Аймаг, нийслэлийн хуулийн хэлтсийн дарга нарын сургалт болж байна
2016.11.30

Аймаг, нийслэлийн хуулийн хэлтсийн дарга нарын сургалт болж байна

Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд болж байна.

Энэхүү сургалтыг нээж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт үг хэлсэн юм. Тэрбээр “Хууль бүх иргэдэд албан тушаал, хөрөнгө чинээ, үндэс угсаа ялгаварлалгүйгээр тэгш үйлчилдэг зарчмыг мөрдөхөд анхаарч ажиллах шаардлагатай байна. Хүний эрх, эрх чөлөө зөрчсөн асуудлыг тухай бүр өөрт оногдсон үүргийнхээ дагуу таслан зогсоож, холбогдох байгууллагад мэдэгдэн шуурхай арга хэмжээ авч ажиллах нь нэн чухал шүү. 

Нутаг дэвсгэрийнхээ гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй тогтмол танилцаж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд иргэд, төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх нь ихээхэн үр дүнтэй. Энэ хүрээнд төрийн хууль тогтоомж сурталчлах, хэрэгжилтийг хангуулах ажлыг бүх шатанд сайтар зохион байгуулж, үр дүнг тогтмол тооцох хэрэгтэй байна. 

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагатай хамтран эрх зүйн сургалт, сурталчилгаа, мэдээллийн ажлыг тогтмол зохион байгуулах, тэднийг хамгаалах байр орчин бий болгоход хаа хаанаа анхаарах нь зүйтэй” гэсэн юм.

Үүний дараа “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд яамнаас  хийгдэх ажил, боловсруулах хууль  тогтоомжийн талаар ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг мэдээлэл хийсэн юм.  Энэхүү сургалтаар Захиргааны хэм хэмжээ  тогтоосон акт, Захиргааны хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга,  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл, түүний үзэл баримтлал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар ХЗДХЯ-наас баримталж буй бодлого, Шилэн дансны тухай  хуулийн хэрэгжилт зэрэг сэдвээр илтгэх юм.