2016.12.15

Чуулганы танхим эл хуль

УИХ-ын үйл ажиллагаа тогтсон дэгтэй, цагийн хуваарьтай байх ёстой. 

Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Мягмар, Лхагва гарагуудад байнгын хорооны хуралдаан болж, асуудлуудаа хэлэлцдэг. 

Пүрэв, Баасан гарагуудад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, Засгийн газрын мэдээлэл, гишүүдийн тавьсан агуулгын хариу зэргийг сонсдог. 

Урьдаас төлөвлөгдсөн, яаралтай хэлэлцэх шаардлагатай жагсаалтыг УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар батлуулдаг бөгөөд УИХ-ын гишүүд бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаан тус бүрт оролцох үүрэгтэй. 

Гэтэл зарим гишүүд уг үүргээ умартаж байна уу гэлтэй гишүүдийн ирц хангалтгүй байна. 

Тухайлбал, өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар цагтаа эхэлсэнгүй. УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчилж байгаа учраас түүний оронд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хуралдааныг даргалахаар болсон.

Тэрээр М.Энхболдоос ялгаатай нь гишүүдийн ирц бүрдээгүй байгаа явдлыг маш хурцаар шүүмжилж, хуралдаандаа хоцорч ирсэн гишүүд бүрийн өглөөний амгаланг эрж, ажилдаа хэдэн цаг хоцорч ирж байгааг сануулж байлаа. 

Гэхдээ түүнийг янз бүрээр хичнээн шаардлага тавиад ч чуулганы ирц төдийлөн сайн бүрдэж чадсангүй. Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад 45 гишүүн оролцсон нь нийт гишүүдийн 59,2 хувьтай тэнцэж байлаа.