2016.12.15 | Сайт: Vip76.mn

Хөгжлийн банкны асуудлыг нэг өдөр хэлэлцээд ямар ч шийдэлд хүрсэнгүй

Хөгжлийн банкны асуудлыг нэг өдөр хэлэлцээд ямар ч шийдэлд хүрсэнгүй

 

Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг ажлын хэсгийнхэн тайлагнасан юм. Монгол Улсын Хөгжлийн банк нь хуулийн дагуу 2011 оны гуравдугаар сарын 25-ны өдөр байгуулагдаж үйл ажиллагаагаа тавдугаар сараас эхлүүлж байсан.

Тус банк нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд банкны хувь нийлүүлэгч нь Монгол Улсын Засгийн газар юм. Гэтэл шалгалтын дүнд тус банкны мэргэжлийн удирдлага, зээлийн бодлого, хяналтын удирдлага бүхэлдээ алдагдан, хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй болохыг өнгөрсөн 6 удаагийн шалгалт нотолж байна.

Тодруулбал, Хөгжлийн банк 2011-2016 онд нийт 5,5 их наяд төгрөгийн зээлийг аж ахуйн нэгжүүдэд гурван бүлэг болгон зээл олгосон байна. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 3,2 их наяд төгрөгийг Хөгжлийн банкнаас, 1,2 их наяд төгрөгийг арилжааны банкаар дамжуулан тус тус гаргасан аж.   

Ажлын хэсэг шалгалтын дүнг сонсож, дууссаны дараа уг асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан юм.

Тус бүлгийн гишүүдийн үзэж буйгаар ажлын хэсгийн шалгалтын материал нь хууль тогтоомжийн дагуу биш, ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, тоо баримт, дүгнэлт зөрчилтэй хэмээн үзэж байна.

Түүнчлэн тухайн үеийн банкны удирдлага, холбогдох яамны удирдлагуудыг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэй нээлттэй хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй хэмээн үзсэн болохоо дурдсан.

Ийнхүү Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар үргэлжлүүлэн ажлын хэсгийн шалгалтын дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийсэн юм. Тухайлбал, Ажлын хэсгийн гишүүдийн мэргэжлийн чадамжийн талаар, шалгалтын материалын бүрдэл бүрэн эсэх, хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх асуултад ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хариулт өгөв.

 Тэрээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд 21 хоногийн хугацаанд Хөгжлийн банкны 5-6 жилийн хугацаанд 2000 гаруй аж ахуйн нэгжид зээл олгон,  371 гаруй төсөл хөтөлбөрийн санхүүжүүлсэн эсэхийг шалган, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулсан учир ажлын дэд хэсэг байгуулсан болохоо танилцуулж, улмаар уг шалгалтын дүн бүхий материалыг Засгийн газарт танилцуулсан байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөгжлийн банкны үйл ажиллагаанд урьд нь таван удаа шалгалт хийсэн бөгөөд ажлын алба, Үндэсний Аудитын Ерөнхий газар хоёр удаа, Улсын Их Хурлаас байгуулагдсан ажлын хэсэг, Сангийн сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт зэрэг баримтууд байгааг хэллээ.

Энэ удаагийн шалгалтын дүгнэлтийг нийлүүлэн нийт зургаан удаагийн шалгалтын үр дүн ижил гарсныг цохон тэмдэглэв. Түүнчлэн Хөгжлийн банк нийтдээ 5.5 их наяд төгрөгийн зээл олгосон ч 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил гаргасан, 600 тэрбум төгрөгөөр тоологдох алдагдал хүлээх эрсдэлтэй байгаа энэ нөхцөлд нарийвчилсан шалгалт хийж, зээлийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль зөрчсөн гэмт хэргийн шинжтэй тохиолдлуудыг зохих хууль журмын хүрээнд шалган, хариуцлага тооцох нь зүйтэй гэдгийг хуралдаанд оролцсон гишүүд хэлж байлаа.

Цаашид Хөгжлийн банкны үйл ажиллагааны хэтийн төлөвийг тодруулж, үйл ажиллагааны хяналт шалгалтыг холбогдох хууль журамд нийцүүлэн хийж, эрх зүйн орчныг сайжруулах, удирдлага, бүтцийг мэргэжлийн болгох, холбогдох хууль тогтоолыг мөрдөж ажиллах нь зүйтэй гэсэн зарим гишүүн санал нэгдлээ.  

Улсын Их Хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

Хөгжлийн банкийг анх байгуулахад олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулж Монголын эдийн засагт дэмжлэг болгох зорилготой байсан. Харамсалтай нь өнгөрсөн дөрвөн жилд эрх барьж байсан АН-ынхан олон улсын жишиг, стандартын дагуу биш харин эсрэгээр удирдаж, буруу менежмэнт хийж явсан нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргээд байна. Тэд өнгөрсөн жилд хууль зөрчсөн гэмт хэргийн шинжтэй зүйл их хийсэн нь олон шалгалтын дүнгээс илчлэгдэж байгааг харлаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлыг хэт улстөржүүлж нэг талын байр сууринаас хандаж байгаа нь илт харагдаж байна. Энэ асуудалд үнэлэлт дүгнэлт өгч байгаа ажлын хэсэг мэргэжлийн бус юм байна. Энэ банкны удирдлага нь тухайн үеийн сайд, дарга нарыг оролцуулж нээлттэй мэдээлэл хийж болох шүү дээ. Баталгаагүй тоо баримт олон нийтийн сүлжээгээр хэн задалдаг байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ анх удаагийн шалгалт биш өмнө нь Үндэсний аудитын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын хийсэн шалгалтын дүнгүүд бий. Гэтэл нэр төр харлуулах гэсэн үйлдэл гэж  өөрсдийн хийсэн алдаагаа нууж болохгүй. Бид ч цөөнх байх үедээ шалгалт хийж байсан. Зээлийг хэн ч хэзээ ч авч болно. Гол нь авсан зээлээ зүй зохистой, зорилтод зүйлд зарцуулсан нь хэд юм гэдгийг л тодруулж өгөх нь чухал. Ажлын хэсэг хуулийн дагуу болон хууль бус үйлдлүүдийг нь ялгаж салгаж болоогүй юм уу гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Энэ засгийн эрх баригч нар Хөгжлийн банкийг үнэгүйдүүлж олон түмэнд өмнөх засаглал байхдаа дампуурах шатанд нь оруулчихсан байсан гэж сенсаци дэгдээж байгаад дараагийн хурлаар хувьчлах тухай ярих байх. Энэ том банк Монгол улсын хөгжилд ямар их хувь нэмэр,ач холбогдолтой байсан одоо мөн цаашид ч хэрхэн ач тусаа өгч болох тухай ярьсан. Ийнхүү бүтэн өдрийн хурлын сэдэв болсон Хөгжлийн банкны тухай талцсан маргаанд ямар ч дүн тавигдсангүй хурал өндөрлөв.