Нямдорж.Ц 2016.12.16 | Сайт: Vip76.mn

Ахмад настны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Ахмад настны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Чуулганы хуралдаан

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.12.16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн 67.1 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Чуулганы хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа нар танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва, С.Чинзориг, Д.Сарангэрэл, Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр, М.Билэгт, Д.Дамба-Очир, Б.Энх-Амгалан, Н.Учрал, Г.Занданшатар, Н.Амарзаяа, М.Оюунчимэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн хувьд ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээл авах хугацаанд хязгаар тавих, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг шийдвэрлэх, мөн ахмадын хиймэл шүд, протез хийх зардлыг төрөөс даадаг хугацааг богиносгох, хөдөө орон нутагт амьдарч байгаа настнуудад нийтийн тээврийн хөнгөлөлт олгох, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бие даан амьдрах чадваргүй ахмад настны асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг илүүтэй сонирхож байлаа.

Ингээд Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 83.7 хувь нь дэмжсэн юм. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Баярцэнгэл Bayartsengel@vip76.mn