Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
2016.12.15

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг эргүүлэн татлаа

Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг эгүүлэн татах нь зүйтэй гэж үзлээ.

Зээлийн ерөнхий хэлэлцээрийн зориулалтыг дэд бүтэц, боловсруулах үйлдвэрийн салбарын төслүүдийг санхүүжүүлэх чиглэлээр өөрчлөх талаар БНЭУ-ын талтай тохиролцон Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайдад даалгалаа.

Н.Учралын санаачилсан хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзэв

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзэн үндэслэлээ хууль санаачлагчид уламжлахаар боллоо.

Авто замын тухай хуулийг шинэчлэн найруулна

- Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган, үзэл баримтлалыг хамтран баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Үр дүнтэй уулзалт болсон гэж дүгнэв

Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтын үр дүнг сайшаав. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд салбарын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, хэрэгжиж байгаа зээл, тусламжийн хэрэгжилт, үр дүнг сайжруулахыг сайд нарт үүрэг болгов.

Хөгжлийн албан ёсны тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, зохицуулах, Хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Сангийн сайдад даалгав.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдлийн даатгалын тухай хуультай болно

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдлийн даатгалын тухай хуулийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.