УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж
2016.12.15

Ц.Нямдорж: Зөвлөх, туслахууд аа! Гишүүдийг нойрноос нь сэрээ

Улаанбаатарт 10 цаг 30 минут болсон байна. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаан тогтсон ёсоор 10:00 цагт эхлэх ёстой ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс одоог хүртэл эхлээгүй байна. 

Төрийн ордонд шинэ оны уур амьсгал эрт орж, гишүүд шинэ оныг угтахаар сэтгэл догдлон хүлээж, ажилдаа ирэхээ байв уу? Хэлэлцэх асуудлуудаас болов уу? Ямартай ч УИХ-ын гишүүдийн ирц сүүлийн хэдэн долоо хоног сайн бүрдэхгүй байна. 

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар 5 асуудал хэлэлцэх ёстой. Үүнд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга багтаж байна. 

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчилж байгаа учраас чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалахаар болсон.

Өнөөдөр ядаж 60 гишүүн чуулганы хуралдаанд оролцох ёстой. Гэсэн хэдий ч гишүүдийн дийлэнх ажилдаа ирээгүй байна. Тиймээс УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гишүүдийг хуралдаа оролцохыг шаардаж, хуралдаанд ирээгүй гишүүдийн нэрийг зарлалаа. 

Зарим гишүүнийг овог, нэрээр хүртэл дуудаж, гишүүдийн туслах, зөвлөхүүдэд хандаж, "Гишүүдээ нойрноос нь сэрээ" гэв. Хэн, хэн ирээгүй байгааг олон нийтэд харуул гэж үүрэгдсэний дагуу чуулганы танхимыг тойруулан гишүүдийн ирсэн, ирээгүй байдлыг харууллаа. Гишүүд уван цуван ирсээр. Ц.Нямдорж хүлээсээр. Үе үе микрофоноо нээж, хуралдаа ирж буй гишүүдтэй мэндчилж, ирээгүй байгаа гишүүдийн нэрсийг дахин дахин дурдаж байна. 

Тэрээр "Алины болгон ийм замбараагүй байдлаар амьдрах юм бэ? УИХ-ын бүрэн эрхийн хугацаа эхэлчихээд байхад гишүүдийн ирц нь бүрддэггүй УИХ, УИХ-ын бүлэг гэж байдаггүй байх. УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлдэгийг мэдэж байгаа биз дээ? Бидний хариуцлагын асуудлаас улс орны хариуцлагын асуудал эхэлнэ.

Бид ийм байдалтай байвал хэнд хариуцлага тооцож, хэнээс хариуцлага нэхэх юм бэ? Тийм учраас гишүүдийн ирцийг бүрдүүлэх тал дээр яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Хуулийн төсөл боловсруулахад оролцсон яам, тамгын газарт ажилладаг ажлын хэсгийнхэн ирчихээд хүлээгээд байна шүү дээ.

Энэ хэрээр ажил алдагдаж байна. Сонгогчид чуулганы хуралдаанаараа цагт нь хийдэг байгаасай, сахилга хариуцлагатай байгаасай гэсэндээ сонголтоо өөрчилсөн шүү дээ. Сонсогчдын итгэлийг дааж ажиллах хэрэгтэй байна." гэдгийг хатуухан хэлээд авлаа. 

УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд тааллаараа оролцоно гэсэн зарчим, заалт байхгүй гэдгийг хэлээд УИХ-ын чуулганы хуралдаандаа суухгүй юм бол яагаад УИХ-ын гишүүн болсон юм, яагаад сонгогдсон юм бэ? гэсэн асуултыг дахин дахин асууж байна. Ямар сайндаа "Гишүүдийн ирцийг яаж бүрдүүлэх вэ?" сэдэвт сургалт зохион байгуулах юм уу гэсэн санал хүртэл дэвшүүлээд авлаа.

УИХ-ын гишүүдийн томилолтыг цэгцлэх, чуулганы хуралдаантай давхцуулах байнгын хорооны хуралдаан хийхгүй байхыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа болоод бусад холбогдох албаны хүмүүст санууллаа.