С.Бямбацогт: Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлнэ гэдэгт итгэж байна
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт
2016.11.30

С.Бямбацогт: Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлнэ гэдэгт итгэж байна

-Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ёслолын ажиллагаанд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын хэлсэн үг-

Юуны өмнө Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийг үнэнч шударгаар хамгаалах мэргэжлийн болон иргэний өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай, төрийн тусгай албаны шилмэл бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх ажлыг эрхэм зорилгоо болгосон Хууль сахиулахын их сургуулийн удирдлага, эрдэмтэн багш, ажилтан, албан хаагч, суралцагчид Та бүхэндээ хичээлийн шинэ байрныхаа нээлтийг хийж буй энэ баярт өдрийн мэндийг хүргэе Хууль сахиулахын их сургууль нь хууль сахиулах салбарын болон онцгой байдлын албаны хүний нөөцийг мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын зэрэгтэйгээр бэлтгэж ирсэн баялаг туршлагатай, бахархам түүхтэй Монгол Улсын ууган сургуулиудын нэг билээ.

Тус Их сургуулийг төрөөс хууль сахиулах салбарын инновацийн хөгжлийг  тодорхойлон хэрэгжүүлэх үндэсний хэмжээний Их сургууль болгон өргөжүүлэн, хөгжүүлэх бодлого баримтлаж байна.Төрийн бодлого шийдвэрийг ажил хэрэг болгож өнөөгийн Хууль сахиулахын их сургууль болж өргөжихөд тус Их сургуулийн үе үеийн удирдлагын хичээл зүтгэл их байсныг энд онцлон тэмдэглэх байна. Улс орны эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй байгаа ч Та бүхний ажиллах, суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр чамлахааргүй их бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсний нэг нь энэ барилга байгууламж билээ.

Та бүхэн шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх, хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах бодлогыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулах, хэрэгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Эрдэм мэдлэг, шинжлэх ухаан, бүтээн туурвихуйн их хүрээлэн болсон энэ сайхан цогцолборт хууль, шударга ёсны гал голомт ашид мандан бадрах болтугай. Хууль сахиулахын их сургуулийн нийт эрдэмтэн багш, ажилтан албан хаагч, суралцагчид Та бүхэнд дахин баяр хүргэж аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.