2016.12.14

1995 оноос хойших тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэнэ

УИХ-ын өнгөрсөн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуулийн төслийг 2016 оны 10 дугаар сарын 7-нд УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Л.Элдэв-Очир нар УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Хэлэлцүүлгийн явцад хуулийн төсөл анх орж ирснээсээ хэрхэн өөрчлөгдсөн талаар мэдээлэх нь зүйтэй болов уу. Одоогоор уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлээд байна.

Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байх үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн, Ж.Батзандан, Г.Мөнхцэцэг, Х.Баделхан нар хуулийн төсөлд тусгагдаагүй, зохицуулалт, нэмж тодруулах шаардлагатай асуудлуудыг хөндөн тавьж байлаа.

Тухайлбал, яагаад зөвхөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж онцлов, малчин тэр дундаа туслах малчин энэ хуулийн үйлчлэлд хамрагдах уу, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхдөө ямар хэлбэрээр төлөх вэ, хуулийг сурталчлан таниулах, илүү олон хүнийг хамруулах үүднээс ямар ямар ажлууд хийх вэ, насны хязгаарыг яагаад 15-60 гэж тогтоов, даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хүсэлтэй иргэдийн бүрдүүлэх материал нь иргэдэд чирэгдэл учруулах уу  зэрэг гишүүдийн асуултад уг хуулийн төслийг санаачлагч С.Чинзориг хариулсан юм.

2012 онд батлагдсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуульд малчдын 10 орчим, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь хамрагдсан гэсэн тоо бий.

Энэ хуулиар өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь нөхөн төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлж байсан.

Тэгвэл Монгол Улсын эдийн засаг, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд томоохон хувь нэмэр оруулж буй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд дахин боломж олгож, тэдний нийгмийн баталгааг сайжруулах үүднээс дорвитой арга хэмжээ авч байгаа нь энэ гэж хууль санаачлагч тайлбарлалаа.

“Уг хуулийн төсөл батлагдсанаар 500 мянга орчим иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлнө гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ. Тухайн хуулийн ач холбогдол, үр нөлөөг малчны хотонд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байранд хүрч очин тайлбарлан таниулах нь чухал гэсэн гишүүдийн байр суурьтай санал нэг байгаагаа С.Чинзориг хэлсэн.

Хуулийн үйлчлэх хүрээг 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан иргэн гэж тогтоосон нь илүү олон иргэнийг тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжоор хангаж байгаа учиртай юм гэлээ.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж ямар иргэнийг хэлж байгааг уг хуулийн төсөлд зааж өгсөн. 15-60 насны, ерөнхий боловсролын сургууль болон коллеж, их, дээд сургуульд өдрөөр суралцаж байгаагүй, малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчээс өөр ажил давхар эрхэлж байгаагүй гэж заасан нь үйлчлэх хүрээг харьцангуй хумисан, зөвхөн зорилтот иргэдэд чиглэсэн гэж УИХ-ын гишүүн С.Чинзориг үзэж байна.

Хуулийн төсөл батлагдаж, хэрэгжсэнээр нийгмийн даатгалын байгууллагуудад ачаалал үүсэх магадлалтай ч дээр дурдсан хязгаарлалтуудыг тавьж өгсөн нь тодорхой байдлыг бий болгож, хуулийг эмх цэгцтэй, зохион байгуулалттай хэрэгжүүлэхэд тус дөхөм болно гэж мөн тэрээр нэмэлт тайлбар өгсөн юм.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тавьсан хязгаарлалтууд дотор 15-60 гэж нас зааж өгсөн нь магадгүй 60 хүрсэн хүн ганц, хоёр жилийн НДШ-ээ нөхөн төлөх сонирхолтой байж болно. Харин 15 наснаас эхэлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар энэ насны хүн өөрт тохирсон ажил, хөдөлмөр эрхэлж болохыг зөвшөөрсөн байдаг учраас гэсэн тайлбар хийлээ.  

Хуулийн төсөл батлагдвал хуулийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг Засгийн газарт шилжүүлэх юм. Ингэснээр малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ ямар журам, хэлбэрээр нөхөн төлөхийг Засгийн газрын журмаар зохицуулах юм.

Тухайлбал, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хүсэлтэй байгаа иргэний эдийн засгийн боломжийг харгалзан үзэж, сараар уу, улирал тутам уу, жилд хэдэн удаа төлөх үү гэдгийг Засгийн газар шийдэх юм байна.

Анх оруулж ирсэн хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хүсэлтэй иргэнээс иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт, малчин бол мал тооллогын баримт, иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн гэрээ,  хувиараа хөдөлмөр эрхлэгч бол хувиараа шимтгэл төлж байсан баримт зэрэг бичиг баримт бүрдүүлэх тухай тусгасан байлаа.

Тэгвэл хэлэлцүүлгийн явцад хувиараа хөдөлмөр эрхлэгч бол хувиараа нийгмийн даатгал төлдөг гэсэн тодорхойлолт, харин малчин оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолтыг шаардна гэж өөрчлөхөөр болсон байна.