Баасанхүү.О 2016.12.16 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: 5,6,7 дугаар таван жилийн гавшгайчид одоогийн зарим нэг гавьяаттай харьцуулахад гавьяатай хүмүүс

О.Баасанхүү: 5,6,7 дугаар таван жилийн гавшгайчид одоогийн зарим нэг гавьяаттай харьцуулахад гавьяатай хүмүүс
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх" асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төсөл санаачлагчаас хэд хэдэн асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

"Хилсээр хэлмэгдсэн хүмүүс, тэдний ар гэрийнхэнд анхаарал хандуулах цаг болсон. Жил бүр МАХН-ынхан “Баатарын холбоо”-ны ахмадуудад хүндэтгэл үзүүлж, цагаан сараар золголт-уулзалт хийдэг. Зарим ахмадын амьдрал үнэхээр хүнд, баатрын тэмдэгээс өөр зүйл үлдэж хоцроогүй байдаг.

Алдар цолтон ахмад настан, алдар цолгүй ахмад настан гэсэн хоёр ангилал бүхий тусдаа хуулийн төслүүд оруулж ирлээ. Алдар цолтон ахмадуудад олгох нэмэгдлийг дэмжиж байна. Харин алдар цолтой, цолгүй бүх ахмадад ижил хөнгөлөлт олгож болохгүй гэж? Яагаад ахмад настнуудад олгох нэмэгдэл, хөнгөлөлтийг хоёр тусдаа хуулийн төсөл болгож салгав? Тиймээс Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ахмад настнуудад олгох хөнгөлөлтийг оруулж, түүнээс тусдаа “Алдар цолтонд нэмэгдэл олгох тухай” хуулийн төсөл гэж өөрчилж болох уу?

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлттэй уялдуулан нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоож болно гэж заасан болно. Шууд л “тогтооно” гэж зааж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Уг хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвөөс хичнээн хэмжээний хөрөнгө мөнгө шаардах вэ? Энэ хэмжээний мөнгийг олгох боломж бий юу

Дэмжүүштэй хуулийн төсөл гэж үзэж байна. Гэхдээ “популист” биш байгаасай гэж хүсч байна.

Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цол, төрийн шагнал гээд гавьяа шагналуудын жагсаалт цааш хөвөрнө. Тухайлбал, Эрдэнэт хотод 93 настай н.Сүрэнжав гэдэг ахмад дайчин бий. Тэр хүн Дархан-Уул, Хөвсгөл, Булган аймгуудын цахилгаан станцыг байгуулахад онцгой гавьяа байгуулсан боловч гавьяагаа үнэлүүлж чаддаггүй. Шавь нараас нь гурван хүн гавьяат авчихсан.

Энэ жишээнээс зарим нэг хүн үнэхээр гавьяагаа үнэлүүлж чадахгүй байгаа нь харагдана. Тиймээс нэг, хоёрдугаар таван жилийн гавшгайчид одоогийн зарим нэг гавьяатуудтай харьцуулахад гавьяатай хүмүүс.

Хуулийн төсөлд “ударник” гэж оруулсан юм бол яагаад нэг, хоёрдугаар таван жилийн гавшгайчдыг оруулах боломж бий юу?

Төсөлд, “Орон сууцны хөлс төлөхөд хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулж жилд нэг удаа мөнгөн тусламж үзүүлнэ” гэж заасан байна. Энэ заалтын үйлчлэх хүрээг өргөжүүлж, зарим нэг алдар цолтны түлш худалдан авах үнийг чөлөөлж болдоггүй юм уу? Зарим нэг хүнд  орон сууц олгох дарааллыг үл харгалзан эхний ээлжинд олгож болох уу?"

УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:

"Уг хуулийн төсөл нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудыг агуулгын хувьд нэгтгэж байна гэж ойлгож болно. Улс эх орондоо хийсэн бүтээсэн, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, хүндэтгэсний үндсэн дээр нэмэгдэл, хөнгөлөлтийг олгож байгаа юм.

Уг хуулийн төсөл батлагдсанаар ирэх онд 6 тэрбум төгрөгийн нэмэгдэл, урамшууллыг алдар цолтон ахмад настанд олгох юм. 2017 оны төсвийн тухай хуулиар энэ хэмжээний хөрөнгө мөнгийг хуулийн хэрэгжилтэд зориулж төсөвлөсөн учраас санхүүжилтийн хувьд асуудалгүй.

Алдар цолтон ахмад настнуудад олгож буй нэмэгдэл, хөнгөлөлтийн хэмжээ буураагүй, яг хэвээрээ байгаа. Хуулийн төслийн 4,1-д Ахмад настны тухай хуулийн 3,1-д заасан насанд хүрсэн Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн гэсэн томъёоллын дагуу хөнгөлөлт эдэлж байна.

Хөнгөлөлт эдэлж байгаа хэдий ч амьжиргааны түвшинг нь харахаар дийлэнх нь дундаж ба дунджаас дээгүүр түвшинд багтдаг. Амьжиргааны түвшингийн хувьд эдгээр алдар цолтон ахмад настнуудын дийлэнх нь боломжийн амьдралтай байна."  

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа