undefined 2016.12.15 | Сайт: Vip76.mn

Д.Тэрбишдагва: Засгийн газрын оруулж ирсэн хуулийн төслийг УИХ дээр засаад баймааргүй байна

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

Уих-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэний дараа УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаж ажиллан, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийж, УИХ-аар хэлэлцүүлж байна.

Ажлын хэсэг, байнгын хорооны хуралдааны үеэр 103 зарчмын зөрүүтэй санал, байнгын хорооны дэмжигдээгүй 3 санал нийт 106 зүйлээр санал хураахаар болсон юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Мэргэжлийн Засгийн газар"-ын оруулж ирсэн хуулийн төсөлд засвар их байгаа бол хуулийн төсөл санаачлагчид буцаах хэрэгтэй. Нэгэнт УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийг гишүүд засаад баймааргүй байна гэсэн санал хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 

Сүүлийн үед УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүд засдаг болж. Хууль санаачлагч нь “дутуу алсан могой” шиг хуулийн төсөл боловсруулчихаад өргөн барьдаг юм шиг ойлгогдоод байна. Анх оруулж ирсэн хуулийн төсөл дээр УИХ-аас гарсан ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцээд 103 зарчмын зөрүүтэй санал оруулж ирсэн байна. Мөн байнгын хорооны дэмжигдээгүй гурван зарчмын зөрүүтэй санал байна. Ингээд өнөөдөр 106 саналаар санал хураах юм байна.

Анх орж ирсэн хуулийн төсөл танигдахааргүй болж байгаа юм биш шүү?  Хэрэв үнэхээр уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлагатай бол Засгийн газар, хууль санаачлагчид буцааж, төслөө сайжруулж оруулж ирэх ёстой шүү дээ. Нэгэнт УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аас ажлын хэсэг гаргаж засдаг баймааргүй байна.

Анх оруулж ирсэн хуулийн төслийн хэдэн хувь нь өөрчлөгдөж байна вэ? Хуулийн төсөл санаачлагчид нэг тайлбар хэлдэг болсон байна. Тэр нь юу вэ гэхээр бид хуулийн төсөл санаачилж, өргөн барьсан, өөрчлөх нь та нарын гарт байгаа гэх юм.

Гэтэл салбарын судлаач, эрдэмтдийн боловсруулсан хуулийн төсөлд дахин засвар оруулах хэрэг байна уу? Улс орны нийгэм, эдийн засагтай холбоотой зүйлд УИХ-ын гишүүд анхаарал хандуулах ёстой.

Анхнаасаа уг хуулийн төслийг эмх цэгцтэй, тооцоо судалгаатай оруулж ирж болоогүй юм уу гэдгийг хууль санаачлагч, ажлын хэсгээс асуумаар байна.

УИХ-ын гишүүн,  ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь:

Хуулийн төслийг өргөн барьснаас хойш Хууль зүйн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулж ажилласан. Найруулга, редакцийн чанартай, хуулийн төслийн техниктэй холбоотой саналууд дийлэнх нь байгаа.

Эдгээр санал бүгд зарчмын зөрүүтэй санал гэсэн нэр томъёон дор тодорхойлогдоод байгаа учраас олон саналаар санал хураах юм шиг ойлгогдоод байна.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль анх 2004 онд батлагдсан. 2008 оноос шинэчлэн найруулах шаардлагатай байна гэж ярьж эхэлсэн юм. Шинэчилсэн найруулгын төсөл батлагдсан ч ёсчлоогүй учраас 2016 оны 8 дугаар сарын 30-нд хуулийн төсөл санаачлагчид буцаасан. Ингээд шинэчилсэн найруулгыг дахин боловсруулж 9 дүгээр сард өргөн мэдүүлээд байна.

Найруулгын шинжтэй саналуудыг зарчмын зөрүүтэй гэж тус тусад нь санал хураах уу эсвэл найруулгын шинжтэй саналуудыг нийтэд нь нэг уншаад нэгдсэн санал гэж санал хураах уу гэсэн зохицуулалтыг хуульд нарийн тусгаагүй.

Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр найруулгын шинжтэй саналуудыг нэг, нэгээр нь хураая гэсэн санал гаргасан учраас олон зарчмын зөрүүтэй санал юм шиг харагдаад байгаа юм. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Баярцэнгэл Bayartsengel@vip76.mn