Номтойбаяр.Н 2016.12.16 | Сайт: Vip76.mn

Н.Номтойбаяр: Алдар цолтон ахмад настнуудад сар бүр 150-200 мянган төгрөгийн нэмэгдэл олгож байна

УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр

Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:

"2008 онд Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль батлагдсан. Уг хуулийн дагуу улс эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжээс гадна төрөөс сар бүр 150-200 мянган төгрөгийн нэмэгдэл олгож байна.

УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ач санах” хуулийг батлуулж, азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж тусгасан. Энэ хүрээнд ахмад настны амьдралын туршлага, мэдлэг, ур чадварыг нийгмийн баялагт тооцож, тэднийг халамжлахын зэрэгцээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулж, баялаг бүтээгч байлгах нь чухал гэсэн үзэл баримтлалын дагуу Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.

Үүнтэй холбогдуулан хүчин төгөлдөр мөрдөж буй Ахмад настны нийгмийн хамгааллын хуулийн алдар цолтой ахмад настанд үзүүлэх мөнгөн тусламж, хөнгөлөлттэй холбоотой зохицуулалтыг Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд тусгах шаардлагатай байна.

Иймд алдар цолтой ахмад настнуудад төрөөс үзүүлж байгаа дээрх тусламж, хөнгөлөлтийг нэг хуулиар зохицуулах зорилгоор Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа."

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn