Ганбаатар.Ж 2016.12.20 | Сайт: Vip76.mn

Ж.Ганбаатар: Хариуцлага тооцох, торгох зорилготой хуулийн төсөл хэлэлцэн батлах цаг нь өнөөдөр биш

Ж.Ганбаатар: Хариуцлага тооцох, торгох зорилготой хуулийн төсөл хэлэлцэн батлах цаг нь өнөөдөр биш
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар уг хуулийн төсөл нь цаг үеэ олоогүй гэж тодорхойлоод буцаах, засч сайжруулах хүртэл тодорхой хугацаагаар хэлэлцэхийг хойшлуулах санал гаргасан юм. Тэрээр эдийн засгийн хямралтай байгаа энэ үед харицлага тооцох, торгох арга хэмжээ авах зорилготой хуулийн төсөл хэлэлцэн батлах цаг нь биш гэж үзлээ. 

Ж.Ганбаатар: Байцаагч хуулийн зүйл заалт бүрээр ААН-үүдийг шалгах, дарамтлах боломж олгож байна

Өнөөдөр эдийн засгийн хямралаас гарах, бизнесийг хөгжүүлэх, ААН-үүдийг идэвхжүүлэх талаар ярих ёстой. 2003 онд батлагдсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зах зээлийн хэрэгцээ, шаардлагыг хангасан хэвээр байна. Гэтэл олон зүйл заалттай том хуулийн төсөл оруулж ирлээ.

Уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа бол хуулийн үйлчлэлд ЖДҮ хамаарахгүй гэсэн заалт оруулахыг санал болгож байна.

УИХ, Засгийн газраас бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого баримталж байгаа мэт боловч бодит байдалд эсрэгээрээ байдаг. Хуулийн төсөлд тусгаснаар бол 9 зүйл заалтын дагуу 500 гаруй төрлийн торгууль ногдуулахаар байна.

Тухайлбал, “Эрх бүхий байгууллагаас тогтоосон үнийн дээд хэмжээнээс өндөр үнээр бараа, үйлчилгээ худалдахыг хориглоно” гэж заасан байна. Өөрийн үйлдвэрлэгдсэн өртгөөс хэд дахин үнэтэй гар утас зарж чадаж байгаа компани дэлхийд хамгийн шилдэгт тооцогдож байна. Гэтэл Монголд өөрийн өртгөөс давсан үнээр бараа, үйлчилгээг худалдахыг хориглоно гэдэг нь юу гэсэн үг вэ?

Үнэндээ иргэдийг шинээр бизнес эрхлэх хүсэл, сонирхолтой болгох хэрэгтэй. Шинээр бизнесээ эхэлж, хөл дээрээ зогссоны дараа хяналт шалгалт, торгуулийн арга хэмжээ авч болно шүү дээ. Япон улсын хөгжлийн загвараар бол тус хуулийн эрх баригчид хүн бүрийг бизнес эрхлэх сонирхолтой болгосон. Энэ дагуу л улс орноо хөгжүүлмээр байна.Өглөө үүрээр 4 цагт ажилдаа явж, орой 10 цагт тардаг байя.

Уг хуулийн төсөл батлагдсанаар явж явж ЖДҮ-үүдэд л үйлчилнэ. Жижиг, дунд бизнес эрхэлж явсан хүний хувьд захын нэг байцаагч хуулийн зүйл заалт бүрээр ААН-үүдийг шалгах, дарамтлах боломж, нөхцлийг бүрдүүлж байна.

Хууль эрх зүйн орчин ийм байгаа нөхцөлд хүнд шинээр бизнес эрхлэх хүсэл, сонирхол төрдөггүй. Зөвхөн төрийн албан хаагч болж, улмаар дарга болох эсвэл гадаадад гарах сонголт л үлдэж байна.

Цаг үеэ олоогүй хуулийн төсөл гэж үзэж байна. Тиймээс хуулийн төслийг буцаах, засч, сайжруулах хүртэл хэлэлцэхийг хойшлуулах саналтай байна. Миний байр суурийг үүсгэн байгуулсан компаниудтай минь холбон тайлбарлах гээд байх шиг. Үнэндээ миний гол санаа бол торгууль төлөх боломжит эх үүсвэртэй болсон хойно нь үйлдвэрлэл эрхлэгчдэд чанга, хатуу шаардлага тавьж, биелүүлэхгүй бол торгодог болох хэрэгтэй. Өнөөдөр энэ их өндөр торгуулийг төлөх чадвартай аж ахуйн нэгжүүд байна уу?

Т.Аюурсайхан: Хариуцлагаа дээшлүүлж байж хямралыг даван туулж чадна

Хуулийн төсөлд, “Эрх бүхий байгууллагаас тогтоосон үнийн дээд хэмжээнээс өндөр үнээр бараа, үйлчилгээ худалдахыг хориглоно” гэсэн заалт бий. Эрх бүхий байгууллагаас тогтоодог үнэ цөөн.

Улсын үйлдвэрийн газрууд тэр дундаа Эрчим хүчний болон Харилцаа холбоо зохицуулах хорооноос тогтоосон үнийн дээд хэмжээг давсан тохиолдол хэд хэд гарсан учраас энэ асуудлыг хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзсэн.

Өнөөдөр эдийн засаг хямралтай байгаа нь үнэн ч хэрэглэгчдийн эрхийг хамгаалах асуудлыг орхигдуулж болохгүй. Хариуцлагагүй байдлаас үүдсэн хямрал нүүрлэсэн гэж үзэж байна.

Бүх түвшинд хариуцлагаа дээшлүүлж байж хямралыг даван туулж чадна. ААН-үүд хуулийн төсөлд дурдсан зүйл заалтуудыг зөрчихгүйгээр хэвийн үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн үйлчлэлийг хэвээр үргэлжлүүлэх боломжгүй байна. Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 7 улсын байцаагч ажилладаг. Гэтэл хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлийн ТББ-ууд орон нутгуудад өөрийн салбартай. Эдгээр ТББ-д ААН-үүдийг шалгах, торгох эрх байдаггүй. Тиймээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйлсэд ТББ-ыг татан оролцуулах нь зүйтэй.

Өдөр тутам олон зуун хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөж байдаг. Үгсэн хуйвалдаж хууль бус үнэ тогтоодог. Чанар муутай, муудсан бараа бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж, хүн амын эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байна. Иргэд төрөл бүрийн хордлогод орж байна. 

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа