Бямбацогт.С 2016.12.14 | Сайт: Vip76.mn

С.Бямбацогт: Төрийн банк 1,5 их наяд төгрөгийн өр төлбөртэй байгаа нь хамгийн ихэд тооцогдож байна

С.Бямбацогт: Төрийн банк 1,5 их наяд төгрөгийн өр төлбөртэй байгаа нь хамгийн ихэд тооцогдож байна
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар үндсэн 4 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүний дотор төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээлэл анхаарал татаж байна. 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээллийг сонссоны дараа УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэд хэдэн тодорхой асуудалд хариулахыг хүслээ. 

С.Бямбацогт: Төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалин, урамшууллыг бууруулсан уу?  

"Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоол энэ оны 8 дугаар сард гарсан. Тухайн үед 60 сая төгрөгийн цалин авдаг гүйцэтгэх захирлууд байна гэж ярьж байсан билээ. Эдгээр гүйцэтгэх захирлуудын цалин өнөөдөр хэд байна, Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ажилласан эсэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаас тодрууллаа. 

С.Бямбацогт төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлуудын цалин хангамж, урамшууллыг ажлын гүйцэтгэл, үр дүнтэй уях нь зүйтэй болохыг хэлээд өр төлбөртэй, алдагдалтай ажилладаг атлаа цалингийн хэмжээ нь өндөр байдагт шүүмжлэлтэй хандаж байна. Тэрээр хэд хэдэн компанийн өөрийн хөрөнгө, өр төлбөр, алдагдлыг нэр заан дурдсан.

Тухайлбал, Мон-Атом компани 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 6,6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 2,1 тэрбум төгрөгийн орлоготой бөгөөд зардал нь 565 сая төгрөг, алдагдал нь 531 сая төгрөг байна. Энэ компанид нэг хүн ажилладаг мөртлөө энэ хэмжээний зардал гаргаж, алдагдалтай ажиллаж байгаагийн шалтгаан нь юу болохыг Ц.Ням-Осороос тодруулсан. Мөн Төрийн банк, Хөрөнгийн биржийг хувьчлах асуудлыг ч хөндлөө. 

Төрийн банк 1,5 их наяд, Төрийн орон сууцны корпораци 351 тэрбум төгрөг, Эрдэнэт үйлдвэр 616 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгаа бөгөөд энэ хэмжээний өр төлбөр хэзээнээс, яагаад бий болсон, өр төлбөрийг яаж барагдуулах вэ?

Өмч хувьчлалын жагсаалтад орсон Авто Импекс ХК нилээн том обьект байтал өнөөдөр хөрөнгөгүй, өр төлбөртэй компани болсон шалтгааныг Ц.Ням-Осоороос тодруулж, яагаад огт хөрөнгөгүй компанийг хувьчлахаар болов, хөрөнгө нь хаачсаныг асуулаа. 

Мөн Монголын Хөрөнгийн бирж 5 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй бөгөөд 20 тэрбум төгрөгөөр хувьчилна гэж байгаа нь бодит байдалд нийцэж байна уу, ийм хэмжээний мөнгөөр Хөрөнгийн биржийг худалдан авах хувь хүн, аж ахуйн нэгж олдох уу гэдгийг ч байнгын хорооны хуралдааны үеэр холбогдох албан тушаалтнаас асуусан юм. 

Ц.Ням-Осор: Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирлын цалинг 4 сая болгож бууруулсан

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор

Засгийн газрын 8 дугаар сарын 16-ны өдөр өгсөн чиглэлд хэт өндөр цалин, урамшуулал, тансаг хэрэглээ, шинэ машин, тавилга, орон сууцны хөнгөлөлт зэргийг хязгаарлахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт үүрэг болгосон. 

Энэхүү Засгийн газрын тогтоолын дагуу цалингийн хэмжээг 5 саяас дээш төгрөгийн цалинтай бол 30 хувь, 10 саяас дээш төгрөгийн цалинтай бол 50 хувь хасах шийдвэрийг 9 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. 

Одоогоор Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх удирдлага 10 сая евро буюу өнөөдрийн ханшаар тооцоход 24-25 сая төгрөг, “Монгол шуудан” компанийн Солонгос талыг хариуцсан захирал 4800 ам.доллар буюу 12-13 сая төгрөгийн цалин авч байна. Эдгээр компанийн захирлуудын цалинг 50-60 хувиар бууруулах болно.

Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал 9,5 сая төгрөгийн цалин авч байсныг 10 саяас дээш цалинтайд тооцож 50 хувиар бууруулан, 4 сая төгрөг болгоод байна. 

Хөдөө аж ахуйн биржийнхэн техник, технологио сайжруулах зориулалттай хөрөнгөнөөсөө 500 сая төгрөгийг цалин, урамшуулалд зарцуулсан байх жишээтэй. Уг нь орлогоосоо цалинжих ёстой. 37 хүнтэй, гүйцэтгэх захирал нь 9,5 сая төгрөгийн цалинтай, 4 машин унадаг байсан. Тиймээс цалинг бууруулж, 1 машиныг үлдээж 3 машиныг хураасан. Энэ мэтчилэн төрийн өмчит томоохон компаниудаас 10 орчим жийп машиныг хурааж, Засгийн газрын шийдвэрийн дагуу орон нутгуудад хуваарилж байна.

Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн хувьд сард 100, 200, 300 мянган гээд харилцан адилгүй цалин авдаг. Үүнтэй холбоотойгоор сарын 300 мянган төгрөгөөс дээш цалин, урамшууллыг ТУЗ-ийн гишүүдэд олгохгүй байх шийдвэр гарсан.

Үйл ажиллагааны цар хүрээ, ашиг орлого, үр дүнг харгалзан цалин, урамшууллын хэмжээг тогтоох үүднээс "төрийн өмчит компаниуд шинээр зорилтот түвшин"-ээ батлуулж байна.

Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах явцад төрийн өмчит компаниудын удирдлага, менежменттэй холбоотой асуудлыг Сангийн яамнаас журам гаргаж, зохицуулах нь зүйтэй гэж санагдсан. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Компанийн тухай хууль нь хувийн хэвшилд чиглэсэн, компанийн ТУЗ-ийн гишүүдийн эрх мэдэл давуу байхаар хуульчилж өгсөн. 

Төрийн өмчийн компаниудын өр төлбөр, алдагдал нь зах зээлийн нөхцөл байдал, удирдлагын бүтэц, зохион байгуулалт, хариуцлагагүй байдал, удирдлага-менежментийн хяналтгүй зардал гэсэн 4 үндсэн шалтгаантай гэж үзэж байна. Цаашид нарийвчлан судлах шаардлага бий.

Нэгдсэн байдлаар хамгийн их өртэй 30 компанийг энэ оны эцэс, дараа оны нэгдүгээр сар хүртэл шалгаж дуусах байх. Шалгалтын үр дүнг Засгийн газарт танилцуулж, УИХ-аар хэлэлцүүлэх болно. Одоогоор ямар ч байсан компаниуд хэдэн төгрөгийн өр төлбөртэй байгааг гаргаж тавилаа.

Сайншандын аж үйлдвэрийн парк нь 14,6 тэрбум төгрөгийн өртэй, нэг ч ажилтангүй байна.

Мон Атом ТӨК-ийн хувьд 4,5 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулах тухай шүүхийн шийдвэр гарсан. Энэ компанийг хувьчилж, олсон орлогоор шүүхийн шийдвэрээр гарсан өр төлбөрийг барагдуулах болно. Хувьчлалын зөрүү 1,4 тэрбум хүртэлх төгрөгийн орлого Сангийн яамны мэдэлд шилжинэ гэж тооцож байна. Тус компани нь эхэндээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяанд байж байгаад Эрдэнэс Монгол ХХК-ийн харьяалалд шилжсэн учраас өр төлбөрийн талаар нарийвчлан судлаагүй.

Хөрөнгийн бирж, Төрийн банкны хувьчлалыг Сангийн яам хариуцна. Сангийн яам, Монголбанк хамтран хувьчлах үнийн дүнг тогтоосон.  

Ирэх оны 2,3 дугаар сард төрийн өмчит компаниудад ямар бараа шахсан, ямар компани үргүй зээл авсан гэдэг нь тодорхой болно. Төрийн өмчийн хороонд санхүүгийн мэргэжлийн шалгалт хийдэг 6 мэргэжилтэн бий.

Одоогоор төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудад 15 удаагийн шалгалт хийсэн. Одоо МИАТ ХК дээр ажиллаж байна. Тиймээс санхүүгийн шалгалтуудыг нэгтгэж, нэгдсэн дүнг тухайн үед нь танилцуулах болно. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn