Баасанхүү.О Энх-Амгалан.Л Оюунчимэг.М 2016.12.20 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ

Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2016.12.20/ хуралдаан 09 цаг 30 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Байнгын хорооны хуралдааны эхэнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Уг төсөлд Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20.1-д заасан хамтарсан баг нь эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар нөхцөл байдлын үнэлгээ хийж, цаашид тухайн хүүхдэд шаардлагатай үйлчилгээний талаар дүгнэлт, зөвлөмж гаргаж, хуульд заасны дагуу тусламж, үйлчилгээ үзүүлнэ” гэж өөрчлөн найруулжээ. Үүнтэй холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцохоор тусгасан байв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Баасанхүү, Н.Номтойбаяр, Б.Гантулга нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Хүүхэд хамгааллын тухай хуульд тусламж, үйлчилгээ авах хүүхдийн 170 мянган төгрөгийн зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад тусгасан байсан. Уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулахдаа энэхүү зардлын асуудал аль салбарын сайдын багцад тусгахыг нь тодорхой байлгахгүй бол, төсөв, хөрөнгөний асуудлыг нь шийдэх эзэнгүй орхигдуулахвий гэдэгт анхаарах шаардлагатай гэдгийг онцолж байв. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хуулийн төслийн ажлын хэсэгт салбарын төлөөлөл байхгүй байж болохгүй гээд яамны төлөөллийг ажлын хэсэгт оруулах горимын санал орууллаа. Ингээд байнгын хорооны  санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал Хууль зүйн байнгын хороонд танилцуулахаар болсон юм.