Энх-Амгалан.Л 2016.12.20 | Сайт: Vip76.mn

Л.Энх-Амгалан: Компани маркетингийн бодлогоо хэрхэн явуулах тухай хүртэл зааж өгсөн байна

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. 

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан төсөл санаачлагчаас асуулт асуулаа. 

Л.Энх-Амгалан: Бизнест ирэх дарамт нэмэгдэх вий дээ

1. Хуулийн төсөл батлагдсанаар хэд хэдэн эрсдэл үүсэх магадлалтай. Бизнесийн орчныг сайжруулах үүднээс авч хэрэгжүүлэх олон арга хэмжээ, төсөл хөтөлбөр бий. Хувийн хэвшил дэх төрийн оролцоо бусад улстай харьцуулахад өндөр байна.

Жилд нэг байгууллагыг шалгаж буй хяналт, шалгалт их байна. Татвар, мэргэжлийн хяналт, хорио цээр, эрүүл ахуй холбоотой мэдээ, тайлангууд нэхдэг. Энэ нь өөрөө бизнесийн орчныг сулруулдаг.

Тиймээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл батлагдсанаар бизнест ирэх дарамт нэмэгдэх вий дээ гэсэн болгоомжлол байна.

2. Хуулийн төслийг уншихаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай ижил статустай байгууллага байгуулахаар тусгасан байна.

Жишээлбэл, Улсын ерөнхий байцаагчтай байна, орон нутагт байцаагч нар томилно, байцаагч нар хувийн хэвшилд шалгалт хийнэ, хувийн компаниудын хөрөнгийг битүүмжилнэ, шаардлагатай бол хураана гэх зэргээр иргэн, аж ахуйн нэгжийн өмчид халдах заалтууд оржээ.

Эдгээр заалтыг хэлэлцүүлгийн явцад засч, сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

3. Хувийн хэвшлүүдийг үүрэгжүүлсэн заалтууд их байна.  Хувийн компаниуд маркетингийн ямар бодлоготой байх, ямар арга замаар хэрэгжүүлэхийг хуулиийн төсөлд нарийвчлан тусгаж өгсөн нь компанийн дотоод асуудалд оролцсон хэрэг юм биш үү?

Т.Аюурсайхан: Төр компанийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй байх ёстой гэдэг дээр санал нэг байна

"УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн гаргасан саналуудыг үндэслэлтэй гэж үзэж байна. 2016 оныг Монгол Улсын Засгийн газраас “Хэрэглэгчийн жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр 2”-ийг баталсан юм.

Хэрэглэгчийн эрхийг хангах үүднээс эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх зорилтыг Засгийн газар тавьж, тодорхой алхмууд хийж, ААН-үүдийг зүй бус дарамтаас ангижруулах, бизнесийн эрүүл орчин бүрдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

Хувийн хэвшилд давхардсан олон хяналт, шалгалт хийдэг, компанийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй байх ёстой гэдэг дээр санал нэгтэй байна.

Уг хуулийн төсөл батлагдсанаар иргэн, ААН-үүд хариуцлагажна гэж үзэж байна. Тиймээс хэрэглэгчдийн соёл, хандлагыг төлөвшүүлэх чиглэлийн зүйл заалтуудыг ч хуулийн төсөлд тусгасан болно." 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn