УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2016.12.15

Л.Энх-Амгалан: Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр барих төсөв байгаа юм уу?

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгээр Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байгаа юм. Санал хураалт явуулж байх үеэр гишүүд тухайн саналтай уялдсан асуулт асуулаа. 

Л.Энх-Амгалан: 2017 оны төсөв батлагдчихсан шүү дээ

"Хуулийн төслийн хэрэгжих хугацаа нь ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс гэсэн байна. Хэрэв бид энэ заалтын дагуу батлах юм бол нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр гэсэн хоёр байгууламжийг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтаас хамаарч, орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгуулна гэж төсөлд тусгасан байна.

2017 оны орон нутгийн төсөв батлагдсан байхад яаж эдгээр төв, байрыг барих вэ? Орон нутаг, сум, аймгийн төвүүдэд нийт хичнээн нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр барихаар төлөвлөсөн бэ?

Түр хамгаалах байрны тухайд стандартын шаардлага хангасан, байршил нууц байна, аюулгүй байдлыг цагдаа хангана гэж нарийвчлан тусгасан заалт батлахаар болоод байна. Эдгээр байр, төвийг байгуулахад нилээдгүй хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай."

Х.Нямбаатар: 2017 оны төсвийг тодотгох үеэр хөрөнгө мөнгө хуваарилж болох байх

Энэ асуудлыг ажлын хэсэг дээр маш их ярьсан. Улсын төсөв, орон нутгийн төсөв батлагдсаны дараа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үүнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах асуудлыг хөндөж байна. Ирэх жил 2018 оны төсөв хэлэлцэх үеэр эдгээр төв, байрыг барих төсвийг шийднэ гэвэл  учир дутагдалтай юм.

Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид туслах 5 нэг цэгийн үйлчилгээний төв, тодорхой тооны түр хамгаалах байрууд бий. Мөн орон нутгийн ИТХ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зориулсан төсвөө батлаад удаагүй байна.

Тиймээс энэ хүрээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэхэд сум, дүүргийн ИТХ идэвх, санаачилгатай оролцох тухай зарчмын шаардлага тавьсан.

Нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар гадаадын зээл, тусламжаар нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрыг барьж байгуулах, одоо нөөцөд байгаа төв, байруудыг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалахад чиглүүлэхэд хамтарч ажиллахаар болж байна.

Төсөв байхгүй гээд хойшлуулбал ахиад нэг жил хүлээх хэрэгтэй болно. Тиймээс бүх орон нутгийн ИТХ-ын дэргэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлүүдэд тусгайлан төсөв бий. Энэ төсвөөрөө өөрсдийн хэмжээнд асуудлыг шийдэх боломжтой.

Хуулийн төсөлд “Хамтарсан багууд” гэсэн шинэ нэр томъёо оруулж өгсөн. “Хамтарсан баг” гэдэгт хорооны нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагч нар, сургуулийн нийгмийн ажилтнууд, өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд нийлж хамтарсан баг болно.

Тиймээс материаллаг зардал хаана үүсч байна гэхээр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байруудыг олноор байгуулахад төсөв хөрөнгө шаардлагатай байгаа юм. 2017 оны төсвийг тодотгох үеэр эдгээр төв, байр барихад төсөв хуваарилах боломж бий гэж харж байна.