Энх-Амгалан.Л 2016.12.14 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

БЗДХӨ ХДХВ-ийн тархалтыг бууруулах урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг хэлэлцэнэ

БЗДХӨ ХДХВ-ийн тархалтыг бууруулах урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг хэлэлцэнэ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо "Бэлгийн замаар дамжих халдварт өвчин, хүний дархлал хомсдолын вирусын  халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх"- талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг хэлэлцэн баталсан.

Тус Байнгын хорооноос 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан “Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол болон бэлгийн замаар дамжих халдварт өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналыг үндэслэн дээрх тогтоолыг гаргасан бөгөөд Монгол Улс дахь БЗДХ, ХДХВ, ДОХ өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт уг тогтоолоор Засгийн газарт чиглэл болголоо.

Тухайлбал, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үүрэгтэй “Үндэсний хороо”-г дахин сэргээн байгуулж, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах, энэ чиглэлээр хэрэгжиж байгаа олон улсын байгууллагын тусламж, төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, ХДХВ, БЗДХ-ын эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулах, өвчний эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх тухай мэдлэг олгох сургалт, сурталчилгааг идэвхтэй зохион байгуулах, үйл ажиллагааг тогтмолжуулах, их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцагсад болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг БЗДХ-аас урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулах ажлыг жил бүр тогтмол зохион байгуулах зэрэг ажлуудыг тусгасан байна.

Мөн хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Инновацийн тухай хууль, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн байдлыг шалган, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг тус тус байгуулав.

Түүнчлэн Кино урлагийн талаар, Цэцэрлэгийн хүртээмжийн талаар, Боловсролын бодлогыг хэрэгжүүлж буй байдлын талаар судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах ажлын хэсгүүдийг мөн байгууллаа