг нь дээд боловсролын байгууллага буюу сургуулийг, нөгөө нь сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг. Байгууллагын магадлан итгэмжлэлийг Монголд зөвхөн манай байгууллага хийдэг.

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг сургуулиуд сайн дураараа хийл- гэдэг. Манай их, дээд сургуулиудад чанарын маш олон төрлийн үнэлгээ байсан. Салбарын яам болон өөр байгууллагуудаас ч хянадаг байв. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд баталсан шинэ хуулиар их, дээд сургуулиудын чанарыг үнэлэх, баталгаажуулах үйл явцыг одоо зөвхөн Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл хийдэг болсон. Монголд өнөөдөр төрийн  нь магадлан итгэмжлэгдсэн байх ёстой гэдэг шаардлага тавьдаг.

-Эдгээрээс хэд нь магадлан итгэмжлэл авсан бэ?

72 нь магадлан итгэмжлэгдсэн. Өмнө нь энэ асуудал сайн дурынх байсан бол одоо хуульд заавал магадлан итгэмжлэгдсэн байх ёстой гээд заачихсан. Боловсролын зээлийн сангаас оюутнуудад зээл олгохдоо магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд сурдаг байх ёстой гэсэн шалгуурыг нэгдүгээрт тавьж байна. Засгийн газраас магадлан итгэмжлэлийг нь үндэслэж тухайн сургууль, оюутанд дэмжлэг үзүүлж байна гэсэн үг л дээ.

Зээл, буцалтгүй тусламж авах эрх нь магадлан итгэмжлэгдсэн сургуульд сурдаг бол нээлттэй байх юм. Мөн оюутан гадаадын их, дээд сургуульд магистр, докторт үргэлжлүүлэн суралцахад гадаадын, ялангуяа Европын их, дээд сургуулиуд “Магадлан итгэмжлэгдсэн сургууль төгссөн үү” гэдэг лавлагаа шаарддаг. Манай байгууллагын байнга хийдэг нэг үйлчилгээ нь энэ.

Монголоос Европын холбооны оронд сурах гэж буй иргэн төгссөн сургуулиа магадлан итгэмжлэгдсэн гэсэн тодорхойлолт авдаг. Энэ нь тухайн хүнийг дараагийн шатны сургуульд элсэх баталгаа болж байгаа юм.

Түүгээрээ магадлан итгэмжлэл гээч зүйлийн оюутанд өгч байгаа үр нөлөө нь харагддаг. Сургуульд өгч байгаа үр нөлөө гэвэл тухайн байгууллага өөрийгөө хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн гэдгээ баталгаажуулж байгаа юм. Гаднын байгууллага манай улсын аль нэгэн сургуулийг магадлан итгэмжлэхээр болбол дотооддоо магадлан итгэмжлэгдсэн үү гэж асуудаг.

-Монголын их, дээд сургуулиудад нэлээд олон жилийн өмнөөс магадлан итгэмжлэл олгож эхэлсэн. Жил бүр хяналт тавьж чаддаг уу?

1998 онд магадлан итгэмжлэл олгож эхэлсэн. Энэ үйл ажиллагаа өдгөө гурав дахь шатандаа ирчихээд байгаа. Эхлээд их, дээд сургуулиудыг таван жилийн хуга- цаатай магадлан итгэмжилдэг байсан бол хоёр дахь үе шатанд хугацааг нь 10 болгосон.

Манай байгууллага сүүлийн гурван жил нэг ч сургуулийг магадлан итгэмжлээгүй. Бүх бичиг баримтыг цэгцэлж, их дээд сургуулиудад тавих шаардлагаа өөрчилж, шилжилт хийгээд дуусаж байна. Одоо гурав дахь шатны магадлан итгэмжлэл рүү орж байгаа.

-Сургуулиудад хэдэн жилийн хугацаатай магаддан итгэмжлэл өгдөг юм бэ?

Манай байгууллагын магадлан итгэмжлэх журам гэж бий. Энэ журмыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан. Бид үйл ажиллагаагаа олон улсын байгууллагынхтай нийцүүлэхээр багагүй ажил хийж байна. Ерөнхийдөө ирэх оны эхнээс сургуулиуд магадлан итгэмжлэгдэх хүсэлтээ ирүүлнэ. Магадлан итгэмжлэлийн хугацааг дээд тал нь таван жил байхаар өөрчлөлт оруулсан.

Сайн, муу гэж үнэлээд бага зэрэг асуудалтай байвал үнэлгээний аргачлалаар гурав юм уу, хоёр жилээр өгнө. Үнэлгээ нь 100 хувь байвал таван жилээр магадлан итгэмжлэлийн эрх олгоно. Магадлан итгэмжлэгдсэн 72 сургууль дотор чанар муутай, 50-70- хан оюутантай сургууль бий. Эдгээрийг бид дараагийн шатанд дахиад магадлан итгэмжилнэ.Манай байгууллага жил болгон ахиж дэвшлийн үнэлгээг тухайн сургуулиудад хийдэг. Хамгийн сүүлд “Улаанбаатар эрдэм оюу” дээд сургуулийн магадлан итгэмжлэлийг бид өнгөрсөн жил цуцалсан.

-Саяхан АШУҮИС-ийн хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөр олон  улсын магадлан итгэмжлэл авсан. Хөтөлбөрийг магадлан итгэмжилнэ гэхээр яадаг юм бэ?

Их, дээд сургуулиудад хэрэгжиж байгаа сургалтын хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрнө гэсэн үг л дээ. БСШУСЯ, Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын сан” төслийн санхүүжилт, манай гурван байгууллагын дэмжлэгээр АШУҮИС хүний их эмч бэлтгэх хөтөлбөрөө Германы Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага (ASIIN)-аар магадлан итгэмжлүүлсэн.

Энэ байгууллага Монголын хөтөлбөр тэдний тавьж байгаа стандарттай нэгэн ижил түвшинд байна гэдгийг баталж буй юм. Гэхдээ АШУҮИС-д нэг жилийн гэрчилгээ өгсөн. Тодорхой зөвлөмжүүд өгөөд түүний дагуу үйл ажиллагаагаа улам боловсронгуй болговол таван жилийн гэрчилгээ олгох боломжтой.

-Манай хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн нь Европын холбооны улсуудад монгол мэргэжилтнүүдийг бас хүлээн зөвшөөрнө гэсэн үг үү?

Тийм ээ. Жишээ нь, хамгийн анх ШУГИС-ийн хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн. Тус сургуулийн цахилгаан хангамж мэргэжлээр бакалавр, магистраар төгсөж байгаа оюутнуудын диплом дээр Германы ASIIN гээд байгууллагын Европын инженерийн хөтөлбөрийн боловсролыг эзэмшсэн гэдэг дардас наадаг юм.

Европын холбооны томоохон компаниуд Монголд орж ирэхээр бол ямар чадамжтай хүн ажилд авах вэ гэхээр энэ дардасыг үзнэ. Олон улсын хөтөлбөрөөр сурсан гэдгийг нь энэ байгууллагууд гэрчилж өгч байгаа юм.

-Хэдэн хөтөлбөр олон улсын магадлан итгэмжлэл авсан бэ?

Эхний жилүүдэд бизнесийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх бодлого баримталж байсан. СЭЗДС эхнийх нь байсан, нийт арван сургууль хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлсэн. Зөвхөн бизнесийн хөтөлбөр. Одоо манай Засгийн газрын бодлого бол тэргүүлэх гурван чиглэлтэй. Багш, инженер, технологийн чиглэлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлье гэж зорьж байгаа.

Сая бид долоон хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр хандсаны эхнийх нь АШУҮИС-ийнх байлаа. Үүний дараа бид МУИС-ийн мэдээллийн технологийн, ШУТИС-ийн геодезийн зэрэг зургаан хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх гэж байгаа.