Чинзориг.С 2016.12.16 | Сайт: Vip76.mn

С.Чинзориг: Өмнөх хуулийн зүйл заалтаас дордуулахгүй байхыг хичээгээрэй

УИХ-ын гишүүн С.Чинзориг
УИХ-ын гишүүн С.Чинзориг

"Миний хувьд энэ хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ өмнөх хуулийн заалтуудаас ухарч байгаа зарим нэг заалтууд байна. Тухайлбал өмнөх хуулийн заалтад ахмад настан амралт, сувилалд аль алинд нь хамрагддаг байсан бол одоо энэ хоёрын аль нэгийг нь сонгох гэж орж ирсэн байна.

Хэдийгээр эдийн засгийн нөхцөл боломж муу байгаа ч өмнөх нийгмийн хамгааллын зүйл заалтуудаас дордуулсан заалт оруулж болмооргүй байгааг хэлмээр байна. Нөгөөтэйгүүр ахмадуудын өөрсдийн чадавхид түшиглээд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн бодлогыг би хувьдаа дэмжиж байгаа юм.

Мөн Хуулийн дагуу нийгмийн даатгалын сангаас хөнглөлттэй тэтгэвэр авч байгаа 140 гаруй мянган ахмад настан байгаа. Тэднийг нэгэнт төрийн бодлого шийдвэрээр наснаас нь өмнө тэтгэвэрт гаргаж байсан учраас ахмад настны хуулийн дагуу бүх ахмадуудад үзүүлж байгаа бүх тусламж дэмжлэгт хамруулдаггүй юм гэхэд тодорхой хэмжээний амралт, сувилал зэрэгт хамруулах, хөдөлмөрлөлтийг нь дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөрт хамруулж дэмждэг байвал зүгээр байна. Мөн тэдэнд тулгамддаг нэг чухал асуудал бол эрүүл мэндийн салбарт ахмадуудад үйлчилдэг тодорхой нэр бүхий эмнэлэг, өрхийн эмнэлэгт ахмадын эмчтэй байх зэрэг шинэчлэлийг бий болгох тухайд байнгын хорооны ажлын хэсэг анхаарч үзэх биз.

Мөн ахмад настанууд тэтгэвэрт гарсан хойноо ойр хоорондоо уулзаж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг орон байр байх хэрэгтэй гэж бодож байна. Учир нь тэтгэвэрт гарсан ахмадууд уурлаж бухимдах, ганцаардах гэдэг аюул учирдаг юм билээ.

Эцэст нь хэлэхэд аав ээжийгээ асран хамгаалж байгаа айл өрх, үр хүүхдүүдэд нь үлдэх халамжийн асуудлыг ч энэ хуульдаа зааж нэмж оруулж өгөөд улам боловсронгуй болгох байх гэдэгт найдаж байна."