Д.Тэрбишдагва: Ахмад дайчдын гэр бүл, ар гэрийнхэн төрөөс тусламж үзүүлэх бололцоо бий юу гэж асуудаг
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2016.12.16

Д.Тэрбишдагва: Ахмад дайчдын гэр бүл, ар гэрийнхэн төрөөс тусламж үзүүлэх бололцоо бий юу гэж асуудаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хоёр асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Нэгд, Ахмад дайчдын гэр бүлд тусламж үзүүлэх талаар төсөлд тусгагдаагүй байна. Энэ чиглэлээр хууль санаачлагч болон байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцсэн зүйл байна уу? Ахмад дайчдын гэр бүл хүнд байдалтай учраас тэтгэмж, тусламж үзүүлэх бололцоо бий юу гэж иргэд асуудаг. Ахмад дайчдын гэр бүлд тусламж үзүүлэх бололцоо бий юу?

Хоёрт, Алдар цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдэл, хөнгөлөлтийн хэмжээг тухай бүрт УИХ-ын тогтоолоор тогтооно гэж заасан байна. Үүнийг Засгийн газар тогтоодог болгож өөрчилж болохгүй юу? Эсвэл нэг удаагийн тогтоолоор нэмэгдэл, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох нь зүйтэй биш үү? Байнга өөрчлөөд байх шаардлага байна уу?

УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:

Нэгд, Хуулийн төслийн 5,3,2-т ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож байгаад амь үрэгдсэн иргэний эхнэр/нөхөрт сар бүр мөнгөн тусламж үзүүлэх гэж зааж өгсөн.

Хоёрт, Алдар цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдэл, хөнгөлөлтийн хэмжээг тухай бүрт УИХ-ын тогтоолоор тогтооно гэж оруулж ирсний гол шалтгаан нь нэмэгдлийг улсын төсвөөс, хөнгөлөлтийг халамжийн сангаас олгодог. Тиймээс нэмэгдлийг улсын төсвөөс олгодог учраас Монгол Улсын төсвийн тухай хуультай уялдах ёстой болж байгаа юм.