undefined 2016.12.12 | Сонин: Өнөөдөр сонин

Ганц дайчин ганцаардахгүй

Ганц дайчин ганцаардахгүй
О.Баасанхүү

Өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн хуралдааны ирц цайны цагаар дөнгөж бүрдэж, эхэлсэн юм. Ямар сайндаа гишүүн О.Баасанхүү “Яг одоо танхимд 20 гишүүн сууж байна.

Өчигдөр 39 гишүүн байсан. Хуралдаан эхлэхийг 10.00 цагаас хойш хүлээлээ. Одоо тэгээд цайгаа уух уу, яах вэ. МАН-ын 65, АН-ын есөн гишүүн хуралдаа суухаа болилоо. Хуралдаа ирдэггүй гишүүдийн цалинг хасах хууль санаачилж болдоггүй юм уу. Маргааш Хүний эрхийн өдөр. Сонгогчид, иргэдийнхээ эрхийг хүндлэхгүйгээр яаж хүний эрхийг хүндлэх юм бэ” хэмээн үглэх вэ.

Энэ өдөр Төсвийн, Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо 09.00 цагт хуралдаж, 10.00 цагаас нэгдсэн хуралдаан эхлэх байсан ч 13.00 цагтай уралдаж ирц бүрдсэн хэрэг. Уг нь УИХ- ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээгээр 19 гишүүн гадаадад албан томилолттой гэж байгаа ч 30 гаруй гишүүн ажилдаа ирсэнгүй.

Ингээд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэсэн 12 дугаар дүгнэлт, Гаалийн тариф, гаалийн татвар, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай төслийг хэлэлцэж, баталсан ч О.Баасанхүү гишүүнээс өөр асуулт тавьж, үг хэлэх гишүүн гараагүй юм.

Харин үдээс хойш нь гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн байв.

Гэвч уг төслийн татвар, хүү торгуулийн асуудлаар холбогдох байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг гарч тус компанид шалгалт хийж байгаа тул дүн гартал асуулгын хариуг хойшлуулах хүсэлтийг асуулга тавьсан гишүүд гаргаснаар энэ өдөр хэлэлцсэнгүй тарлаа.